"Мажоритар систем байгаа цагт жижиг улс төрөөс салж чадахгүй" | News.MN

"Мажоритар систем байгаа цагт жижиг улс төрөөс салж чадахгүй"

"Мажоритар систем байгаа цагт жижиг улс төрөөс салж чадахгүй"

"Мажоритар систем байгаа цагт жижиг улс төрөөс салж чадахгүй"

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Эл өдөрт зориулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


Өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. Анх энэхүү шагнал хэзээ бий болсон түүхтэй юм бэ?

– Миний санаж байгаагаар Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг бий болгох асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди анх санаачилж, тухайн үеийн УИХ дэмжсэнээр 2002 оны тавдугаар сарын 17-нд уг одонг бий болгох тухай тогтоолын төсөл батлагдаж байсан. Тэгээд жил бүр Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-ний өдөр төр, нийгэмд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнд болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөж, сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд хүртээж ирсэн түүхтэй. Харин 2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монголын бахархлын өдөр” гэж нэрлэх, улмаар энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуулийн төсөл санаачлан тухайн үеийн УИХ-аар батлуулж байсан түүхтэй. Мөн энэ өдөр “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээдэг болсон. Энэхүү уламжлал эдүгээ нэгэнт хэвшиж тогтсон байна.

– Тухайн үед Чингис хааны мэндэлсэн өдрийг хэрхэн тогтоосон юм бэ?

– Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2009 онд Ерөнхийлөгч зарлиг гаргасан байдаг.  Тэгээд түүхийн шинжлэх ухааны чиглэлийн нэртэй эрдэмтэд, шинжлэх ухааны академи, холбогдох мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсон байдаг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, “Чингис хаан” одонгоо гардуулж өгдөг байх юм бол олон түмэнд ч ач холбогдолтой гэж тухайн үедээ үзсэн. Нөгөө талдаа бахархлын өдөртэйгээ шагналын утга агуулга илүүтэй нийцдэг гэж боддог.

-Чингис хаан одонг ямар шалгуурыг хангасан хүмүүст өгдөг юм бэ?. Тухайлбал, энэ жил "The Hu" хамтлаг хүртэж байгаа?

– Урлаг, соёл, спорт, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг хүртэж ирсэн. Ер үнэхээр шалгуурт нийцсэн хүн байвал заавал улс төрийн гэлгүй Монгол ард түмэн, Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж чадсан, онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог журамтай. Өөрөөр хэлбэл, тусгайлан заасан шалгуурыг хангасан тохиолдолд л шагнал олгоно гэсэн үг. Хэрэв шалгуурыг хангахгүй бол тухайн жилдээ уг шагналыг өгөхгүй ч байж болдог онцлогтой. The Hu хамтлагийн хувьд бол би хувьдаа нүдээ олсон шийдвэр л гэж бодож байгаа. Шагнал бол илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг төдийгүй, үүрэг хариуцлагыг араасаа дагуулдаг.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдчихлаа. Таны хувьд батлагдсан өөрчлөлтүүдийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

– Би энэ талаар өмнө нь байр сууриа илэрхийлсэн болохоор товчхон хэдэн зүйлийг хэлье. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан нь үнэн. Харамсалтай нь,  хэлэлцүүлгийн явцад олон сайн зүйл, заалтууд хасагдчихлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тодорхой хувь нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэж төсөлд тусгагдсан байсан. Үүнийг бүтээлч байдлаар Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох буюу парламентын засагтай улс орнуудад конструктив зарчим гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ бид Ерөнхий сайдаа огцруулчхаад дахиад л шинэ Ерөнхий сайдын эрэлд гардаг өөрчлөлтийг буцаад л хийчихлээ. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай үед төр засаг эзгүйддэг, хариуцлагагүй байдал үүсдэг.

-Үндсэн хуулийн эрх зүй судлаач эрдэмтний хувьд парламентын засаглалыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах талаар хэр үр дүнтэй өөрчлөлт болсон бол?

– Парламентын ардчилал бол улс төрийн намуудын ардчиллыг зайлшгүй шаарддаг. Намууд улсын хэмжээний бодлого явуулах тухай заалт батлагдсан нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо хосолж байж илүү үр дүнтэй байдаг.

Жижиг тойргоос олонхийн саналаар ялагч тодорч байгаа одоогийн тогтолцоо байгаа цагт тойргийн жижиг улс төрөөс хэзээ ч салж чадахгүй. Энгийн үгээр хэлбэл, 4-5 сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойргоо услах нэрээр үр ашиггүй хөрөнгө оруулалтын бодлогоо ярьж, жижиг тойргийн улс төрөө хийж хэрэгжүүлсээр л байх болно.

Ийм жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй улс төрийн намууд үндэсний хэмжээний том бодлого явуулж чадна гэж үү юу л бол, тун эргэлзээтэй.

-Гүйцэтгэх эрх  мэдлийн хэсэгт орж байгаа өөрчлөлтүүд зорьсондоо хүрсэн үү. Засгийн газар  тогтвортой ажиллах нөхцөлийг  бий болгож чадсан болов уу? 

– Би өөрөө судлаачийн хувиар гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой ажлын дэд хэсэгт орж ажилласан. Анх төсөлд тусгагдсан байж байгаад хэлэлцүүлгийн явцад хасагдсан байсан нэг чухал заалт сүүлд Ардчилсан намын саналаар буцаж орж ирээд батлагдсан. Энэ нь Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй байх асуудал юм. Парламентын ардчилалтай улс орнуудад Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн багаа бүрдүүлээд, парламентын өмнө өөрөө хариуцлагаа үүрдэг. Саяын нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө Засгийн газрын гишүүдийг УИХ хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог байсан. Энэ нь үнэн хэрэгтээ УИХ-д суудалтай албан бус жижиг бүлэглэл, фракцууд өөрийн хүнээ Ерөнхий сайдад шахалт үзүүлэх замаар сайдаар томилуулах боломжийг олгодог байсан. Түүгээр зогсохгүй танхимын сайд нар нь нийлээд Ерөнхий сайдаа огцруулж байсан түүх бий. Үүнийг өөрчилсөн нь сайшаалтай. Учир нь Үндсэн хуульд заасны дагуу төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг цорын ганц албан тушаалтан бол Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн танхимаа бүрдүүлээд явах эрхтэй байх нь зүйтэй.

-Цаашид таны хувьд хийхээр бодож төлөвлөж буй зүйл юу байна вэ?

– Ямар ч мөнгө зарахгүйгээр оновчтой шийдэл гаргаад нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг шийдэж болох юм байна гэж харж байгаа. Түүнчлэн технологийн хөгжлийг ардчилсан төр засгийг бэхжүүлэхэд ашиглах өргөн боломж бололцоо байна. Тиймээс энэ чиглэлд бодлогын судалгаа хийж байна. Ер нь бол “Ухаалаг монгол” гэсэн ерөнхий зарчим дор цахим ардчилал, ухаалаг төр засаг, цахим шүүх гэсэн бодлого гаргаад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах, зарим хуулийн төслийг шинээр боловсруулах ажил хийж гүйцэтгэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж