БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ?

БНХАУ хэрхэн тархи угаадаг вэ?

Сүүлийн үед олон нийтэд ил болсон бичиг баримтууд анх удаа БНХАУ зуу зуу, мянга мянган муслимчуудыг өндөр хамгаалалттай шоронд хорин, хэрхэн тархийг нь угааж буй системийг нарийвчилж харах боломжийг нээж байна.

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс баруун хязгаар Шиньжяны нутаг дахь хуарангууд нь нутгийн иргэдэд боловсрол эзэмшүүлэхээр сайн дурын сургалт зохион байгуулдаг хэмээн мэдэгдсэн.

Гэвч BBC panaroma БНХАУ нутгийн иргэдийг хорьж, дэглэж, шийтгэж байгааг албан ёсоор мэдээлсэн.

Тэд The Guardian сонин тэргүүтэй 17 хэвлэл мэдээллийн түншүүдтэйгээ хамтран Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумаараа дээрх мэдээллийг боловсруулжээ.

Харин Англи дахь БНХАУ-ын Элчин сайд дээрх баримтыг хуурамч мэдээлэл хэмээн няцаасан.

Бээжин сүүлийн гурван жилийн хугацаанд Шиньжяны нутагт баригдсан хорих лагерууд нь хэт даврагч үзэлтэй тэмцэж, дахин боловсрол олгох сайн дурын сургалт явуулах зорилготой байгуулагдсан хэмээн тайлбарласаар байна.

Тэдгээр хорих лагеруудад лалын шашинт Уйгурчууд голдуу сая орчим хүнийг шүүх хурал хийлгүйгээр хорьсон хэмээн таамаглаж байна.

"Би Хятадын хуаранд там шиг долоо хоногийг өнгөрүүлсэн" хэмээн Хятадад алга болсон Уйгурын нэрт газарзүйч хэлж байжээ. Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциум "Хятадын кабел" хэмээн ангилсан БНХАУ-н Засгийн газрын нууц баримт бичигт 2017 онд Шиньжяны коммунист намын нарийн бичгийн даргын орлогч, бүс нутгийн аюулгүй байдлын дээд албан тушаалтан Жу Хайлун нарын хуаранг удирдагчдад явуулсан есөн хуудас санамж бичиг багтжээ. Уг санамж бичиг нь хуаранг хэрхэн хатуу сахилга баттай, чанга дэглэмтэй, оргох боломжгүй өндөр хамгаалалттай хорих анги болгон ажиллуулах зааврууд байжээ.

Мөн:

Оргох нь хэзээ ч байж болохгүй зүйл

Зан үйл хийсэн хүнд тооцох зөрчлийн сахилга бат, шийтгэлийг нэмэгдүүлэх

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, наманчлах үйлд уриалах

Нэн тэргүүнд Мандарин хэлийг сургах

Хүмүүжигчдийг жинхэнэ өөрчлөлтөд уриалах

Анги, дотуур байр гээд бүх газрыг, бүх хүнийг камераар хянах зэрэг заалтууд оржээ.

Цаашлаад хоригдож буй хүмүүсийн амьдралыг бүх талаар хэрхэн хянах тухай заажээ. Жишээ нь: хүмүүжигчид заасан газарт унтна, заасан суудалд сууна, заасан газарт өөрийн ур чадварын дагуу ажиллана. Мөн эдгээрийг өөрчлөх нь хориотой хэмээн тусгасан байна. Түүнчлэн босох, дуудлага хийх, угаал үйлдэх, ариун цэврийн өрөө орох, гэрийн ажил хийх, идэх, суралцах, унтах, хаалга нээж хаахыг хүртэл тусгай шаардлагын дагуу заасан байна.

Мөн өөр олон баримт бичгүүд ил болсны дунд 2017 онд нэг долоо хоногийн дотор 15 мянган хүнийг албадан хорьсон талаар мэдээлэл бий.

Хүний эрхийг хамгаалах байгууллагын Хятад дахь захирал Софи Ричардсон дээрх материалыг прокурорууд ашиглах хэрэгтэйг сануулан "Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчлийг баримтжуулахад өндөр ач холбогдолтой баримтууд. Хоригдож байгаа бүх хүмүүсийг ядаж л сэтгэлзүйгээр асар их хохироож байна гэж үзэж болно. Учир нь тэд хэзээ суллагдахаа ч мэдэхгүй байгаа" хэмээжээ.

Хоригдлууд биеэ "зөв" авч явахад суралцаж, итгэл үнэмшлээ өөрчлөн, Мандарин хэлээр ярьдаг болсноо батлан харуулсан цагт л суллагдна гэнэ.

Хүмүүжигчдийг өнгөрсөн амьдралынх нь хууль бус, эрүүгийн шинж чанартай үйлдлүүд дээр нь тулгуурлан "сургах" ба ойлгомжгүй, сөрөг, эсэргүүцсэн хандлага гаргасан хүмүүжигчдэд сургалтын аргыг өөрчилнө гэж заажээ.

Хүний эрхийн нэрт хуульч дэлхийн Уйгурын конгрессийн зөвлөх Бен Эммерсон БНХАУ-ын хорих лагерууд хүмүүсийн нэр төрд хэрцгийгээр халдаж байгааг онцлоод "Бүхэл бүтэн угсаатны бүлгийг ийнхүү тархийг нь угааж буй үйл явдлыг харгис хэрцгий хэрэг биш хэмээн үзэх боломжгүй. Энэ бол Шиньжяны лалын шашинт Уйгурууд төдийгүй ижил соёлт ард түмнийг дэлхийн хөрснөөс арчихыг санаархаж буй гэмт үйлдэл" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж