Ажилгүй гэртээ суух ах эгч нарыгаа хараад бодлоо өөрчилсөн

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Ажилгүй гэртээ суух ах эгч нарыгаа хараад бодлоо өөрчилсөн

Ажилгүй гэртээ суух ах эгч нарыгаа хараад бодлоо өөрчилсөн

“Эзэмшсэн мэргэжилдээ тууштай, чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг бол дипломтой байх, үгүй нь хамаагүй.  Дээд сургууль төгссөн л бол сайхан амьдарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Миний хувьд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсандаа баяртай байдаг” хэмээн ярих энэ хүнийг Лхагважавын Чибаяр гэдэг. Тэрбээр Хөвсгөл аймагт мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2016 онд тогооч мэргэжлээрээ төгсч, одоо “Highland  Park Mongolia membership club  рестораны тогоочоор  ажиллаж буй.

Дөрөв дэх жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа түүний хувьд саяхан дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож багагүй туршлага хуримтлуулаад ирсэн нэгэн. Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог  энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохын тулд Монгол ур чадвар хэмээх тэмцээнд тэргүүлж, эрхээ авах ёстой. Энэ жил Казани хотноо 50 мэргэжлээр 1000 гаруй залуус өрсөлдсөн уг тэмцээнд оролцох эрхийг Л.Чибаяр авсан нь энэ юм. Цаашид Хөвсгөл аймагтаа өөрийн нэрийн ресторантай болох зорилго тээж яваа түүнийг сэтгэгдлийг сонсов.

ДЭЭД БОЛОВСРОЛГҮЙ Л БОЛ ХҮН БИШ БОЛЧИХ ЮМ ШИГ ЗАРИМ ХҮМҮҮС БОДДОГ, ТИЙМ БИШ

Л.ЧИБАЯР: 

– Ээжийнхээ мэргэжлийг өвлөж, тогоочоор ажиллаж байгаадаа баяртай байдаг. Миний хувьд Ерөнхий боловсролын сургуульд есдүгээр ангиа төгсөөд л аймгийнхаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч мэргэжлээр 2014 онд суралцахаар элсч 2016  онд төгссөн. Их дээд сургуулийг сонгоогүй шалтгаан нь миний эргэн тойронд их дээд сургууль төгссөн ч ажил олдохгүй байгаа, ажилгүй гэрт байгаа ах эгч нарыгаа хараад л мэргэжил сонголт үйлдвэрлэлийн төвийг сонгоё гэж шийдсэн нь тэр л дээ. Хичнээн дипломтой, эзэмшсэн мэргэжилтэй, дөрвөн жил гаруй сурсан мөртөө ажил олдохгүй, ажилгүй байна гэдэг хэцүү шүү дээ.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бол эхний нэг жил дадлагат гарч, хоёр дахь жилээс ажлын байран дээр ажиллаж, цаашид тогтмол ажилтай болох боломжтой. Гэхдээ тухайн хүний хичээл зүтгэлээс бас шалтгаалах болов уу гэж боддог. Миний хувьд Хөвсгөл травел жуулчны баазаас эхлүүлж, маш их зүйлийг сурч авсан. Анх шинээр ажилд орлоо л бол тогооч болно гэж байхгүй. Төмс арилгаж, шал угаахаас эхэлнэ. Цалингүй байх үе ч бий. Тэглээ гээд одоо надад муудсан зүйл алга, харин ч тогоочийн ёс зүйг мэдэж авсан. Тухайн үед надтай цуг төгссөн үеийнхэнд маань төмс арилгаж, шал угаах олон цагаар ажиллах нь хүнд, үргэлж л ийм ажлыг хийх юм шиг санаж зарим нь шантарсан байх. Миний хувьд эцсийг нь л үзнэ гэж бодсон. Ер нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч төгссөн нь надад их давуу тал болсон.  Өдийд их дээд сургуулийг сонгосон бол үеийнхэнтэй адил оюутан л явах байлаа. Гэтэл би үеийнхнээсээ өрсөөд ажлын байран дээр гарчихсан байна гэлээ.

Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийг 2016 онд тогооч мэргэжлээр 28 хүүхэд төгссөний нэг нь Л.Чибаяр. Түүнтэй адил мэргэжлээрээ амжилттай ажилтай яваа дөрвөн хүүхэд байдаг бол  үлдсэн нь энэ мэргэжлээрээ ажиллаж амьдраагүй. Магадгүй зарим нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн эгнээнд элссэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, хичээж чадвал амжилтад хүрч чаддагийн тодхон жишээ нь энэ. Гэтэл өнөөдөр дээд боловсролгүй л бол хүн биш болчих мэт нийгмийн сэтгэлгээ бий болсон нь асуудлын гол зангилаа болоод буй.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч буй сурагчдаас авсан судалгааны дүнгээр 94 хувь нь Их дээд сургуульд элсэх сонирхолтой гэдгийг илэрхийлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж бий. Гэтэл сургуулиа төгсөгчдийн дийлэнх нь ажилгүйчүүдийн эгнээг тэлж, ядууралд шигдэж буй нь хачирхалтай.Монгол Улсын хөдөлмөрийн насны 130 мянган хүн ажилгүй. Ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэр нэгэн байна. Тэд зарим нь халамжийн мөнгө горилж, нөгөө хэсэг нь гадагшаа гарч амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй, дипломтой ч зөөгч, бармен,  цэвэрлэгч, барилга дээр ажиллах дургүй гээд тоочоод баршгүй олон шалтгаанаар ажилгүйчүүдийн армийг түүчээлж, ядууралд гүн шигдэж байна гэхэд хилсдэхгүй.

Улсын хэмжээнд 93 мянган ажилгүйчүүдийн 32 мянга нь бүртгэлтэй. Үүний 60 хувь нь бас л залуус. Тэдэнд ажил олдохгүй байна уу, эсвэл ажлын байр байсан ч ажиллах  сонирхолгүй байна уу.

АЖИЛ ОЛГОГЧ, ТӨГСӨГЧ ХООРОНДЫН ҮЛ ОЙЛГОЛЦЛООС АЖЛЫН БАЙРНЫ ХОМСДОЛ ҮҮСЧ БАЙНА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны эрхлэгч Ч.ЦОГТБАЯР :

-Бид сүүлийн арван жил Хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгааг гаргаж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажлын байруудыг тодорхойлдог. Өнгөрсөн жилийн судалгаагаар 2019 онд мэргэжлийн боловсрол шаардлагатай ажлын байр эрэлттэй байх төлөв ажиглагдсан. Тухайлбал, барилгын салбарт  17.7 мянган ажлын байр бий болохоор байгаа юм.Ирэх онд бас ийм үр дүн гарах болов уу. Ер нь сүүлийн жилүүдэд ийм үзүүлэлт өндөр байна. Ерөнхийдөө их дээд сургууль төгссөн залуусын хувьд мэргэжлээрээ ажиллах сонирхол илүү байдаг. Мөн цалин өндөртэй, ажлын ачаалал багатай, хамт олны уур амьсгалыг тухайн ажлаасаа хүлээж байдаг. Гэтэл ажил олгогч талаас дөнгөж төгссөн оюутанд өндөр цалин амлаж чаддаггүй. Ажлын ачаалал бага байдаггүй. Хамт олны уур амьсгал нь тухайн оюутан төгсөж ажлын байран дээр гарахаас өмнө бүрэлдсэн байдаг учраас тухайн төгсөгч тухайн байгууллагад нийцэх хэрэгтэй болдог. Энэ мэт зүйлсээс болоод ажлын байран дээр тогтвортой байж чадахгүй байна.Өөрөөр хэлбэл төгсөгч болон ажил олгогчийн хоорондын зөрчилдөөнөөс болоод ажлын байрны хомсдол үүсэх, ажил эрхлэлт хангалттай байж чадахгүй байгаа юм. Мөн тухайн төгсөгчийн төгссөн сургуулийн нэр хүнд ч бас чухал. Жишээ татахад, нэр хүнд тааруу хувийн их дээд  сургууль төгссөн төгсөгчөөс илүү мэргэжлийн боловсрол сургалтын төвийг төгссөн төгсөгчийг ажил олгогч ажилд авах нь илүү гэсэн үг. Нөгөө талаас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт хандаж буй  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо хангалтгүй байдаг. Өнгөрсөн сарын байдлаар 47 мянга орчим ажилгүй иргэн бүртгүүлсэн. Иймд залуус ажилгүй байна гэхээс илүү улсын болон хувийн хөдөлмөрийн биржүүдээр дамжуулан ажилд зуучлуулах эрхтэй хэмээлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгааны дүнгээр 2018 онд төгсөгчдийн 70.2 хувь нь хөдөлмөр эрхэлж, 12.1 хувь нь ажилгүй, 17.7 хувь нь эдийн засгийн идэвхигүй төлөвт байна.  Гэхдээ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн дүнд нийт ажилгүйдлийн төвшин дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гарчээ.Ийнхүү буурсан үзүүлэлт гарсан нь Мэргэжил боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.

Хөдөлмөр эрхлэлтийг сургуулийн төрлөөр ангилбал:

  • Их дээд сургууль төгсөгчдийн 75.2 хувь
  • МБСБ төгсөгчдийн 62.3 хувь нь тус тус хөдөлмөр эрхэлж байна.

Их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын төвийн төгсөгчдийн хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн ажлын хугацаа, сарын дундаж цалин орлого,сургуулийн төрлөөр ангилж үзье:

 

Хөдөлмөр эрхлэлтийг дагаад мэргэжил, боловсрол, сургалтын төвд суралцах залуусын тоо бас тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын тоон мэдээллийг сүүлийн таван жилийн байдлаар авч үзье.

Мэргэжлийн боловсрол сургалт төгсөгчдийн сарын дундаж цалин, орлогыг мэргэжлийн чиглэлээр харвал уул уурхай 883.6 мянга, тээвэр 753.3 мянга, барилга 688.1 мянга, байгаль, орчин аялал жуулчлал  635.8 мянган төгрөгийн цалин авдаг нь бусад салбарын мэргэжлийн төгсөгчидтэй харьцуулахад өндөр байгаа юм. Хамгийн бага сарын дундаж цалин орлоготой нь боловсролын салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчид аж.

Тэгвэл Их дээд сургууль болон Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгссөн төгссөн залуус ажлын байран дээр гараад туршлага эзэмшсэн байдлын харвал Их дээд сургууль төгсөгчдийн 66 хувь, МБСБ-ын төгсөгчдийн  63 хувь нь ажил орсны дараа ур чадвараа эзэмшсэн байна.

Их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчийн 12.1 хувь нь ажилгүй. Сургуулийн төрлөөр нь авч үзвэл нь МБСБ төгсөгчдийн 16.8 хувь нь, ИДС төгсөгчдийн 9.2 хувь нь ажилгүй байгаа нь судалгаагаар ажиглагджээ.  Энэ мэтчилэн Их дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн дунд ялгаа их бий. Хамгийн чухал нь дипломтой биш ур чадвартай тухайн ажилдаа чин сэтгэлтэй байсан нь мэргэжлээрээ ажиллах, амжилт гаргах бүрэн боломж бийг судалгааны дүн хийгээд мэргэжилтнүүд, мэргэжлээрээ амжилттай яваа залуус нотолж байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж