"Үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг хойч үеийнхэндээ ойлгуулан өвлүүлэх явдал чухал" | News.MN

"Үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг хойч үеийнхэндээ ойлгуулан өвлүүлэх явдал чухал"

"Үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг хойч үеийнхэндээ ойлгуулан өвлүүлэх явдал чухал"

"Үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг хойч үеийнхэндээ ойлгуулан өвлүүлэх явдал чухал"

Бүрэн эрхт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна. Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьсан юм.

Мөн “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хурал юм.

Тиймээс энэ өдөр тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал билээ.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй.

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар бид сүүлийн 10 гаруй жил ярьсан. Тиймээс Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.

Улсаа тунхагласны ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ёсчлон батлагдсан цаг хугацаа нэгэн дор давхацсанд ихэд бэлгэшээж, Монголын ард түмний хүсэн хүлээсэн САЙН ЦАГ ирнэ гэсэн итгэл батжиж байна.

Монгол түмэн та нар минь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сайтар судалж, засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчмаа хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг уриалъя.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан оршиг ээ.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь энх оршиж, сэргэн мандах болтугай.

                                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА               ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

алтантуяа 2019-11-26 182.160.1.65

яагаад засаг захиргааны эдгээр өөрчлөлтийн талаар ярихгүй байгаа юм. Яагаад гэвэл эх түүхээ мэддэггүй учраас тэр… Уншаад ойлгодоггүй хэдэн нөхдүүд эрх мэдэлд хүрчихээд 100 айл дээр зогсдог би чаднууд шиг УИХ -д би чадна гээд бхын. Яаж улс орон иймэрхүү би чаднуудтай өөдлөх юм бэ, уур хүрч бна.
Юм бичих гэхээр болохгйү юм. Хэдэн тэмдэгтэд бичих зөвшөөрөлтэй юм бэ? Аргагүйдээд тасалж орууллаа.

Avatar

алтантуяа 2019-11-26 182.160.1.65

Би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөндөө санал явуулсан. Миний нэг ч саналыг аваагүй шүү дээ. Тэгэхээр дүр үзүүлээд ард иргэдээс санал авсан мэт худлаа ярьдагаа боливол таарна. Төр гэдэг үг чинь та нарыг хэлдэггүй юм. Айлын том ахыг хэлдэг юм. Ах нь хэзээ ч дүү нараа хуурдаггүй, тэднээс авилга авдаггүй, тэдний төлөө л ажилладаг. 1924 оны үндсэн хуулинд хамгийн бага нэгж 10 гэр бсан. 1940 оны ҮХ-нд 20 гэр бсан учраас хороо хорин гэж ярьдаг болсон. 1960 оны ҮХ-нд 20 гэрийг бхгүй болгосон.

Avatar

алтантуяа 2019-11-26 182.160.1.65

"..тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал билээ…" гэчихжжэ. Энэ дарга өөрөө мэддэггүй юм байхчив. 1924 оны үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг ардад өгсөн гээд байхын. Энэ үндсэн хуулиар л ард иргэдээ төрөөс салган тусгаарласан шүүдээ. Тэр дурдаад байгаа 77 төлөөлөгч чинь шавь, аймаг, хошууны том ах нар буюу ноёдууд шүү дээ. Алуулахгүйн тулд л хүлээн зөвшөөрсөн шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж