Оюутолгойн хэлэлцээрт С.Баяр, С.Баярцогт нарыг урья!

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хэлэлцээрт С.Баяр, С.Баярцогт нарыг урья!

Оюутолгойн хэлэлцээрт С.Баяр, С.Баярцогт нарыг урья!

Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн Ерөнхий сайдаар үлдэхийг У.Хүрэлсүх хүсдэггүй. Түүхэнд үлдэх том амбицтай түүнд түүхэн боломж гарч ирсэн нь Монголын Засгийн газрын эзэмшдэг Оюутолгойн 34 хувийг “Рио Тинто”-той наймаалцах УИХ-ын даалгавар. Зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Оюутолгойн төсөл хэрэгжээд арван жил болсон, гэрээ батлагдсанаас хойш Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай гурав дахь удаагаа хэлэлцээрт орохоор болж байгаа нь энэ юм. Үнэндээ гэрээ нураах нь гэрээг сайжруулахаас ч амархан байж мэдэх хэцүү, хүнд даалгавар У.Хүрэлсүхэд оногдсон. Өөрөөр хэлбэл, хурандаа У.Хүрэлсүх хэр стратегич болохоо Риотой хийх хэлэлцээрээрээ харуулах ёстой болж байна.

    Оюутолгойн ордод дахин ТЭЗҮ хийх, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах нөхцөлийг Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчид гоёор хэлбэл санал тавьж, муугаар хэлбэл, шахалт үзүүлж буй. Мэдээж, нэг талын 100 хувийн хүсэл, саналаар шийдэгддэг бизнес гэж хаа ч байхгүй. Тэр тусмаа 100 жилийн настай мега төсөл учраас хөрөнгө оруулагчидтай хийх эцсийн хэлэлцээр энэ бас биш. С.Баярцогтын хэлснээр гэрээг байнга засч, сайжруулж явах ёстой. Тэгэхээр гэрээнд өөрчлөлт гарах, бизнесийн аль нэг талын эрх ашиг хөндөгдөх болгонд Монгол Риотой хэлэлцээрийн ширээнд сууж таарна.

Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх талаар гэрээ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Рио Тинтогийн захирал Себастьян Жак мэдээлсэн ч хэлэлцээр тун амаргүй байх нь, Монголын Засгийн газрын тавьсан хүсэлт болгоныг Рио шууд хүлээгээд авахгүй нь ойлгомжтой.  УИХ-аас “Шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах”-ыг У.Хүрэлсүхэд даалгасан. Гэхдээ хөрөнгө оруулагчтай нэг түвшинд нэг хэлээр ярьж чадах, тэдэнтэй ойлголцож зөвшилцөх чадвартай туршлагатай мэргэжлийн монгол экспертүүд Монголын Засгийн газарт хэрэгтэй болно.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд анх батлахдаа УИХ-ын 57 дугаар тогтоолд заасны дагуу 34 хувийг нь Монголын Засгийн газрын үнэгүй эзэмшсэн. С.Баярын Засгийн газарт үүрэг болгосон Д.Дэмбэрэлийн парламентаас гаргасан 57 дугаар тогтоолд “Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай. Анхны хөрөнгө оруулалт нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувь хүргэж нэмэгдүүлэхийг үүрэг болгосугай” гэснээр гучин жилийн дараа 17 хувийг нэмж авахаар гэрээнд тусгасан байдаг. Анхны гэрээнд алдаа, оноо аль, аль нь бий. Олон ч жил Оюутолгойгоор монголчууд улс төр хийж ирсэн. Одоо ч Оюутолгойгоо аваръя, цуцалъя гэсэн хүмүүс ордноор дүүрэн байна.

Гэхдээ сэтгэлийн хөөрөл, зүрхний хийгээр хөдөлдөг, өвчилдөг цаг одоо биш. Тэр тусмаа хэлэлцээрийг сонгуулийн шоу болговол хөлөг онгоцтойгоо живэх эрсдэлтэй. 

Тэгэхээр Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдавга, А.Сүхбат, Х.Болорчулуун, Ж.Батзандан гэх мэт Оюутолгойн гэрээг цуцлах тухай байнга ярьдаг топ популистуудыг хэлэлцээрийн ширээнээс холхон байлгасан Монголд л өлзийтэй.

    Г.Занданшатарын парламент Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталсны дараа Ерөнхий сайд асан С.Баяр олон нийтийн сүлжээнд “Оюутолгойн асуудлыг ҮАБЗ, УИХ-аар хэлэлцэж ажил хэрэгч шийдвэр гаргасан нь сайн мэдээ. Тулсан асуудал дээрээ төрийн ухаан гаргана гэдэг нь энэ. Ирээдүй арай л өөдрөг харагдаад байх чинь… Одоо хэлэлцээрээ амжилттай явуулж, ялангуяа тэр гайт 34%-ийг өсөн нэмэгдэх АМНАТ-аар сольчихвол ч…” хэмээн санал бодлоо хуваалцсан бий.  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн төслийг хөдөлгөж, олон жил сайн муугаар дуудуулж яваа С.Баяр энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр Оюутолгой төслийн гол согог бол 34 хувь гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

С.Баярцогт ч энэ 34 хувийг эргэж харах ёстойг байнга хэлдэг, "Үнэхээр том гэрээ учраас засч, сайжруулах зүйлс гарч таарна.   Бүх  зүйл  эдийн засгийн тооцоон дээрээ үндэслэгдэх ёстой. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод гэрээнд өөрчлөлт гарах болгонд бид нэмэлт гэрээ хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл,  анх 2009 онд гэрээ байгуулж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр нэмэлт дээр өр өгөөжийг бараг тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш баталсан. Тиймээс энэ хуулийг гэрээнд тусгах боломж байгаа эсэх, энэ талаар нэмэлт хэлэлцээр хийгээч ээ" гэж байр сууриа илэрхийлж байв.  Монгол Улс анх удаа бие дааж гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, дэлхийд томд тооцогдож буй  мега төсөл хэрэгжүүлж буй нь  яах аргагүй С.Баяр, С.Баярцогт нарын гавъяа. Тэд өөрсдөө ч Оюутолгой төслийг хөдөлгөж эдийн засгийн болоод Монголын тусгаар тогтнолын баталгаа болсонд бахархаж явдагаа нуудаггүй.

   Арван жилийн өмнө С.Баярцогт хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээнд анх сууж байсантай харьцуулах юм бол У.Хүрэлсүхэд том боломж байгаа нь хувь эзэмшилгүйгээр АМНАТ (рояалти)-ийг нэмэгдүүлэх зарчмаар шийдвэрлэх хууль эрх зүйн орчин  нэгэнтээ бүрдсэн.

        Товчхондоо бол, У.Хүрэлсүх Монголын Ерөнхий сайд уу, МАН-ын Ерөнхий сайд уу гэдгээ харуулах том хэлэлцээрт орох гэж байна.

Хэрэвзээ У.Хүрэлсүх манай, танай гэж туйлшрахгүйгээр асуудалд эрүүл саруул прагматизмаар хандаж чадах юм бол С.Баяр, С.Баярцогт нарыг хэлэлцээрийн ширээнд урих ёстой. 54 хуудас бүхий хөрөнгө оруулалтын гэрээг “а, бэ”-гүй уншиж судалж, Оюутолгой гэх мега төслөөр мэргэшсэн нь С.Баяр, С.Баярцогтоос өөр хэн байх билээ. Тэд анхнаасаа 34 хувийг Монголын Засгийн газар авсан нь буруу гэсэн байр суурьтай явж ирсэн. Гэрээний сайн муу, алдаа оноог сайтар мэдэхийн хувьд С.Баяр, С.Баярцогт хоёрыг ашиглаад Рио Тинтод 34 хувиа зарчихвал У.Хүрэлсүх жинхэнээсээ баатар болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
271
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж