Спортын алтан үе: 2001-2010 оны Английн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.11.26-нд нийтлэгдсэн

Спортын алтан үе: 2001-2010 оны Английн шигшээ баг

Спортын алтан үе: 2001-2010 оны Английн шигшээ баг

Эрхэм уншигч Та бүхэндээ спортын түүхэнд алдар нэр нь цуурайтаж, олон сая хөгжөөн дэмжигчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн багуудыг цувралаар хүргэж байна. Нэгэн цаг үед олон авьяаслаг залуус хамтдаа нэг багийн төлөө тоглож, өндөр амжилт үзүүлсэн эсвэл үзүүлэх боломжтой байсан “алтан үе” буюу алтан багийн тухай эргэн сануулж байгаа бөгөөд энэ удаад Английн шигшээ багийг онцолж байна.

Хөлбөмбөгийн “эх орон” гэгддэг Английн шигшээ багийн “алтан үе”-ийг Сэр хэргэмт Альф Рамсейгийн 1966-1968 онд удирдаж байсан Б.Мүүре, Б.Чарльтон, Ж.Херст, Г.Бэнкс нарын Английн шигшээ баг эсвэл 1996 оны Европын аваргын хагас шигшээд шалгарсан А.Ширер, Т.Шерингем, С.МкМанаман, Д.Симен, Т.Адамс, П.Инс нарын эрин үеийн Английн шигшээ багийг гэж хэлж болох юм. Гэхдээ спорт сонирхогчдын сэтгэлд дээрх 2 үеийн багуудаас илүүтэй Швед мэргэжилтэн С.Эрикссоны бүрдүүлсэн 2001-2010 оны Английн шигшээ баг илүү ойрхон байх. Учир нь тухайн үеийн Британий хэвлэл, мэдээллээр Д.Бекхэм, М.Оуэн, С.Жеррард, Ф.Лампард, Р.Фердинанд, П.Скоулз, Ж.Терри, Ж.Коул, Ж.Каррагер, Э.Коул, С.Кемпбел, О.Харгривз, У.Рүүни нарын тоглож байсан Английн шигшээ багийг “алтан үе” хэмээн онцолсон байдаг.

2006 оны ДАШТ-ий бүрэлдэхүүн, тэр дундаа гарааны 11 тоглогчдоос хаалгачдаас бусад нь ямар ч дасгалжуулагчдын хувьд атаархамаар бүрэлдэхүүн байсан. Хамгаалалтанд Ж.Коул, Ж.Терри, Р.Фердинанд, Г.Нэвилл/Ж.Каррагер, хагас хамгаалалтанд Ж.Коул/О.Харгревз, Ф.Лампард, С.Жеррард, Д.Бекхэм, урдаа У.Рүүни/П.Крауч, М.Оуэн гэсэн тоглогчид сая сая хөлбөмбөг сонирхогчдын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгаж байсан нь гарцаагүй. Тухайн үеийн Английн хөлбөмбөгийн алтан үеийн энэхүү шигшээ багийн оргил үе нь 2006 оны Германд болсон ДАШТ байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу? Дэлхийн аваргын В хэсэгт Швед, Парагвай, Тринидад ба Тобаго улсын шигшээ багуудтай багтан хасагдах шатанд хэсгээс 1 шалгарсан. Шөвгийн 16-д Эквадорыг Д.Бекхэмийн чөлөөт цохилтоор оруулсан гоолоор хожсон ч дунд шөвөгт Португалын шигшээ багтай тоглон 11 метрийн цохилтоор хожигдон нулимастайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Португалын эсрэг тоглолт маш ширүүн болж Манчестер Юнайтед клуб хамт тоглодог Э.Рүүни болон К.Роналдо нар муудалцаж, 11 метрийн цохилтыг Ф.Лампард, С.Жеррард, Ж.Каррагер нар алдсан.

Харамсалтай нь энэ баг хангалттай хэмжээнд амжилт үзүүлж чадаагүй. 2002 оны ДАШТ-д Д.Бекхэм, Ж.Коул, Р.Фердинанд, М.Оуэн, П.Скоулз, Ж.Коул нарын залуус дунд шөвөгт Ривалдо, Роналдиньо, Роналдо нарын Бразилд, 2006 оны ДАШТ-д Д.Бекхэм, Ж.Коул, Р.Фердинанд, М.Оуэн, П.Скуолз, Ж.Коул, Ф.Лампард, С.Феррард нарын залуус мөн л дунд шөвөгт Л.Фигу, Э.Поштига, С.Саброза, Манише нарын Португалын шигшээ багт 11 метрийн цохилтоор, 2010 оны ДАШТ-д С.Жеррард, Ф.Лампард, Э.Рүүни, Ж.Куол, Ж.Терри, Э.Коул тэргүүтэй Английн шигшээ баг шөвгийн 16-д Германы багт 4-1 харьцаатай хожигдон тэмцээнээ өндөрлүүлж байсан. Харин Европын АШТ-д эдгээр залуус хамтдаа ердөө нэг л удаа тоглосон гэхэд буруудахгүй. Португалд болсон Европын АШТ-д шигшээ багийн цөм болсон залуусаар удирдуулсан Английн шигшээ баг зохион байгуулагч Португалын шигшээ багт 11 метрийн цохилтоор хожигдож байсан бол 2008 оны Европын АШТ-ийг өнжсөн байдаг.

ДАШТ-д ердөө ганцхан түрүүлсэн Английн шигшээ багийн “мөнхийн азгүй” гэх тодотгол магадгүй 2000 оны дунд үеийн шигшээ багт илүү тохирох юм шиг. Энэ үеийн Английн шигшээ багийн залуус бол клубийн түвшинд үнэхээр супер статустай тоглогчид. Гэвч тэд Английн шигшээ багийнхаа төлөө нэгдэж өндөр амжилтанд хүрч чадаагүй. Өнөө цагийн шилдэг дасгалжуулагч П.Гуардиола нэгэнтээ “Ф.Лампард, С.Жеррард, П.Скоулз, Ж.Терри, Р.Фердинанд нарын үеийн залуус ямар ч амжилтанд хүрч чадаагүй гэдгийг би төсөөлж чадахгүй байна.

Үзэгчийн хувиар би үүнийг ойлгодоггүй” хэмээн ярьсан байдаг. Английн хөлбөмбөгийн “алтан үе”-н амжилт гаргаж чадаагүй хэд хэдэн шалтгааныг дурдаж болно. Үүнд, дотоодын лиг дэх клубуудийн өрсөлдөөн, дайсагнал, мөн дотоодын хэвлэл мэдээллийн дарамт. Энэ бүгд нь Английн шигшээ багийн нэгэн цаг үед төрөн гарсан авьяаслаг залуусыг хүрэх ёстой амжилтандаа хүрч чадаагүй гол шалтгаан гэж хэлж болно. Үүнийг батлах мэт Английн шигшээ баг болон Манчестер Юнайтед клубын төвийн хамгаалагч Р.Фердинанд “алтан үе” гэсэн шошго нь тоглогчдод сөргөөр нөлөөлж, шигшээ багтаа үзүүлэх нөлөөг хязгаарлаж байсан гээд “бидэнд чадварлаг тоглогчид байсан ч хэзээ ч зөв замаар явж чадаагүй. Том тэмцээний өмнө хэвлэл мэдээллээр дамжуулан дэндүү их хүлээлт ирдэг байсан нь биднийг Английн өмсгөлтэй талбай дээр чөлөөтэй тоглох боломжгүй болгож байсан” гэж хэлж байжээ. Энэ бол Английн шигшээ багийн “алтан үе”-н амжилт гаргаж чадаагүй гол шалтгаан байсан юм.

 

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж