Хүүхэд болгон сурах эрхтэй. Энэ бол Үндсэн хуульд зааж өгсөн хүний эрхийн нэг. Гэвч, сургуулийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Тэнд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг хүүхдэд ээлгүй орчин хэвээр байна. 2002-2017 оны хооронд хийгдсэн судалгаанаас харахад Монгол Улсад 13-15 настай эмэгтэй хүүхдүүдийн дунд бие махбодын халдлага, дээрэнгүйлэлд өртсөн үзүүлэлт нэмэгджээ. Сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийн 22 хувь нь сэтгэл зүйн, 20.9 хувь нь бие махбодын, 3.3 хувь нь бэлгийн хүчирхийлэл байгаа бөгөөд эдгээр хүчирхийллийн 15.4 хувь нь сурагчдын гаднах төрх, үзэмжээс, 3.4 хувь нь арьсны өнгө, үндэс угсаа, гарал үүслээс, 1.6 хувь нь шашин шүтлэгээс шалтгаалсан байна. Бие махбодын хүчирхийлэл хөвгүүдэд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байгаа үзүүлэлттэй гарчээ.
Сурагчдын харилцаа, сургуулийн орчинд хамгийн их нөлөөлдөг хүн бол багш. Харамсалтай нь, Монголын багш нарын хандлага, ёс суртахуун сургуулийн орчин дахь хүчирхийлэл, гадуурхалтыг өдөөж өгдөг хүчин зүйлс болсоор. Цалин хөлс муутайгаа байнга гомдоллодог багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын "хорт хавдар" хэвээр байна. Ялангуяа улсын сургуулиудад багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Бага ангийн хүүхдүүдийн хувьд гол үлгэрлэл дууриал авдаг хүн нь багш байдаг. Багш нь хэн нэгнийг гадуурхвал сурагчид даган дуурайдаг. Тиймээс багш нарын харилцаа хандлагыг үндсээр нь өөрчлөхгүй бол сургуулийн орчин дахь хүчирхийлэл улам томорсоор байна.
НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ БҮТЭН ЖИЛ АНГИЙНХАА ХҮҮХДИЙГ ДАРАМТАЛЖ, ГАР ХҮРЭВ ҮҮ ?
Өнгөрсөн Баасан /2019.11.25/ гаригт Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш О нь ангийнхаа хүүхдийг бүтэн жилийн турш дарамталж гар хүрдэг байсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Бид хэрэг явдлыг тодруулахаар нэгдүгээр сургууль дээр 13.00 цагт очиход тус сургуулийн нийгмийн ажилтан, ангийнхаа хүүхдэд гар хүрсэн гэх багш аль, аль нь байсангүй. Улмаар багш нарын өрөөнд амарч буй багш нараас үнэн бодит тэнцвэртэй мэдээллийг авах гэсэн боловч ”Аль намар л гарсан хэрэг шүү дээ” хэмээн ундууцан тайлбар өгөх нь бүү хэл өрөөнөөс хөөх нь тэр. Аль намар энэ зохисгүй явдал болсон ч одоо хүртэл багш ямар нэгэн хариуцлага хүлээлгүй ажлаа хийсэн хэвээр байна. Гэтэл үүний цаана хүүхдийн сэтгэл зүйд ямар том толбо үлдэж буйг хэн ч авч хэлэлцээгүй бололтой.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр багшдаа зодуулсан хүүгийн ээж нь мөн тус сургуулийн гадаад хэлний багшаар ажилладаг. Тиймээс өнгөрсөн аравдугаар сарын 21-ны өдөр нэгдүгээр сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж хүүхдийнхээ ангийг солиулж, мэргэжил нэгт багшийн хэргийг олон нийтэд мэдээлэлгүй өнгөрчээ. Ангийнхаа хүүхдэд гар хүрсэн гэгдээд байгаа багш О нь нэгдүгээр сургуульд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд ааш, араншингийн хувьд ширүүн хүн биш хүүхдэд гар хүрч байхыг нь лав хараагүй хэмээн зарим багш нар хэлж байсан юм.
ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД ОРТОЛ ЗҮҮН ХАЦАР НЬ ХӨХРӨӨД ЦУС ХУРСАН БАЙСАН
Багшдаа зодуулсан хүүгийн ээж С нь сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлд “Хүү минь өнгөрсөн 2018 онд нэгдүгээр ангиа төгссөн. 2018 тавдугаар сарын 9-ны орой хичээл тарах үед О багш над руу залгаад би хүүг чинь хичээл хийхгүй болохоор алгадсан шүү. Бусад хүүхдүүдийг бас айг гэж бодоод нэг ингэхээр хүүхдүүд өөр болчихдог” гэж хэлэхээр би тухайн үед багшийнхаа үгэнд ороогүй болоод ганц удаа алгадуулсан юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. Хэдэн минутын дараа хүүгээ гарч ирэхгүй болохоор нь хувцас солих өрөөнд ортол зүүн хацар нь хөхрөөд цус хурсан байсан. Багш ийм болгосон гээд надад хэлэлгүй шөнөжин халуурч хоносон. Би О багш руу ч утасдаж ийм байдалд хүрсэн талаар мэдэгдсэн. Миний хүү надад 2019 оны аравдугаар сарын 20-ны өдөр энэ үйлдэл нь нэг удаагийнх бус бүтэн жил үргэлжилсэн болохыг хэлсэн…” хэмээн бичжээ.
“Нэгдүгээр сургуулийн багш ангийнхаа хүүхдэд гар хүрдэг байжээ” гэх мэдээлэл цацагдсан даруйд тус сургуулийн удирдлагууд хуралдан дээрх мэдээллийг хэн нэгэн нь зорилготойгоор цацсан гэх дүгнэлтэд хүрчээ. Тус сургуулийн нийгмийн ажилтан “Өргөдөл гаргасан эмэгтэй хүртэл хүнд байдалд орчхоод байна. Бид хүүхдэд гар хүрсэн багшид тухайн үед нь хариуцлага тооцсон. Цаашид манай сургуулийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхгүй. Шаардлагатай гэж үзвэл бид хэвлэлийн бага хурал хийнэ ” гэж дүрэмдэв. Нэг дор, нэг сургуульд хамт ажилладаг багшийнхаа хүүхдийг зодож байгаа багш бусдын хүүхдийг зоддоггүй гэх баталгаа бий юу.
БСШУСЯ-ААС СУРАГЧДАА ГАР ХҮРСЭН БАГШИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН
Эргэн сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч багшдаа зодуулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд элэг нь бяцарч дотроо хоёр газар буглаа үүсэн идээлсэн гэх оноштойгоор хагалгаанд орсон байдаг.
Б.Бат-Эрдэнэ хүүгийн анги даасан багш эмэгтэй нийгмийн ухааны хичээл заадаг. Тухайн өдөр Б.Бат-Эрдэнэ найзынхаа хамт тамхи татаж байгаад багшдаа баригдснаас болж элгээ бяцартал цохиулсан байдаг.
Хүүгийн ар гэрийнхний зүгээс “Хүүд маань гар хүрсэн багшийг буруутгахыг хүсэхгүй байна. Хүүд маань ч гэсэн буруу байгаа. Бидний үед багш нь сурагчдаа гар хүрдэг байсан гэхдээ арай л хэтрүүлсэн. Хүүгээ зөвтгөөд багшийг буруутгахгүй” гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тухайн багш хүүхдэд гар хүрсэн нь ёс зүйн хариуцлага хүлээх үйлдэл мөн гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн билээ.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрны 11 настай Х өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сургуулиасаа гэнэт алга болсон нь бас л багштай нь холбоотой байв. Багш бүсгүй сурагчаа тооны машины хулгайд гүтгэж, ангийнхных нь өмнө доромжилсноос болоод охин сургуулиасаа оргосон байдаг. Энэ бол бидэнд ил болсон жишээнүүд. Үүний цаана багшдаа доромжлуулж, зодуулж, сургуулийн орчны хүчирхийлэл, гадуурхалтад өртөж яваа хичнээн сурагч байгааг хэлэхэд хэцүү. Учир нь сургуулийн орчин дахь хүчирхийллийг хүүхдүүд хэлэхээсээ илүү нуудаг. Эцэг эхчүүд энэ тухай мэдлээ хүүхдээ дахин хүчирхийлэлд өртөхөөс эмээж хэл ам гаргахыг хүсдэггүй. Эцэг эхчүүдийн энэ хүлцэнгүй байдал багш нарыг улам давраадаг бололтой. Иймээс багш нарыг цалинжуулахдаа ур чадварын болоод харилцаа, хандлагыг нь авч үзэх цаг болжээ.
ИХ СУРГУУЛИЙН БАГШ ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгасан юм. Ингэхэд,
- 57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,
- 35 настай их сургуулийн багш ажилтай С нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны долоон хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлдсэн байдаг.
Ямартай ч хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй Монголын багш нарын гадуурхалт, хүчирхийлэл хэзээ ч тэвчиж боломгүй асуудал болсон. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үгтэй. Багшдаа зодуулж, дарамтлуулж яваа хичнээн хүүхэд сурах эрмэлзэлгүй, үүнээсээ болоод сэтгэл гутралд орж явааг хэн мэдэх билээ.
Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг дээ. Хүчирхийлэгч багшийн гараар төлөвшсөн хүүхэд хэн болох вэ. Тиймээс Ардын багшаас айж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ