Life S.A.V.E.R.S буюу ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ

Хуучирсан мэдээ: 2019.11.28-нд нийтлэгдсэн

ИНФОГРАФИК

Life S.A.V.E.R.S буюу ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ


Номын зохиогчийн тухай

Хэл Элрод бол хүн бүр зовлон бэрхшээлээ даван гарч мөрөөдлийн амьдралаа цогцлоох боломжтой гэдгийг харуулсан амьд жишээ билээ. 20 настайдаа тэрээр согтуу жолоочтой халз мөргөлдөж, 6 минутын турш зүрх нь зогсож, 11 ясаа хугалж, тархины хүнд бэртэл авч, дахин хэзээ ч алхаж чадахгүй гэгдэж байв. Гэвч тэрээр эмч нарын оношийг сөргөж, бас өөрийгөө өрөвдөх хүслээ дарж чадсанаар Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн бизнес эрхлэгч, марафоны гүйгч, бестселлер номын зохиолч, хип-хоп уран бүтээлч, нөхөр, аав болон олон улсын онцлох илтгэгч болж чадсан хүн юм. Тэрээр энэхүү номондоо үр шимийг нь өөрийн биеэр хэрэгжүүлж мэдэрсэн Өглөөний гайхамшгийнхаа тухай өгүүлсэн байна.

Life S.A.V.E.R.S

Бид өдөр тутмынхаа амьдралд түүртээд өөрийгөө хөгжүүлэхэд хангалттай цаг зав гаргаж чадахгүй яарсан, сандарсан, бухимдаж стрессдсэн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрөөсөөр байгаа нь түмэнтэй үнэн билээ. Энэхүү байдлаас өөрийгөө татаж гаргахад туслах гайхалтай аргачлал бол Өглөөний гайхамшиг юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өглөөд босдог цагаасаа 1 цагийн өмнө босоход л хангалттай бөгөөд энэхүү өглөөний гайхамшгийг Life S.A.V.E.R.S гэж нэрлэдэг.

  1. S — Silence — Нам гүм (5 минут)

Сэтгэл зовнилоо богино хугацаанд багасгаж, өдөр бүрийг тайван амгалан эхлүүлж, амьдралынхаа чухал зүйлсэд анхаарлаа хандуулж, тэр бүү хэл гэгээрлийн зах зухаас мэдрэхийг хүсвэл өглөө бүрийг зорилготой Нам гүм байдлаар эхлүүлж байгаарай.

“Нэг цагийг нам гүм өнгөрөөх нь бүтэн жил ном уншихтай дүйцнэ” гэсэн үг байдаг гэнэ.

Нам гүм байхдаа Бясалгал хийх, Залбирах, Бодох, Гүн амьсгалах, Талархах гэх мэт зүйлсийг хийж болно.

  1. A — Affirmations — Зоригжуулалт (5 минут)

Зоригжуулалт бол хүссэн амьдралаа бүтээх нэгэн болоход тань туслах хамгийн үр дүнтэй аргачлал юм. “Би хувь заяаныхаа эзэн! Би амжилт хүртэх эрхтэй! Би өнөөдөр хүссэн амьдралаа бүтээж, зорилгодоо хүрэх ёстой” гэх мэтээр чанга дуугаар өөрийгөө зоригжуулж болох юм.

“Чадна эсвэл чадахгүй гэж бодох нь таны хувьд хоёулаа зөв” гэсэн үг бий.

Зоригжуулалтаар дамжуулан хийж буй бүх зүйлсээ өөртөө итгэлтэйгээр амжилттай хийж болох ба ингэхийн тулд зүгээр л хэн болохыг хүсэж байгаагаа, юу хийж бүтээхийг зорьдог болохоо байнга давтаж хэлэхэд л болно.

  1. V — Visualization — Төсөөлөл (5 минут)

Төсөөлөл буюу бүтээлч сэтгэлгээ эсвэл оюун ухааны сургуулилт гэдэг нь өөрийн төсөөллөө ашиглан тодорхой зан авир болоод үр дүнг хийсвэрлэн сэтгэж, бодит амьдрал дээр эерэг үр дагавар гаргахыг хэлдэг.

Төсөөлж байхдаа төсөөллийнхөө эд эс бүрийг харж, мэдэрч, сонсож, хүрч бас амтлаарай. Төсөөлөл тань хэдий чинээ бодитой байна төдий чинээ бодит байдал болгох урам зоригтой болно гэсэн үг.

  1. E — Exercise — Дасгал (20 минут)

Хэдхэн минут дасгал хийснээр эрч хүч, эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйгээ үлэмж хэмжээгээр сайжруулах боломжтой болно.

Эрүүл биед саруул ухаан оршмой.

  1. R — Reading — Уншлага (20 минут)

Унш унш бас дахин унш. Ном бол ертөнцийг харах цонх юм. Хувь хүний хөгжлийн талаарх, эсвэл мэргэжлийн, түүхийн, шинжлэх ухааны гэх мэт унших ёстой үй түмэн ном чамайг хүлээж буй.

“Уншдаггүй хүн уншиж чаддаггүй хүнтэй адил” гэсэн үг бий.

  1. S — Scribe — Тэмдэглэл (5 минут)

Өглөөний гайхамшгийн тэмдэглэл хөтөлснөөр мэдлэг, онч санаа, ухаарал, амжилт, сургамжаа төдийгүй боломж, хувь хүний хөгжил, сайжралаа баримтжуулах боломжтой.

Бичих нь мөн аливаа бодол санаагаа цэгцэлж тодорхой ойлголт бий болгох, шинэ санаа олох, сургамжаа сэргээх, өөрийн ахицаа тодорхойлоход туслах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж