Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор А.Саулегүлтэй ярилцлаа.
-Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VI чуулган ирэх арван хоёрдугаар сард болохоор товлогджээ. Уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Монголын залуу эрдэмтдийн холбоо үүсгэн байгуулагдаад 15 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Залуу эрдэмтдийн үндэсний чуулганыг дөрвөн жил тутамд зохион байгуулж ирсэн. Бид сүүлийн чуулга уулзалтаа 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хийж байсан бөгөөд энэ жилийн хувьд VI чуулга уулзалтаа МЗЭХ үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулж арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлон, Чуулганы ажлын хэсэг томилогдож зохион байгуулалтын ажлаа хийж байна. Энэхүү чуулга уулзалтанд нийт 300 орчим залуу эрдэмтэн, судлаач төлөөллөөр оролцоно. Бид 2015 онд V чуулга уулзалтаа Төрийн ордонд 800 гаруй залуу эрдэмтэн судлаачдын оролцоотой хийж байлаа. Энэ удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тоог багасгасан гол шалтгаан бол өнгөрсөн есдүгээр сард Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал зохион байгуулагдсан, уг их хурлаар тодорхой асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг хийгдсэн, эрдэмтэн судлаачдын зүгээс санал зөвлөмжөө шийдвэр гаргах түвшинд хүргэсэн байдаг юм.
-Чуулга уулзалт залуу эрдэмтдийн хүрээнд болох учраас тулгамдаж буй асуудал болон цаашдын зорилгоо тодорхойлох болов уу?
–Энэ удаагийн чуулга уулзалтын нэрийг “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” гэж тодорхойлсон. Тулгамдаж буй асуудлуудаар Шинжлэх ухааны ажилтны анхдугаар чуулган дээр нилээдгүй өргөн цар хүрээтэйгээр хэлэлцэж, УИХ, Засгийн газрын түвшнээс бүр Мэргэжлийн холбоод, Иргэний нийгмийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргаж, хүргүүлсэн байдаг. Энэ зөвлөмжийг дагаж Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 379 тоот тогтоол гарч хэрэгжиж эхлэж байгаад хувь судлаачийн хувьд баяртай хүлээж авч байгаа. Тиймээс бид чуулга уулзалтаараа залуу эрдэмтдэд тулгамдаж буй асуудлууд гэхээсээ илүүтэй залуу эрдэмтдийн зүгээс дуу хоолойгоо нэгтгэж, шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшил, нийгэмд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэгт анхаарлаа түлхүү төвлөрүүлэх нь зүйтэй болов уу гэж ярилцаж, чуулганы хөтөлбөрөө гаргалаа. Чуулга уулзалтаар дөрвөн чиглэлд салбар хуралдаанууд зохион байгуулахаар төлөвлөсөн. Чуулга уулзалтаар 4 салбар хуралдааны хүрээнд ОУ-ын болон МУ-ын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага; Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Цахим хувьсгалын үзэл баримтлал, тэдгээрийг угтан хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэх юм. Түүнчлэн и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг түгээх, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, мэдлэгийг хэрэглээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, шийдлийг эрэлхийлэхийг зорьж байгаа бөгөөд эцэст нь Тогтвортой хөгжлийн бодлого болон МУ-ын богино, дунд, урт хугацааны бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах асуудлуудыг хэлэлцнэ. Чуулганы салбар хуралдаан бүрээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох төрийн, олон улсын болон бусад оролцогч талуудад зөвлөмжөөр хүргүүлнэ гэж төлөвлөж байна.
-Монголын залуу эрдэмтдийн холбоо үүсгэн байгуулагдаад 15 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд нийгэмд нөлөөлөхүйц ямар ажлууд өрнүүлж, бас дуу хоолойгоо хүргэсэн бэ. Шинэчлэгдсэн зүйл бий юу?
–Монголын залуу эрдэмтдийн холбоо долоон салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Салбар бүрт хувь эрдэмтэн, судлаач бүр өөр өөрийн ажил үүргийнхээ дагуу ажиллаж, Монгол улсын шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулж яваа бөгөөд тэдний амжилт бүрээс онцлон яривал урт яриа болох байх. Манай залуу эрдэмтдийн холбооны брэнд болсон олон үйл ажиллагаа бий. Үүний нэг нь “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр жил бүрийн аравдугаар сард уг хурлыг долоон салбараараа зохион байгуулдаг уламжлалтай. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жил бүрийн тавдугаар сард “Best paper awards” гэсэн нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг магистр, докторын түвшний оюутнуудад зориулан англи хэл дээр зохион байгуулж байгаа. Энэ хурлын гол зорилго бол залуу, эрдэмтэн судлаачдыг эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлүүдээ олон улсад нийтлүүлэхэд зөвлөмж, дэмжлэг үзүүлэх юм. Шинжлэх ухаан гэдэг бол багийн ажил байдаг. Зөвхөн тухайн өөрийн ажиллаж буй салбараар хязгаарлагдалгүй залуу эрдэмтэд аль болох нэгдэж ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарч ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд гээд яривал ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох, мөн шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээллийг таниулан сурталчилж ажилладаг.
-Хуралдаж, ярилцснаараа амьдралд бодитой шийдвэр гаргадаггүй, ажил хэрэг болж хэрэгжсэн нь цөөн гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилдэг. Үүнтэй та хэр санал нийлэх вэ?
-Энэ тухай бүхий л салбарт ярьж байна. Бид хурал хийснээрээ хөгждөг бол хөгжих боллоо гэж шүүмжилдэг л дээ. Гэвч бусад улс орнуудын аливаа бодлогын бичиг баримтын хэлэлцүүлгийн үйл явцыг харьцуулаад үзэхэд бидний хийгээд байгаа хурал, уулзалтуудын тоо тийм ч их биш. Тухайлбал би өөрийн ажилладаг усны салбарыг жишээ болгоод үзэхэд Испани улсын Эбро голын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах явцдаа нийт 124 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг олон жилийн хугацаанд хийсэн байдаг бөгөөд эцэст нь тухайн бичиг баримтанд бүх талуудын үзэл санаа тусгагдсан, бичиг баримтанд хийгдсэн хянан засвар бага, олон нийтийн мэдлэг мэдээлэл маш сайн нэмэгдсэн байдаг. Үүний нэгэн адил шинжлэх ухааны ажлын үр дүн ч урт хугацаанд харагддаг. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчилэн энэ хурал, цуглаан бүрт тодорхой үр нөлөө байж байдаг. Харин аль болох хурлын зардалаа багасгах, явцын уулзалт хурлуудыг цахимаар хийх, санал зөвлөмжөө цахимаар хүргэхэд анхаарах нь зүйтэй болов уу.
-Та залуу эрдэмтдийг төлөөлж байгаагийн хувьд манай улсын шинжлэх ухааны салбар дэлхийтэй хөл нийлүүлж чадаж байна уу. Эсвэл царцанга байна уу?
-Дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж байгаа салбар ч байна, араас нь алхаж байгаа нь ч бий. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг, жишээ нь судалгаа шинжилгээ явуулах лабораторийнн хүчин чадал.Дэлхийн шинжлэх ухаанд хөл нийлүүлж буй манай олон олон залуу эрдэмтдийн төлөөлөл байдаг. Тэдний ихэнхи нь харин хөгжингүй улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Тэдний хувьд цалин, нийгмийн хангамжаас гадна судалгаа шинжилгээ хийх нөхцлөөр бүрэн хангагдсан орчинд ажиллаж байгаа болохоор зөвхөн судалгааны ажилдаа төвлөрөн ажиллаж, төдий чинээ ажлын үр дүн нь гарч, олон улсад танигдаж байдаг. Ийм орчин, нөхцлийг Монголдоо бүрдүүлж, дорвитой өөрчлөлтийг тодорхой үе шатуудаар гаргаж өгөх тохиолдолд бид дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй салбар бүрт хөл нийцүүлэн алхах боломжтой болох юм. Өөдрөгөөр хэлэх зүйл гэвэл дэлхийн улс орнуудын нэгж хүн амд гаргаж байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тоогоор, чанараар манай эрдэмтдийн бүтээл чамлахааргүй. Тиймээс эрдэм шинжилгээний ажлаа амжилттай хийх нөхцөл, бололцоогоор хангасан байхад үр дүн богинохон хугацаанд харагдах болов уу гэж боддог .
– Монголын шинжлэх ухааны салбар хөгжих үндсэн тулгуурын нэг нь дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа залуу эрдэмтдээ эх орондоо авчрах, тэдэнтэй хамтран ажиллах гэх саналыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Рэгдэл гуай өмнө нь хэлж байсан. Ийм боломж хэр байна вэ?
–Монгол улсын Засгийн газар өмнө нь гадаадад амьдарч буй боловсон хүчин, залуу эрдэмтэн, судлаачдаа эх орондоо авчрах, хамтран ажиллах “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Гэвч тийм ч үр дүнтэй болоогүй. Тэдгээр залуус маань эх орондоо ирсэн боловч ихэнхи нь төд удалгүй буцсан. Бид тэднийг авчрах нөхцөл, хөрсийг нь судалгаанд тулгуурлан бүрдүүлж чадвал салбар бүрийн эрдэмтэн залуус аажим аажмаар эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болов
-Гадаад харилцаагаа тэлэх бодлогын хүрээнд гадны эрдэмтэдтэй хэр их хамтарч ажилладаг вэ?
-Хөрш хоёр орны Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудийн эрдэмтэдтэй хамтран ажиллахаас гадна АНУ, ХБНГУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, хамтарсан судалгаа шинжилгээний ажлын үр дүн олон улсад танилцуулагдсаар байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ