Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 850 сурагч “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр /2019.11.26/ Төрийн ордонд боллоо.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү ёслолд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл оролцдог. Мөн нийт сурагчдын төлөөлөл болсон 33 сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг уламжлалтай. Уламжлалын дагуу дээрх ёслолыг 17 дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тангараг өргөж буй хүүхдүүдэд Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахыг захилаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байж дэлхийн талыг эзэлж явсан бол эвдэрч, талцсан үед бусдын дарлалд орж байсныг Монгол Улсын буурал түүх өгүүлдгийг Ерөнхий сайд иш татсан юм. Мөн тэрбээр, “Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн түүхэн өдөр иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж буй сурагчдад эх орныхоо төлөө хийж бүтээх, ололт амжилт, хариуцлагыг хамтдаа хуваалцах бүрэн эрхт иргэн болж байгаад баяр хүргэе” гэлээ.
Эх орны ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын гарт Монгол Улсыг хөгжүүлэх боломж байгааг Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Уянга андгай өргөж буй сурагчдыг төлөөлөн индрээс хэлсэн үгэндээ онцлов. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг эрх баригчдаас шаардан, 2018 оны наймдугаар сард Стокхолм дахь парламентын ордны гадаа хичээл хаялт зохион байгуулсан 16 настай Грета Тунберг гэх сурагч Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан түүхтэй. Энэ нь 16 настнуудын гарт ямар их боломж байгааг харуулсан түүхэн үйл явдал хэмээн сурагч Н.Уянга иш татаад, хариуцлагатай, бүтээлч, манлайлагч иргэн байхыг үеийнхэндээ уриаллаа. Түүнчлэн эх орныхоо хөгжил дэвшлийг тодорхойлох бүхий л ажилдаа хүүхэд, залуусын дуу хоолойг нэгтгэж байхыг төрийн түшээдээс хүссэн юм.
Энэ онд Монгол Улсын 42 мянга 822 иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж буй юм. Энэхүү ёслолыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ-үүд нэгэн зэрэг зохион байгуулж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ