“The Hu” хамтлагт "Чингис хаан" одонг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.11.27-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагт "Чингис хаан" одонг гардууллаа

“The Hu” хамтлагт "Чингис хаан" одонг гардууллаа

Нэмэлт: 11:40 цагт 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөнгөж сая “THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна, монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм. Шагналыг тус хамтлагийн продюссер Б.Дашдондог гардан авлаа.

“The Hu” хамтлаг "Чингис хаан" одонгоор шагнагдана

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн билээ.

“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүрэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер
  3. Брэндон Фрайзен – Менежер
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй
  7. Н.Тэмүүлэн – Товшуур
  8. Г.Одбаяр – Бөмбөр
  9. А.Жамбалдорж – Соло гитар
  10. Б.Батхүү – Басс гитар
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна.

“Хү” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгэж, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны зургадугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг болсон байна.

Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.

“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбат,
  2. 2006 онд Төрийн шагналт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч агсан Б.Шарав,
  3. 2007, 2008 онд Чингис хаан одонг хүртээгээгүй, тасарсан
  4. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  5. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
  6. .2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  7. 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  8. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  9. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
  10. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  11. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  12. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр
  13. 2018 онд Чингис хаан одонг хүртээгээгүй, тасарсан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж