Талбайн теннисний эрэгтэй багуудын тэргүүн зэрэглэлийн тэмцээн болох Дейвис-н цом арваннэгдүгээр сарын 18-аас 24-ний хооронд Испани улсын Мадрид хотын Каяа Магика цэнгэлдэхэд зохион байгуулагдаж, нутаг дээрээ Испаний шигшээ баг зургаа дах удаагаа цомын эзэн боллоо.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэл Надалаар удирдуулсан Испаний шигшээ баг финалын тоглолтод дэлхийн чансааны номер 15 энэ жил 20 настай Денис Шаполаваар ахлуулсан Канадын шигшээ багтай учраа таарч 2:0 гэсэн харьцаатай ялалт байгуулж, Дейвис-н цомын эзэн боллоо.
Финалын эхний тоглолт Баутиста Агут болон Аугер-Алиассимэ нарын хооронд өрнөж, хоёр сетийн тоглолтонд 7:6(3), 6:3-аар Испани залуу эхний ялалтыг авсан бол дараагийн чухал тулаан хоёр багийн лидерүүдийн дунд өрнөж, Рафаэл Надал, Шапаловыг хоёр сетэнд 6:3 , 7:6(7) гэсэн харьцаатай ялж, аваргын цомыг эх орондоо авчирлаа. Харин тэдэнд ялагдсан Канадын шигшээ багийн хувьд финалд үлдсэн амжилт нь тэдний энэхүү тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь болжээ. Өмнө нь тэд 1913 болон 2013 онуудад хагас шигшээд шалгарч байв.
Б.МӨНГӨНТАМИР