Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2019.11.25/ боллоо. Энэ үеэр холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин цаг агаарын төлөв байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр "2019 оны намар дулаан, урт намар болж өнгөрлөө. Өвөлжилтийн нөхцөл байдал олон зүйлээс шалтгаалдаг. Ялангуяа зуншлагаас ихэд хамаардаг. Зуны эхэн сар хуурай, хур тунадас багатай байснаас үүдэж зарим газар зуншлага оройтсон. Долдугаар сарын сүүл, наймдугаар сард бороо хур элбэг байсан боловч есдүгээр сарын дунд үеэс арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл хуурайвтар, хур тунадас багатай, хөрсний чийг багатай дулаахан намар боллоо. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар хангай, хөвсгөлийн уулархаг нутгаар 20-30 см зузаан цастай байна. Ховд, Увс, Завхан, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын хэсгээр дунджаар 6-10 см зузаан цастай, Сүхбаатарын зарим нутгаар, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сумдын нутгаар 1-5 см зузаан цастай байна. Зуншлага тааруу байсан Төв, Дундговийн зарим сумаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч эхлээд байна. Нутгийн хойд болон зүүн хэсгээр дунджаас дээгүүр цастай, говийн болон бусад нутгаар хур тунадас багатай байна. Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг харахад арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн баруун болон Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас орно. Хөвсгөлийн уулсаар 29-нд баруун болон Төвийн нутгийн болон зүүн аймгуудын нутгаар, 30-нд Төв болон зүүн аймгуудын нутгаар, 12 дугаар сарын 01-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна, салхи сэрүүснэ.
Зудын эрсдэлийн үнэлгээнээс харахад нийт нутгийн 30 гаруй хувьд дунд, 7 хувьд нэн эрсдэлтэй, 27 хувьд дунд эрсдэлтэй гэж гарсан. Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдаар олон жилийн дунджаас хүйтэн, Төвийн нутгийн өмнөд, Говийн бүсийн нутгаар дунджаас бага зэргийн дулаан, бусад нутгаар дундаж орчим хүйтэн байна. Ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадастай байх төлөвтэй байна.
2020 оны нэгдүгээр сард харьцангуй хүйтэн, цас ихтэй Увс, Завханы хойд, Хөвсгөлийн хойд талын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. 2020 оны хоёрдугаар сард нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дундаж байх боловч одоо цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар цас нэмэгдэж орж хүйтэн байх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар отрын бүс нутгаар малчид ихээр оторлож өвстэй байсан хэсэгхэн газарт олон зуун мал оторлож байгаагаас цаашид туурайн зуд нүүрлэх аюул ойрхон байна. Өвлийн эхэн сар гараагүй байхад нийт нутгийн 55 орчимд цасан бүрхүүл тогтсон. Цас ихтай баруун болон төвийн бүсийн зарим нутгаар цасны нягтаршил нэмэгдэж цас хатуурч байгаа” гэв.
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар ХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле:
Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймгуудын Засаг дарга нарын захирамж гарч биелэлтийг ханган ажиллаа. Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, шалгах ажлын явц байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсгийг дэд сайдаар ахлуулан ажиллалаа. Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, гурван ажлын хэсэг орон нутгуудад ажилласнаас миний бие 14 аймагт ажилласан.
Хаврын хүнсэнд зориулан 20 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн. Гоц халдварт өвчин гараагүй. Малчдын өвс тэжээл бэлтгэл, ус хашааны хангамж хэрэгцээ зэргээр дүгнэхэд бэлтгэл 86.2 хувьтай хангагдсан байна. Өвөлжилтийн төлөв байдлыг харахад туурайн зуд болох эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрч болзошгүй тул нийт малчдад зөвлөмж мэдээлэл хүргүүлээд байна. Мөн өвөлжилт, хаваржилтад байнгын хяналт тавьж ажиллах болно.
Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал,агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:
"Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийт 16 чиглэлд үүрэг даалгавар өгч, 1311 арга хэмжээ зохион байгуулж, 2019-2020 онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнгөрсөн оныхоос 1.1 хувиар илүү буюу 97,8 хувиар хангагдсан байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим ААН, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийт 42 байгууллагад өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллалаа.
8-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Шаардлагатай нөөцийг бүрдүүлж байгаа. Хоёр дүүрэгт дулааны станцын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна. Нэгдүгээрт Багануур ДЦС сэлбэг хэрэгсэл, нүүрс түрэгч, трактор эвдэрсэн учраас 500 гаруй сая төгрөгийн засвар хийх шаардлагатай байна гэж үзсэн. Түүхий нүүрс Улаанбаатар руу оруулахыг хориглосонтой холбоотойгоор Шивээ-Овоогоос автомашинаар нүүрсээ зөөж байгаагаас хүндрэл нэмэгдэж, зардал өссөн. Налайхын ДЦС-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Хонхорын станцад эсвэл Батлан хамгаалахын яамны цэргийн зориулалтын зай талбайг ашиглах эсвэл Хонхор өртөөнд буулгах зайлшгүй шаардлага байна. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэг хоёр хоногийн нөөцтэй байна.
Нийслэлд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, засварыг ажлуудыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. 2427 тонн давс бодис нөөцөд байна. Нэмж 1000 тонн давст бодис бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ундны усны аюулгүй байдлыг хангах, хөлдөж зогсохоос сэргийлэн зарим ажлыг хийж байна. Холбоос зарим шугамыг угсрах, засаж сэлбэх ажлыг хийж байна. Мөн таван сургуулийн инженерийн шугам сүлжээг 170 гаруй сая төгрөгөөр засч сайжруулсан. Инженерийн шугам сүлжээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх ажлыг эхлүүлж 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч төвлөрсөн дулаанд холбосон ажлууд хийгдэж байгаа.
Сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлыг хангахаар нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбосон. Тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид холбосон. 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 2226 ААН-ийн 507 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зууханд цахилгаан халаалтад шилжүүлж нийт 78,3 мянган тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг таслан зогсоож агаарын чанарыг сайжруулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Сайжруулсан түлшний хэрэглээний зөвлөгөөг давхардсан тоогоор 324 мянга 849 айл өрхөд мэдээлэл хүргэсэн нь 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн харилцаа холбооны сүлжээг ашиглан зөвлөгөө мэдээллийн чанартай 7504600 багц мессеж илгээсэн. Угаарын хий мэдрэгчийг суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 98, сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос гадагш гаргаж нэвтрүүлсэн 16 зөрчил, өдөр тутмын хяналт шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн 166, түүхий нүүрс борлуулсан хоёр бусад утаа үүсгэгч эд зүйлс шатаасан зургаан зөрчлийг илрүүлж 106.2 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад төвлөрүүлээд байна.
Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, түгээлт, борлуулалт, нөөцлөлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 10, Сонгинохайрхан дүүргийн нэг, хоёр, Чингэлтэй дүүргийн 19, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороодод нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий тус бүр 1000 тонноос доошгүй багтаамжтай таван агуулах барьж, ашиглалтад оруулсан. Найман хангамжийн бааз, 37 дундын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүдийг 19 бүсэд хувааж тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан өдөрт давхардсан тоогоор 90-130 рейс хийж 25 кг нэг тонны савлагаатайгаар 1300-1700 тонн шахмал түлшийг бөөний болон жижиглэнгийн цэгүүдэд 363 цэгт борлуулалт жижиглэнгээр хийгдэж байна.
Энэ долоо хоногоос эхлэн явуулын борлуулалтын цэгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна. Өрхүүдийн 60 хувь нь бөөнөөр, 29 хувь нь сараар 13 хувь нь долоо хоногийн хэрэглээндээ жижиглэнгээр худалдан авдаг гэсэн судалгаа байна.
Одоогоор 140 гаруй мянган тонн түлшийг нийлүүлээд байгаа бол хүйтний улиралд нийт 600 мянган тонныг зарцуулахаар тооцоотой. Шахмал түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гаднын дөрвөн лабораторид шинжлүүлэхэд ямар нэг хортой нөлөө гараагүй.
Холбоотой мэдээ