Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ ОХУ-ыг өөрийн нутаг дэвсгэртээ олон улсын хэмжээний спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах талаар хэлэлцэж байна. “WADA” энэ асуудлыг ирэх сарын 9-ний өдөр Парис хотноо болох хурлаар эцэслэн шийдэх аж.
Ингэснээр ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах Евро 2020 тэмцээнийг зохион байгуулах эрх нь түдгэлзэж магадгүй нөхцөл байдалд ороод байгаа юм. Мөн тус улс нь Токио 2020 олимпийн наадамд орох эрхээ ч алдах эрсдэлд орсон гэсэн үг юм.
“WADA”-ийн мөрдөн шалгах хороо (CRC)-нд ирүүлсэн Оросын Антиопингийн эсрэг агентлаг (Русада)-ийн мэдээлэл зөрчилдөөнтэй байгаа учир дээрх саналыг дэвшүүлээд байгаа аж.
Хэрэв дээрх шийдвэр хүчин төгөлдөр болбол ОХУ нь дараах хариуцлагыг хүлээнэ
- ОХУ ирэх дөрвөн жилд олон улсын шинж чанартай ямар ч тэмцээн уралдааныг зохион байгуулах эрхгүй болно
- ОХУ-ын төрийн эрх мэдэлтнүүд, төлөөлөгчид дөрвөн жилийн турш өвөл, зуны олимп, паралимп, хүүхдийн олимп, “WADA”-ийн харьяа спорт холбоодоос зохион байгуулсан аливаа уралдаан тэмцээн, ДАШТ/ оролцох эрхгүй болно.
- ОХУ дөрвөн жилийн турш олимпийн наадам, паралимпийн наадмыг зохион байгуулах мэдүүлэг гаргах эрхгүй.
- ОХУ-ын туг далбаа дөрвөн жилийн турш спортын томоохон уралдаан тэмцээний үеэр мандахгүй.
- ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад ямар ч төлөөлөгч спортын томоохон уралдаан тэмцээнд төлөөлөгчөөр оролцох эрхгүй.
- Томоохон тэмцээн уралдаанд зөвхөн допингтой нэр холбогдож байгаагүй тамирчид л оролцох эрхтэй. Гэхдээ ОХУ-ын нэрээр оролцох эрхгүй.
- Хэрэв тус улс нь ирэх дөрвөн жилд олон улсын хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулах эрхийг авсан бол түүнийг нь түдгэлзүүлж, эрхийг нь дараагийн улсад шилжүүлэх
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ