Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн хувьчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр хийв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд хоёр аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу хувьчлалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах барилга байгууламж, эд хөрөнгийн жагсаалтын төслийг бэлтгэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 34 агентлагаас ирүүлсэн санал, нийслэлийн өмчлөлд зайлшгүй байх шаардлагатай эсэх, ашиглалтын өнөөгийн түвшин, цаашид ашиглах хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан төслийг боловсруулжээ. Ингэхдээ 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн барилга, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр гэх зэрэг нийт найман байршилд өмч хувьчлал хийхээр төлөвлөсөн байна.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулах нэмэлт өөрчлөлтийн саналуудыг нэгтгэн НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ