Сар гаруйн өмнө осгохгүйн тулд шалаа түлж буй айлын талаар бид сурвалжлан хүргэж байсан. Айлын эзэн дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Д.Цэцэгбадам ойн инженер мэргэжилтэй боловч хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Зургаан жилийн өмнө нөхрөө алдаж, хөлд ороогүй бяцхан үрээ энгэртээ тэвэрч, гурван хүүхдээ хөтлөөд үлдсэн. Хадам ээждээ хөөгдөж, одоо айлын хашаанд толгой хоргодож яваа. Бурхан гэж байдаг бол бидэнд туслаасай хэмээн залбирч суусан түүний амьдралыг бид ямар ч нэмэлт хачиргүй хүргэж байлаа. Түүнд өргөө цагаан гэр бэлэглэж, олон хүн сайхан амьдрахыг ерөөсөн. Одоо Д.Цэцэгбадамын амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн сурвалжиллаа.
Шар хадны эцсээс цааш нэг километр гаруй яваад Д.Цэцэгбадамын шинэ гэрт очлоо. Хашаанд шив шинэхэн гэр барьжээ. Гэрийн үүд цоожтой, тэнд хүн амьдрахгүй байгаа нь илт. Тиймээс шалаа хөрөөдөж түлж суусан хуучин гэрт нь очлоо. Тав тухгүй, хүйт даасан гэртээ хүүхдүүдийнхээ хамт амьдарсан хэвээр. Хаяанд нь тал шуудай сайжруулсан түлш харагдана. Гэр зэврүүн, гадаа хүйтэн байхад галаа түлэхгүй байгаа шалтгааныг нь асуувал “Манайх өглөө, оройд түлдэг. Одоо унтахаараа галлана” гэв. Ямартаа ч түлэх нүүрстэй, идэх хоолтой болж. Хүмүүс тэднийд гурил, будаа, тос өгчээ
Хүүхдүүд авсан шинэ хувцасаа гайхуулан, зөндөө их амттан идсэн тухайгаа ам уралдан ярив. Бүгд өвлийн шинэ куртик, гуталтай болсон гэнэ. Тэдэнд Д.Цэцэгбадамын арван жилийн ангийнхан, Нарантуулын наймаачид, хувь хүн, албан байгууллагууд гээд чадах ядахаараа л туслажээ. Онцгой байдлын Ерөнхий газрын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид цоо шинэ цоохор гэр бэлэглэж, бүр хашаанд нь барьж өгч. Бас болоогүй хүүхдүүдийнх нь хэрэгцээнд зориулж 300 мянган төгрөг хүртэл хандивласан байна. Энэ мөнгөөр том охиндоо хэрэгтэй байсан биеийн тамирын хослол, барзак гутлыг нь авч өгчээ.
Одоо тамирын хичээлдээ ороход айлтгүй болсон гээд охин сэтгэл хангалуун ярьж байв. Харин Д.Цэрэнбадамтай бага зэрэг хууч хөөрөв.
-Танайхыг шинэ гэртээ дулаан өвөлжиж байгаа гэж бодлоо. Яагаад хуучин гэртээ амьдарч байгаа юм бэ?
-Манайх айлын хашаанд амьдарч байгаа. Сар бүр түрээс төлдөг. Уг нь хорооны Засаг дарга бидэнд газар өгнө гэсэн юм. Гэхдээ хавар дулаан болохоор хаягжилттай болгоод газар өгөх юм шиг байна лээ. Тэр хүртэл хуучин гэртээ амьдрахаар шийдсэн. Хавраас өөрийн гэсэн хаягтай, газартай болчихоод шинэ гэртээ амьдралаа шинээр эхэлнэ гэж бодож байгаа.
-Тэгэхээр цементэн шалтай гэртээ өвөлжихөөр болсон гэсэн үг үү, доороосоо жиндэх биш үү?
-Хүүхдүүдийн хичээл хийж, телевиз үзэх хэсэг дээр дэвсгэр зузаалчихсан байгаа. Гайгүй биз дээ. Угаасаа манай хүүхдүүд даараад, бээрээд байхгүй, чийрэг өсчихсөн.
-Шинэ гэрээ хэзээ хашаандаа буулгав, хэн барьж өгөв?
-Онцгой байдлын газар гэр өгсөн өдрөө л хашаанд буулгасан. Тэгээд барьж бэлэн болгоод хүлээлгэж өгөөд явсан даа. Манай арван жилийн ангийнхан хайрга худалдаж аваад шал доор дэвсэж өгсөн юм. Ороход уг нь бэлэн л дээ.
-Хүмүүс таныг шинэ гэрээ зарчих вий гэж хардаж байсан?
-Яалаа гэж дээ. Танай бичсэн нийтлэлийн доор хүмүүс зараад уучихна даа гэж бичсэн байна лээ. Би зараагүй л байгаа биз дээ. Шинэ хашаанд, шинэ амьдралаа эхлүүлнэ гэж би хэллээ. Тэр болтол байж л байг. Хүмүүс бидэнд их тусласан.
Нэг эмэгтэй бүр хоёр том гахай холтос хүртэл авч ирж өгсөн. Зарим нь нойлын цаас, шүдний оо, саван, бок гээд ахуйн хэрэгцээ аваад ирнэ. Хүүхдүүдийнхээ хуучин хувцас, тоглоом, чихэр, жимс өгнө. Шуудай гурил, будаа, тос гээд их тусладаг юм байна. Онцгой байдлын газраас та нар яаж байна, даарч байна уу гээд утсаар ярьдаг юм. Тэгээд хэд хоноод арван шуудай нүүрс авч ирнэ.
Ихээр авч болохгүй шүү дээ. Манай арван жилийн ангийнхан надад газар үзүүлэхээр Улаан-Үүд рүү аялалд үнэгүй авч явна гэсэн. Гадаад паспортоо гаргуулчихсан байгаа. Би харин хүүхдүүдээ орхиод яаж явахаа мэдэхгүй л байна.
-Авсан зээл нь дууссан уу, одоо ямар мөнгөөр амьдарч байна?
-Дууссан. Одоо сар бүрийнхээ тэжээгчээ алдсан мөнгө, хүүхдийнхээ мөнгийг авна.
Ямартаа ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар Д.Цэрэнбадам орон оронтой болсон. Тэрбээр шинэ гэртээ шинэ амьдрал эхлүүлэх мөрөөдлөө тээсээр амьдарч явна.
Холбоотой мэдээ