2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг хотын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг хотын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ

2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг хотын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл байлаа.

Танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай хийв. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нийт дөрвөн бүлгийн 17 дэд бүлэгт хамаарах 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 91.8 хувьтай байгаа аж.

Харин 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд таван бүлгийн 22 дэд бүлэгт хамаарах 704 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган боловсруулжээ. “2019 онд иргэд, олон нийт газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн барьцааны лавлагаа, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ, мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн “Газрын биржийн цахим төв”-ийг нээж, цахим системээр газрын эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан. Ирэх онд Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж, газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлэлт хийдэг, газар олгох үйл ажиллагааг цахимаар тэгш, хүртээмжтэй, шударга зохион байгуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

“2020 онд газрын төлбөрийн орлогоос 80.9 тэрбум, газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг, нийт 82.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Ингэхдээ хаана, ямар байршилд, ямар зорилгоор ашиглахын тулд иргэн, аж ахуйн нэгжүүд газар авах сонирхолтой байгааг урьдчилж санал аваад, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдахаар бол  тэдгээр байршлуудад газрын эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах учраас төлөвлөсөн төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Улаанбаатар хотод ногоон байгууламжгүй, явган хүний замгүй, автомашины зогсоолгүй орон сууцны барилгууд нэг дор олноор баригдаж байгааг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулгадаа онцолсон. Энэ асуудалд зөвлөлийн гишүүд саналаа хэлж, нэгтгэснээр ИТХ-д өргөн барихаар  боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж