Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой

Хуучирсан мэдээ: 2019.11.27-нд нийтлэгдсэн

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой

Их эзэн Чингис хааны мэндэлсэн, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан  улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардууллаа.

"THE HU” хамтлаг гадаадад тоглолттой эзгүй байгаа тул  хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогт  “Чингис хаан” одонг гардуулан өгсөн юм.

Энэ жил "Чингис хаан" одонг 13 дахь эрхэмд гардуулж буй бөгөөд Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон "Чингис хаан" одонт эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

“THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог баярын сэтгэгдлээ илэрхийлж хэлсэн үгэндээ тэрбээр "Дээд хөх тэнгэр дэргэдэх өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан минь ээ. Мөрийн зэрэгт хүргэгдэж, төрийн хэрэгт өргөгдсөндөө мөхөс би талархан нэгэнтээ мэхийн ёсолъё.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа, Эрхэм хүндэт Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа мэргэн сайд, цэцэн түшмэд та бүхэндээ хоёронтоо мэхийн ёсолъё. Эрхэмсэг Монгол соёлын дээд оршихуй төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номун мэргэн урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчидээ, эрч хүч, хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж Монголыг дэлхийд тамгалсан хүчтэнүүдээ, анд найз нараа, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё.

Б.Дашдондог миний бие та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийн билэгт сайн өдрөөр Hu хамтлагийнхаа эрч хүчтэй эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж мэндчилж байгааг минь хүлээн авна уу.

Өлзий учралт билэгт сайн энэ өдөр төрийн сүлд ёсөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор, мөнх тэнгэрийн ташуур эзэн Чингис хааныхаа нэрийг адисласан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж “Hu” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Hu” хамтлагийн хөдөлмөрч, авъяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэстэн соёлын урлаг эх орноо сурталчилж нэр алдраа цуурайтуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт гүн талархлаа илэрхийлж байна. Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой юм шүү.

Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэнсэн билээ. Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид бас хэнсэн билээ. Өнөөгийн дэлхий дахины соёлын үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, гүрэн дамжин зорчих алтан гэрэгэ, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг өвөг дээдэс Монголчууд хүн төрөлхтөнд нээж өгсөн билээ. Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг, улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог. Тойроод гарахгүй туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийгээд өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой. Би та бүхэндээ энэ цаг дор Их Чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн эшлэлийг хэлэхийг хүсэж байна. Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их суурь нь суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ болбол төрийн ёсонд харш, эцэс хойддоо бол үр ач, залгамжлагч нартаа муу суртлыг үлдээх гэмтэй гэж айлдсан Суут Богд Эзэн Чингис хааны маань мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутамд амьд байж, үнэнийг сургасаар амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Жил бүрийн энэ цаг дор эзэн хааныхаа сургаал, зарлигийг хэлэлцэж, үр хойчдоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, Богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон Монгол төрийн тэргүүн, эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна. Хөрст дэлхийд дээд хөх тэнгэр хүчирхэг болохыг дахин харуулан өвөг дээдсийнхээ үзэл санаа, өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугныхаа өмнө амлан, тангараглая. Мөнх тэнгэр биднийг ивээг ээ" хэмээсэн юм.

"Чингис хаан" одонг гардуулах үед болсон торгон агшныг гэрэл зургаар үзүүлж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж