Чингисийг тодруулсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Чингисийг тодруулсан уу?

Өнгөрсөн зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд “Чингис хаан тодруулах ёслол”-оо сүр дуулиантайхан хийсэн И.Мөнхсаруул гэгч эмэгтэй ээлжит мөнх тэнгэрийн үйлээ нам гүмхэн гүйцэлдүүлжээ.

Өмнөх үйлийг нь олон нийт багагүй шүүмжлэн хүлээж авсан нь нөлөөсөн үү, эсвэл цаанаас нь тодрох гэсэн нууц “Чингис” хаан “Намайг нам гүм байдлаар тодруул” гэж үүрэгдсэн үү, ямартай ч тэр өмнөх шигээ хэдэн зуун сая төгрөг зарцуулж, түүнийгээ ЕТV телевизээр төлбөртэйгөөр цацан, олон нийтийн анхаарлыг татсан том арга хэмжээ зохион байгуулсангүй.

Энэ эмэгтэй өмнө нь зургадугаар сарын 28-нд “Чингис тодруулах ёслол” гээчийг зохион байгуулсан ч шалтгаангүйгээр эзэн хааныгаа тодруулалгүй хойшлуулсан бөгөөд үүнийгээ “Эзэн хааны таалан буусангүй” гэж тайлбарлан, арга хэмжээгээ өндөрлүүлж байв.

Эсвэл “Чингис”-ээр тодрохоор И.Мөнхсаруулд захиалга өгч, өч төчнөөн мөнгө зарцуулсан хүн олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлээс ичиж айсан уу, ямартай ч есдүгээр сарын 22-ны өдөр тодрох нь зөв гэж үзсэн үү, бүү мэд.

Юутай ч И.Мөнхсаруул болон эзэн богд Чингис хаанаар тодрох гэсэн хэн нэгэн нөхөр хоёр хамтран мөнх тэнгэрийн үйл гээчийгээ өчигдөр үйлдэж, олон нийтийн нүднээс далд, нууцхан байдалд хийсэн гэнэ.

Ёслолд түүний дайчин цагаан Дарь эхүүд, эрдэмт мэргэн бурхад, эрч хүчтэй, ариун дагшин хутагт найман гэгээнтэн, Тэмүүжинд өгөх төгс таван хатан нь оролцсон гэх. Харин Чингис тодорсон эсэх тодорхойгүй, тодорсон бол ямар хүн Чингис болох нь нууц хэвээр үлдэж байна. Хэн хэн Дарь эх болсон, Тэмүүжинд өгөх төгс таван хатан нь хэн бэ гэдгээ бас л нууж байгаа аж. Энэ талаар өөрийгөө Чингисийн үр удам гэдэг хунтайж П.Даваанямаас тодруулахад “Дуулаагүй, мэдээгүй” гэв.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж