Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачилгаар “Ургамал оршихуйд амьдрал оршино-2019 “Говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго Өмнийн говийн бүс нутагт биологийн олон янз байдлын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэн бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг төр, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил хамтран тодорхойлж биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд оршино.
Хуралд БОАЖЯ, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн БОАЖГ, ТХГ-ын төлөөлөл, ШУА-ийн ЕБСБХ, МУИС-ийн БУС, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, ХААИС-ийн харьяа Экосистемийн судалгааны төв, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХХ-ийн Нагоягийн протоколийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл, Оюу толгой ХХК-ний Байгаль орчин, биологийн олон янз байдлын хэлтэс, Амин хэлхээ байгаль сан ТББ, Говийн цөлжилтийн эсрэг хамтдаа ТББ зэрэг 38 байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцсон юм.
Эрдэм шинжилгээний бага хурлаар Байгалийн ургамал тарималжуулах судалгаа, Ургамлын аймгийн судалгаа, Ховор ургамлын судалгаа, Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, Говийн экосистем-амьдрах орчны судалгаа, хамгаалал гэсэн 5 чиглэлээр 29 аман, 12 ханын илтгэлийг хэлэлцэж санал бодлоо солилцов.
Хурлын үеэр говийн экосистемийн болон нэн ховор, ховор ургамлын гербар, фото зургийн үзэсгэлэнг гарган хуралд оролцогчид болон нутгийн иргэдэд танилцуулж, “Амин хэлхээ байгаль сан” ТББ-аас Монголд анх удаа зохион байгуулсан “Хармаг тариалах” баярт оролцон Говийн ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд 19 зүйлийн 150 гаруй суулгац тарив. Хармаг тариалах баярын үеэр “Амин хэлхээ байгаль сан” ТББ-аас “Хармаг тариалах зорилтот хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж БОАЖЯ-нд уламжилсныг БОАЖЯ-ны төлөөлөл хүлээн авлаа. Түүнчлэн хурлаар хэлэлцсэн илтгэлүүд болон хуралд оролцогсодын саналыг үндэслэн зөвлөмж гарган ажилласан юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Холбоотой мэдээ