Үхэл нүүрлэсэн К-ПОП ЕРТӨНЦ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

Үхэл нүүрлэсэн К-ПОП ЕРТӨНЦ

Үхэл нүүрлэсэн К-ПОП ЕРТӨНЦ

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын дуу хөгжим, кино урлаг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй сая сая залуусыг байлдан дагуулж, дэлхий ертөнц бараг тэр чигтээ уянгалаг хоолойтой, өөлөх зүйлгүй Солонгос залуусыг даган баясч, хөгжилтэй бас шаналал зовлонтой олон ангит кинонууд нь тэднийг дэлгэцийн өмнө уях болсон билээ.

Харамсалтай нь энэ бүх ололт амжилт, хичээл зүтгэл, нэр хүндийн эзэд тайзан дээр эсвэл дэлгэцэн дээр харагдаж байгаа шигээ аз жаргалтай, сайхан байдаггүй бололтой. Ердөө хоёрхон жилийн дотор нэг улсын, нэг салбарын үе тэнгийн гурван залуу яг л нэг ижил байдлаар амиа алдсан нь энэ салбарт ямар нэгэн зүйл болохгүй байгаатай эвлэрэх цаг болсныг харуулж байна. Энэ бол зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд болсон үйл явдал. Үүнээс өмнө ч энэ зүйл байсаар ирсэн.

Өмнөд Солонгос улс амиа хорлолтоор дэлхийд дээгүүрт бичигддэг . Зөвхөн энтертайнмент салбарт л гэхэд уран бүтээлчдийн 40  орчим хувь нь ямар нэг байдлаар амиа хорлох тухай бодож үзэж байсан тухай тоо баримт байна. Голлох шалтгаан нь хувийн орон зай үгүй болсон, бэлгийн дарамт цахим үзэн ядалт, доромжлолд өртсөн эсвэл авьяас чадварыг нь хүмүүс үнэлэхгүй байх вий гэх айдас байдаг гэжээ.

Өнгөрсөн ням гаригт /2019.11.24/ охидын KARA хамтлагийн гишүүн асан 28 настай дуучин Кү Хара Сөүлийн баячуудын хороолол гэгдэх Гангнам дүүрэг дэх  гэртээ амьсгал хураасан байдалтай олдсон. Түүний үхлийг урьдчилсан байдлаар амиа хорлолт хэмээн дүгнээд байна. Үүнээс сар гаруйн өмнө түүний дотны найз дуучин, жүжигчин Солли удаан хугацаанд сэтгэл гутралтайгаа тэмцсэний эцэст 25 насандаа энэ хорвоог орхихоор шийдсэн юм. 2017 оны арванхоёрдугаар сард хөвгүүдийн Shinee хамтлагийн гишүүн Ким Жон Хюн маш их ганцаардаж, дотроосоо үхэж байгаа тухайгаа бичиж үлдээгээд амиа егүүтгэсэн байв. Мөн 2009 онд тухайн үед жинхэнэ хит болж байсан “Boys over flowers” киноны жүжигчин Жан Жа Ён баячуудын зугаа болох эзнийхээ хүсэлтийг гүйцээхээс залхсандаа хүчирхийлэгдийн уртаас урт нэрсийн жагсаалтыг ил болгоод хорвоог орхисон ч буруутнуудаас хэн нь ч өдийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байгаа юм.

Энэ бүхэн төгс байж чадахгүй л бол хэн ч биш болон хувирч хөсөр хаягдах хувь тавилан хүлээж байдаг урлагийн ертөнцийн бичигдээгүй хуулиас, өөрсдийнх нь хүссэн дүр болгонд хувирч байхгүй бол онлайн орчинд тэднийг хэлэх хэлэхгүй үгээр хараан зүхэх шүтэн бишрэгчдийн хэл амнаас мөн хичнээн авьяас чадвартай байгаад ч баян захирлуудын хүслийг гүйцээхгүй бол хэзээ ч “дээш нь гаргадаггүй” аймшигт хавчлагаас болж байна.

Өсвөр наснаас нь гэр бүл найз нөхдөөс нь тусгаарлан, гар утсыг нь хүртэл хурааж, цаг наргүй бэлтгэл сургуулилтаар дарж, насандаа баймгүй тачаангуй төрх гаргахыг шаардаж, сая саяар нь халаасладаг хэрнээ хэзээ ч тэдний дотоод сэтгэл рүү өнгийж хардаггүй “эзэд” буюу энтертайнмент компаниуд үүнд буруутай.

Уйлан хайлан тоглолтыг нь үзэж, хамтдаа зургаа авхуулж, гарын үсгийг нь авах гэж, тэр ч бүү хэл барааг нь холоос ч гэсэн харахын тулд бие биенээ гишгэх шахам дайрдаг атлаа компьютерийн цаана орохоороо “оддыг” өөрсөдтэй нь адилхан зовж шаналдаг сэтгэл зүрхтэй гэдгийг нь умартаж, хорон үгээрээ зэвсэглэсэн “араатан” болж хувирдаг үл таних үзэн ядагчид ч мөн тэднийг аажим аажмаар боомилсоор байдаг. Үг гэдэг бол хүчтэй зэвсэг. Үгээр хүнийг алж ч болдог, аварч ч болдог гэдэг үг бий. Зөвхөн алдартнууд ч гэлтгүй энгийн амьдрал дээр хүмүүс нэр усаа нууцлан компьютерийн араас бие биетэйгээ хэрхэн хэмлэлдэж байдгийг бид өдөр тутмынхаа амьдралаас харж болно. Цахим сүлжээ хэт хөгжиж, хэн ч хэнээс ч юугаа ч нуух аргагүй болох тэр өдөр рүү хүн төрөлхтөн тэмүүлсээр байгаа нь магадгүй буруу ч юм шиг. Эсвэл техник технологио хөгжүүлэхийнхээ хажуугаар үүнийг даган гарах сөрөг үзэгдлүүдээс хамгаалах арга хэмжээг авах нь зүйтэй болов уу.

“Төгс хүн” байж чадаагүйнхээ төлөө доромжлуулж байсан Солли

Дуучин Солли нас барахаасаа өмнө “online bullying” цахим сүлжээнд бусдыг доромжлох үзэгдлийн бай болж, сэтгэл гутралд ороод байв. Тэрээр энэ тухайгаа өөрийн харьяалагддаг компанидаа мэдэгдэж, арга хэмжээ авч өгөхийг гуйж байсан ч түүнийг авч хэлэлцээгүй байна. Сүүлдээ тэр өөрийн сэтгэл санааны байдлын талаар цахим сүлжээнд нээлттэй хуваалцаж, олон сая хүмүүсээс ирж буй доромжлол, үзэн ядалт түүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсан ч нөлөөлсөнгүй. Ингээд эцэст нь тэр өөрийнхөө амийг егүүтгэх хүнд шийдвэрийг гаргасан байгаа юм.

Тэр нэгэн удаа шүтэн бишрэгчидтэйгээ шууд лайваар уулзахдаа хөхөвч өмсөлгүй цамц өмссөн байсан нь олон хүнийг бухимдуулж, хэдэн зуун үзэн ядсан сэтгэгдлээр “булуулж” байв. Мөн өөр нэг өдөр ойр дотны найзуудтайгаа уулзан согтууруулах ундаа хэрэглэсэн нь түүний гэм болсон байна. Яагаад ч юм хүний ёсноос гажууд үйлдэл хийсэнгүй, хүний нийдэг үйлдлийг л хийснийхээ төлөө тэр олон сая үзэн ядагчтэй болжээ.

Секс бичлэгийн дуулианаас болж сэтгэл зүйн дарамтад орсон Кү Хара

Харин түүний  дотны найз Кү Харагийн хувьд үерхэж байсан залуу нь салахдаа дотно харилцаанд орж буй бичлэгээ цахим сүлжээнд цацаж, урлагийн карьерийг нь дуусгана хэмээн сүрдүүлснээр түүний амьдрал сүүдэртэж эхэлжээ. Удалгүй экс найз залуугийнхаа өмнө сөхрөн суугаад бичлэгийг тараахгүй байхыг гуйж буй Харагийн бичлэг цацагдаж шуугиан тарив.

Түүний цогцсыг гэрээс нь олохоос өмнө инстаграм дээрх зургууд дээр нь түүнийг бичлэг дээр ямар гутамшигтай, ичгүүртэй харагдаж байгаа талаар болон хуучин найз залуутай нь холбоотой таагүй дурсамжуудыг нь сөхсөн сэтгэгдлүүд хөвөрч байсан юм. Гэтэл энэ бүхний гол буруутан экс найз залуу нь бусдыг сүрдүүлсэн хэргээр тэнсэн харгалзах ял аваад өнгөрөв. Кү Хара энэ бүхнээс болж өнгөрсөн тавдугаар сард амиа егүүтгэх гэж оролдоод сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан аж. Ингээд эмчилгээ нь ч дуусч, нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө бүх хар бараан дурсамжаа мартаад урлагийн тайзнаа эргэн ирж байгаагаа зарлаж байжээ.

Сэтгэл гутрал хүйс ялгадаггүй

Нийгмийн сөрөг үзэгдлүүд, сэтгэл санааны хямрал, шоу ертөнцийн адармаатай амьдралын золиос нь зөвхөн эмэгтэйчүүд байсангүй. 2017 онд тухайн үедээ ид шуугиулж байсан хөвгүүдийн Shinee хамтлагийн дуучин Ким жон Хюн амиа хорлолоо гэсэн мэдээлэл өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийг донсолгосон юм.

Талийгаачийн дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болгосон юм.

Захидал дээр “Би дотроосоо үхэж байсан. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгиж байна. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь. Олны танил хүн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Би бүх чадлаараа хичээсэн ч чадсангүй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай" хэмээн бичсэн байв.

Жүжигчин Жан Жа Ёныг захирал нь баян эрчүүдийг зугаацуулахыг шаарддаг байсан

Одоогоос 10 жилийн өмнө жүжигчин Жан Жа Ёныг мөн л амиа хорлосон байдалтайгаар гэрээс нь олсон юм. Түүний үхэл тухайн үед Өмнөд Солонгосын нийгмийн тэр чигт нь донсолгож байлаа. Учир нь тэрээр амиа хорлохоосоос өмнө гэрээслэл бичиж, шоу ертөнцийн амьдралын хамаг бузар булайг дэлгээд хорвоогоос явсан юм. Тэрээр өөрийн гэр бүл болон ойр дотны найзууддаа 50 орчим захиа бичсэн байсан ба менежер нь түүнийг 100 гаруй удаа дарамталж, янз бүрийн үдэшлэг, зугаа цэнгээний газар очиж нөлөө бүхий эрчүүдтэй дотно харьцаанд орохыг шаарддаг байсан тухайгаа бичсэн байв. Түүний захидал дээр улс төр, сэтгүүл зүй, урлагийн салбарын нөлөө бүхий 31 эрэгтэйн нэрсийн жагсаалт байжээ.

Ингээд “Open World Entertainment”-ийн захирал Жан Сок Ву гэгч талийгаач бүсгүй болон өөрийн компанид харьяалагддаг өөр 11 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хоригдсон ч хэрэгт холбогдсон 31 эр одоо ч эрх чөлөөтэй яваа юм. Энэ хэргээс хойш түүний хэргийг дахин шалгахыг шаардсан 600,000 орчим хүний гарын үсэг цугларч, өнгөрсөн гуравдугаар сард талийгаач бүсгүйн найз эмэгтэйчүүдийг уриалан шударга ёсыг шаардан жагссан билээ.

Мөн өнгөрсөн хавар “Big Bang” хамтлагийн гишүүн асан Сэн Ригийн эзэмшдэг “Burning Sun” шөнийн цэнгээний газарт тус улсын нэр нөлөө бүхий эрхмүүд цугларч, олны танил эмэгтэйчүүдээр зугаагаа гаргадаг, биеэ үнэлэлт, хар тамхины уурхай болсон энэ газрын талаар дуулиан дэгдсэн юм. “Burning Sun” клубын нэр ч Жан Жа Ёны гэрээслэл дээр дурдагдаж байжээ. Энэхүү дуулианд олон эрэгтэй уран бүтээлчид холбогдож, тэд цахим сүлжээнд групп чат үүсгэн олны танил эмэгтэй дуучидтай дотно харидцаа үүсгэж, тэдний бичлэгийг нууцаар хийж, хоорондоо дамжуулан үзэж, үг хэлээр доромжилдог байсан ч илчлэгдсэн билээ. Тэд эхнээсээ буруугаа хүлээж, урлагийн салбараас бүр мөсөн гарч, зарим нь хуулийн хариуцлага хүлээгээд байгаа юм.

Эх сурвалж: SCMP

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
144
ХарамсалтайХарамсалтай
36
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
10
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж