Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны таван шилдэг бүтээл багтсан "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр /2019.11.25/ боллоо.
"Алтан пянз"-д Б.Шарав агсны:
- Трио-1980 он
- Хоёрдугаар симфони-1987 он
- Зуурдын орон-1998 он
- Монгол орон бадартугай-2011 он
- 2018 онд туурвисан Эхийн сэтгэл шиг гэсэн таван бүтээл нь багтжээ.
Тус ёслолын ажиллагааны үеэр нэрт хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганчимэг оролцож, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Хань минь энэ баярт өдрийг тэнгэрээс хараад баярлаж суугаа байх. Алтан пянзыг бэлгэдлийн зориулалтаар есөн ширхгийг хэвлүүлж авчирсан. Төрийн түүхийн музейд хадгалагдах энэхүү пянз бол ханийн минь гарын үсэгтэй “3” дугаарын пянз юм. Мөн тоглуулах зориулалтын "Хоёрдугаар симфони" хэмээх 300 ширхэг хос пянз бий” гэсэн юм.
"Хоёрдугаар симфони” алтан пянзыг Лондон хотоос авчирсан аж. Энэхүү пянзыг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт “EMI 1440” төхөөрөмжөөр 300 ширхгийг Английн нийслэлд хэвлэсэн нь энэ юм байна.
Холбоотой мэдээ