Хүүхэд сурч, хүмүүжихэд сургуулийн орчин хамгийн их нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сургалт сайтай, гадаад хэлний давуу талыг бодолцож Кембрижийн хөтөлбөртэй гэх хувийн дунд сургуулийг сонгох нь элбэг. Тэдний энэ хүсэл дээр дөрөөлөн, монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын сургалтын жилийн төлбөр тэнгэрт хадсан өндөр үнэтэй гэхэд хилсдэхгүй. Эгэл жирийн иргэн бүх насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хоёр өрөө байрны мөнгөөр ийм сургуульд нэг хүүхэд ганцхан жил сургаж байна. Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг. Гэтэл дэлхийн шилдэг сургуулийн нэг Оксфордын Их сургуулийн жилийн төлбөр 53 сая төгрөг байгаа юм.
Энэхүү нийтлэлээр бид дэлхийн боловсролыг хүүхдэдээ олгох гэсэн эцэг эхчүүдийн хүслийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ Кембрижийн хөтөлбөртэй хэмээн өөрсдийгөө рекламддаг сургуулиуд үнэхээр Кембрижийн хөтөлбөрийн тусгай зөвшөөрөлтэй юу гэвэл үгүй. Кембрижийн сургалтын онцлог, гол тавьдаг шаардлага нь бүх хичээлийг англи хэл дээр, дээд түвшинд заах, сургах явдал байдаг. Ийм багш нар тэгээд Кембрижийн хөтөлбөртэй сургууль бүрт хичээл зааж байна уу гэвэл бас л үгүй.
КЕМБРИЖИЙН СТАНДАРТ МОНГОЛД ЯАГААД
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ 10-11 сард олон улсын хөтөлбөртэй сургууль болон Кембрижийн хөтөлбөртэй гэх ЕБС-дад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад,
- Ерөнхий боловсролын Орхон Хасү сургууль,
- Сакура сургууль,
- Жет сургууль,
- Орчлон сургууль,
- Сингапур скүүл оф монголиа сургууль,
- Бритиш сургууль,
- Улаанбаатар-Элит олон улсын сургууль,
- Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль,
- Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль,
- Тэрэлж боардинг гэхчлэн арван сургуулиуд хамрагдсан байна.
Кембрижийн хөтөлбөртэй хэмээн өөрсдийгөө рекламдах дээрх сургуулиудаас МХЕГ-ын шалгалтаар "Бритиш", "Орчлон", "Орхон Хасү", "Улаанбаатар-Элит" олон улсын сургуулиуд Кембрижийн хөтөлбөрийн албан ёсны эрхтэй байсан бол үлдсэн зургаан сургууль шалгалтад бүдэрчээ. Эдгээр зургаан сургууль нь ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь олон улсын хөтөлбөртэй, Кембрижийн хөтөлбөртэй гэж нэрлэн эцэг эхчүүдийг хуурсан болж таарч байгаа юм.
Тухайлбал, "Сакура" сургууль Япон хүмүүжил, Америк хөтөлбөртэй, "Сингапур скүүл оф монголиа" сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын "Жэт" сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, "Тэрэлж боардинг" сургууль англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч аль аль нь албан ёсны зөвшөөрөлгүй аж.
Тэгвэл дээрх сургуулиудын ахлах ангийн жилийн төлбөрийг авч үзье. "Сакура" сургуулийн ахлах ангийн төлбөр 9.500.000 төгрөг, "Сингапур скүүл оф монголиа" сургууль таван сая, Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль 22 сая төгрөг, "Улаанбаатар-Элит" олон улсын сургууль 11 сая 300 мянган төгрөг, Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг байх жишээний.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургуулиуд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Английн Кембрижийн их сургуулиас франчайз хэлбэрээр зөвшөөрөл авч давхар Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Харин ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газар олгодог байна. Кембрижийн хөтөлбөр мундаг уу, гэвэл мундаг. Учир нь энэ стандартын үнэлгээнд тэнцсэн сурлагатай сурагч дэлхийн алдартай их, дээд сургуульд шууд суралцах боломжтой юу гэвэл боломжтой.
Тэгвэл хамгийн харамсалтай нь Кембрижийн хөтөлбөрийн албан ёсны зөвшөөрөлгүй дээрх зургаан сургуулийг төгссөн хүүхдүүдийн боловсролын гэрчилгээ буюу дэлхийд гарах виз нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй гэсэн үг юм.
Олон улсын болон Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулахад тухайн улсаас нь албан ёсны зөвшөөрөл авч, багш нар нь ч албан ёсны зөвшөөрөл, сертификаттай байх, сургуулийн барилга, лаборатори нь зориулалтын, шаардлага хангахуйц байх учиртай. Энэхүү шаардлагыг хангаж чадахгүй сургуулиуд ердийн тусгай зөвшөөрлөөр халхавч хийн Кембрижийн хөтөлбөртэй хэмээн “цээжээ дэлдэж” явна.
ХУВИЙН СУРГУУЛИУД БОЛОВСРОЛЫГ БИЗНЕС ГЭЖ ХАРАХААС ИЛҮҮТЭЙ СУРГАЛТЫН ЧАНАРТАА АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Хяналт шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МХЕГ-ын боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс авлаа. Тэрбээр “Кембрижийн хөтөлбөрийг анхлан Орчлон олон улсын дунд сургууль нь 2008 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс улбаалан БСШУСЯ-ын харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лаборатори сургууль Кембрижийн хөтөлбөрийн албан ёсны эрх авсан байдаг. Харин олон улсын хөтөлбөртэй сургууль гэдэг нь хоёр улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээ хэлцлийн хүрээнд тухайн улсын хөтөлбөрийг өөрийн улсдаа авч хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Тухайлбал, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль энэ жишгээр явдаг.
МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтын хүрээнд Кембрижийн хөтөлбөр болон олон улсын хөтөлбөртэй гэх арван сургуулийг түүвэрлэж авсан. Ингэхдээ өмнөх төлөвлөгөөт болон бусад хяналт шалгалтад хамрагдаагүй сургуулиудыг сонгосон гэдгээрээ ихээхэн онцлог. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн өөрийн сургуулийг олон улсын хөтөлбөртэй гэж танилцуулах болсон сургуулиудыг зорьж шалгалтад оруулсан юм. Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн гурван сургуулийг тогтмол хяналт шалгалтад оруулдаг учраас өмнөх төлөвлөгөөт хяналт шалгалтын үеэр эрсдэл багатай гэж үнэлэгдсэн.
Шалгалтын үеэр Кембрижийн албан ёсны эрх авсан дөрвөн сургууль байсан бол засгийн газар хоорондын хэлэлцээртэй сургууль болох Улаанбаатар дахь олон улсын сургуулийн үндсэн үйл ажиллагаа нь хуулийн дагуу байсан.
Гэхдээ кембрижийн хөтөлбөрийг албан ёсоор авсан ч стандарт шаардлагыг хангаж чадахгүй тохиолдол гарч байна. Улаанбаатар-Элит олон улсын сургууль гэхэдзориулалтын бус байртай байх жишээний. Мөн олон улсын хөтөлбөртэй сургалтын хөтөлбөрийг БСШУСЯ батлах ёстой гэж дунд боловсролын хуульд заасан байдаг ч энэ хуулийг биелүүлсэн сургууль ганц ч байсангүй.
Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн гүйцэтгэх захирал ч тус төлөвлөгөөг баталсан байх нь энүүхэнд. Олон улсын хөтөлбөр тэр дундаа Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулиуд чадвартай багш нарыг багшлуулах ёстой. Энэ нь эргээд сургалтын чанарт нөлөөлдөг. Шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчил нь сургуулиудын багш нар нь гэрчилгээгүй, багшийн мэргэжил эзэмшээгүй байсан.
Тухайлбал, шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд,
- "Улаанбаатар Элит" сургуулийн багш нарын 15 хувь нь зэрэгтэй байхаас 13.7 хувь,
- "Сингапур скүүл оф монголиа" сургууль мэргэжлийн зэрэгтэй багш 54 хувь байхаас 21 хувь,
- "Сакура" сургуулийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28.5 хувь,
- "Орхон Хасү" сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг зөрчиж байгаа юм.
Үүнээс харахад боловсролын чанар ямар түвшинд байгааг эргэж харах цаг болсныг харуулж байх шиг байна. Мэдээж хувийн өмчийн хувь нийлүүлсэн компаниуд боловсролын систем руу орж ирж байгаа нь нэг талдаа сайн хэрэг.
Гэхдээ хувийн сургуулиуд боловсролыг бизнес гэж харахаас илүү сургалтын чанартаа анхаарах хэрэгтэй байна. Түүнээс биш МХЕГ-аас хувийн сургуулийг хааж, боож байгаа хэрэг биш юм. Энэхүү шалгалт нь урьдчилан сэргийлэх шалгалт байсан учраас тухайн сургуулиудад анхааруулж зөвлөмж өгч зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн” гэлээ.
Эцэг эхчүүдийн зүгээс дан ганц сургуулийн сургалтын орчныг хараад хүүхдүүдээ оруулах нь элбэг. Гэтэл хамгийн чухал зүйл болох Кембрижийн хөтөлбөрийн тусгай зөвшөөрөл авсан эсэх, багш нарын ур чадвар зэргийг огт анхаарч үздэггүй. Зөвхөн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй сургуулиудын бичиг баримт олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг албаны хүмүүс дахин, дахин сануулж байсан юм.
БСШУСЯ-аас жил бүр статистик товхимол гаргадаг ч түүн дээр олон улсын хөтөлбөртэй сургуулиудын талаарх тоо мэдээлэл, хэдэн хүүхэд сурдаг, хэдэн сургууль байдаг зэрэг нь тодорхойгүй байдаг аж. Тиймээс цаашид БСШУСЯ олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБС болон Кембрижийн хөтөлбөртэй албан ёсны сургуулиудыг мэдээллийг олон нийтэд нээлттэй , үнэн зөв хүргэх шаардлагатай байгааг энэхүү нийтлэлээрээ дайя. Тэгэхгүй бол хүүхдэдээ өндөр боловсрол эзэмшүүлэх гэсэн эцэг эхчүүд залхай газрын халаасыг “түнтийлгэж” , хүүхдүүдийн хичээж эзэмшсэн мэдлэг олон улсад үнэлэгдэхгүйд хүрээд байна.
Холбоотой мэдээ