МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.АНГАР
Кастодианы үйлчилгээ эхэлснээр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарах бол?
Кастодиан бол үнэт цаасны зах зээлд зайлшгүй байх ёстой үйлчилгээ юм. Гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас манай зах зээлд нэвтрэх гүүр ч гэж ойлгож болно. Мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид орж ирснээр зах зээлийн цар хүрээ тэлж, үнэт цаасны хөрвөх чадвар эрс сайжирна гэдэгт итгэлтэй байна.
Энэ бүхэнд Монголын Хөрөнгийн Биржийн үүрэг оролцоо ямар байх вэ?
Хөрөнгийн бирж кастодианы үйлчилгээг нэвтрүүлэхэд маш их ач холбогдол өгч байгаа. Тухайлбал, Кастодианы тусгай зөвшөөрөл бүхий банкууд, хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-ийн төлөөллийг оролцуулсан сургалт семинарыг Лондонгийн Хөрөнгийн бирж, М Ай Ти компанитай хамтран зохион байгуулсан. Аливаа шинэ зүйлийг оролцогч талууд ойлголтын зөрүүгүй хийх нь чухал юм.
Мөн өнгөрсөн 7 сард Ерөнхий сайдын Лондонд хийсэн айлчлалын үеэр Кастодианы үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч BNY Mellon банкныхантай уулзаж, зах зээлийн хөгжлийн талаар нухацтай ярилцлаа. Таван Толгойн төсөл амжилттай хэрэгжиж, хувьцаа нь дотоодын болон гадаадын зах зээлд нээлттэй арилжигдах нөхцөл бүрдсэн үед дэлхийн хэмжээний Кастодиан банкууд ч Монгол улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Харицагчид Кастодионы үйлчилгээг сонгох зайлшгүй шалтгаан нь юу вэ?
Хамгийн энгийнээр ойлгуулахад Кастодиан банк нь зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өмчлөх эрхийг байгуулага гэж ойлгоход болно. Жишээ нь, өнөөдрийг хүртэл, өмч хувьчлалын үеийн хөрөнгө оруулагчдын хувьцаа алга болсон гэх гомдлууд байдаг. Кастодиан банкаар үйлчлүүлснээр энэ бүх эрсдэл байхгүй болно гэсэн үг юм. Мөн та хувьцаа эзэмшигчдийнхээ хуралдаа очих боломжгүй бол өөрийн Кастодиан банкаараа дамжуулан эрхээ хэрэгжүүлээд явах боломж ч бүрдэх юм. Мөн ногдол ашиг хүлээн авах, гадаад валютад шилжүүлэх ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж өгнө.
Гадаадын мэргэшсэн хөрөнгө оруулалтын сангуудын дүрмэнд худалдаж авсан үнэт цаасыг заавал кастодиан банкинд хадгалуулах ёстой гээд заачихсан байдаг. Учир нь Кастодиан банк сангийн хөрөнгийг хадгалснаар, гишүүдийн зүгээс санд тавих хяналт сайжирч, хөрөнгө мөнгө нь найдвартай гараар дамжина гэсэн үг.
Голомт банкны Кастодиан бүртгэлийн системийг Япон-Энэтхэгийн хамтарсан Nomura Research Institute компани хөгжүүлж нэвтрүүлсэн. Энэ компанийг та хэр сайн мэдэх вэ?
Nomura компани нь 2012 оноос Монголын хөрөнгийн зах зээлийн холбогдох талуудтай хамтран ажиллаж эхэлсэн байдаг. 2014 онд Голомт Секюритиз ҮЦК онлайн арилжааны систем нэвтрүүлсэн нь Монголдоо анхдагч, маш шинэлэг алхам болсон. Голомт банкийг дэлхийд тэргүүлэгч, өндөр стандарттай нийлүүлэгчийг сонгон хамтран ажиллаж байгаад баяртай байна.
Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Цаашдаа хөрөнгийн бирж, зах зээлийг идэвхижүүлэх ямар бодлого, чиглэл баримталж ажиллах вэ?
Монголын Хөрөнгийн биржийн хувьд 2015 он онцгой жил болж байна. Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдагч зах зээлийн арилжааг сэргээснээр арилжааны хэмжээ, хөрөнгө оруулагчдын идэвхи эрс нэмэгдлээ. Арилжааны дүнгээр түүхэн жил болох нь тодорхой байна. Шинэ бүтээгдэхүүн ч танилцуулагдлаа. Тухайлбал, анхны даатгагдсан “Эрчим” бондын арилжаа сая амжилттай зохион байгуулагдсан. Хөрөнгө оруулагч нарын сонирхол ч их байлаа. Үүний дараагаар Монголын Хөрөнгийн биржид бонд эсвэл хувьцаагаа гаргах бодитой хэд хэдэн санаачилга компаниудаас гарч бэлтгэл ажилдаа ороод явж байна. Оны эцсээр төрийн өмчийн хувьчлалыг нээлттэй ил тод шударга зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна. Ер нь дунд хугацаандаа Монголын Топ-100 компанийг хөрөнгийн зах зээлд оруулах зорилго тавин ажиллаж байна.
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин