FIFA буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг клубуудын ДАШТ ирэх арванхоёрдугаар сарын 11-ээс 24-ний хооронд Катар улсын нийслэл Доха хотноо болно. Энэхүү тэмцээнд оролцох долоон багийн нэрс тодорсон байна. Зургаан холбооны аварга клубууд болон зохион байгуулагч улсын клуб оролцоно. Ингээд клубуудын ДАШТ-нд оролцох багуудыг танилцуулъя .
- Бразилын Фламенго клуб – 2019 оны Өмнөд Америкийн клубуудын шалгаруулах тэмцээн буюу Copa Libertadores-н аварга баг , түүхэндээ анх удаа клубуудын ДАШТ-нд оролцоно
- Английн Ливерпул клуб – 2018-19 оны Европын аваргуудын лиг буюу UEFA Champions league-н аварга баг, түүхэндээ хоёрдах удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
- Саудын Арабын Аль-Хилал клуб – 2019 оны Азийн клубуудын аварга буюу AFC-н аварга баг, түүхэндээ анх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
- Тунисийн Эсперансэ дэ Тунис клуб – 2018-19 оны Африкийн клубуудын аварга буюу CAF-н аварга баг , түүхэндээ гуравдах удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
- Мексикийн Монтеррэй клуб – 2019 оны Хойд , Төв Америк болон Карибын бүс нутгийн клубуудын аварга буюу CONCACAF-н аварга баг , түүхэндээ дөрөвдэх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
- Шинэ Каледоний Хиенгенэ Спорт клуб – 2019 оны Далай орнуудын аварга буюу OFC -н аварга баг , түүхэндээ анх удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
- Катарын Аль-Садд клуб – 2019 оны ФИФА клубуудын ДАШТ-ний зохион байгуулагч улс , түүхэндээ хоёрдах удаагаа клубуудын ДАШТ-нд оролцоно.
Эдгээр долоон клубээс ДАШТ-ний шинэ аварга төрнө. Сүүлийн гурван жилийн аварга болох Европын аваргууд Реал Мадрид клубын залгамж халааг энэ жил Ливерпул үргэлжлүүлж, Европын баг дэлхийд дахин ноёлох уу ? Эсвэл өөр тивийн шинэ баг түрүүлэх үү ?
Б.МӨНГӨНТАМИР