Ц.Оюунгэрэл Хотын дарга нарын форумд илтгэл тавив

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл Хотын дарга нарын форумд илтгэл тавив

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр /2015.09.22/ Гадаад хэргийн яаманд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ удаагийн форум “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуралдааны үеэр тодорхой асуудлуудаар хотуудын төлөөлөл санал солилцож, туршлага хуваалцахын зэрэгцээ энэ чиглэлээр ажилладаг байгууллага, эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх боломж нээгдэж байгаагаараа онцлогтой аж.

Өнөөдрийн “Хот суурин газрын тогтвортой усны менежмент” сэдвийн дор болсон Зургадугаар Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Ус, эрүүл ахуй болон бохир цэвэрлэх байгууламжийн нэгдсэн менежментийн тухай илтгэл тавив.

Тэрээр, Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй хөрсний бохирдол юм. Хөрсийг ихээхэн бохирдуулж байгаа зүйл бол бохирын системээс хуримтлагдаж буй өтгөрсөн лаг ба энэ нь хөрсөнд шингэдэггүй учир өмхий үнэр гараад зогсохгүй халдварт өвчний үүр болох шалтгаан болдог байна. Энэхүү лаг хуримтлуулах тогтолцоо нь 20-р зууны инженерчлэлийн шийдлийн үр дүнд бий болсон боловч цааш боловсруулах тогтолцоо манай улсад хараахан бүрдээгүй байна. Иймд бид гадаад улс орнуудын туршлагыг нэвтрүүлж, энэхүү асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайлбал, лаг хуримтлуулах биш боловсруулах технологийг нэвтрүүлж, монголын эрс тэс уур амьсгалтай орчинд зориулж лаг боловсруулах “төв” барьж байгуулах нь энэхүү асуудлыг шийдвэрлэх гарц юм гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Хотуудын дарга нарын форумын хуралдаанд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох мэргэжилтэн, Олон Улсын байгууллагын төлөөллүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж