Манай оронд 18 дахь удаагаа тэмдэглэж байгаа Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Монголын нийт эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний ажилтан ажилчдад Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай байж, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхыг хүсэн ерөөе!
2019 он манай салбарын хувьд амжилт бүтээл арвин, түүхэн тэмдэглэлт үйл явдал ихтэй жил болж байна. ШУА-ийн дотоод, гадаад хамтын харилцаа өргөжин тэлж, судалгааны олон арван томоохон бүтээлүүд нийтийн хүртээл боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухаан ажилтны анхдугаар Их хурлыг зохион байгуулж, Их хурлаар хэлэлцсэн асуудалд холбогдуулан Засгийн газрын 379 дүгээр тогтоол гарлаа. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгын эхний хөрөнгө оруулалт 2020 оны улсын төсөвт тусгагдлаа. Шинжлэх ухааны Академийн өргөтгөлийн барилгын ажил энэ онд эхэллээ.
Төр засгаас шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж байгаагийн эхлэл болсон эдгээр үйл явдал нь шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтнууд Та бидний цаашид илүү эрчимтэй бүтээж туурвих урам зоригийг сэргээж байна.
Энэхүү зөв чигийн салхин дор эрдэм шинжилгээний байгууллага, судлаач нэг бүрийн эрдмийн ажлыг дүгнэдэг номын их баяр, шинжлэх ухааны ажилтны өдрийг манай эрдэмтэн, судлаачид улам бүр их амжилт бүтээлээр угтаж байгааг бахархан тэмдэглэж байна.
Эх орныхоо шинжлэх ухаан, технологи, инновацийг эрчимтэй хөгжүүлэх талаар төр, засгаас дэвшүүлсэн зорилго, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, улс орноо шинжлэх ухаан, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд суурилсан хөгжлөөр замнуулахад түүчээлэх их үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаач нэг бүр идэвхийлэн оролцоно гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм баян эрдэм ухаан эгнэгт арвижин бадрах болтугай.
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ