Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн найман бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон билээ.
Энэ хүрээнд Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргааг 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Яармаг руу нүүлгэн шилжүүлэхээр болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөж, барилгын ажил эхлээд дуусах шатандаа явж буй.
Хотын захиргаа Яармаг руу нүүснээр олон асуудал шийдэгдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж, хоногт дунджаар 200 мянга орчим автомашин хотын төв рүү зорчдог аж. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурах ажээ.
А БЛОКИЙГ 2020 ОНЫ ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа.
-Хотын захиргааг яармаг руу нүүлгэх асуудал ямар шатанд яваа вэ. Тухайн барилгын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хотын захиргааны шинэ барилга гурван блокоос бүрдэж байгаа. А блок буюу НИТХ, Улаанбаатар хотын захирагчийн алба, НЗДТГ мөн хоёр дахь блок буюу агентлагууд болон гурав дахь блок хараахан баригдаж дуусаагүй байна.
А блок 90 гаруй хувьтай явж байна. Дотоод засал руугаа орсон учраас 2020 оны өмнө ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна. Яг л норм дүрэм нормативын дагуу явагдах ёстой. НИТХ-аас ашиглалтын өмнөх захиргааг байгуулсан. Тиймээс өдөр тутмын хяналт, үр дүн гүйцэтгэлээ хянаад явах юм. Ямар ч байсан 2020 оны өмнө НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн алба А блокоо хүлээн авахаар ажиллаж байна.
-А блокийг инновацийн төв болно гэж яригдаж байсан?
-Тэр бол тодорхой санал ярьсан. Нийслэлийн Засаг дарга УИХ-д танилцуулсан. Анхнаасаа тийм зориулалтаар бариагүй учир зориулалтын дагуу ашиглах ийм л үүрэг өгөгдсөн. Яагаад гэхээр инновацийн төвүүдийг нийслэлд байнга байгуулж байгаа. Нэгдүгээрт, ХАБ буюу инновацийн төв байгуулсан. Хоёрдугаарт, бид хэд хэдэн дэд төвүүдэд буюу Баян хошуунд байгуулж байна. Ингэхээр бид шинжлэх ухаанд үндэслэсэн төлөвлөгөөтэй, тооцоотой ийм л хот байхын төлөө явахыг хичээж байна. Дэлхий дахинаа инновацийг нэвтрүүлж байхад хамгийн бага зардлаар үр ашигтай зүйл рүү тэмүүлэх ёстой.
-А блок удахгүй ашиглалтад орно гэж байна. Тэнд нийт хэчнээн хүн ажиллах вэ. Тооцоо судалгаа бий юу?
-Нэг өдөрт бидний энэ орчинд таван мянга гаруй иргэн зөвхөн төрийн үйлчилгээ авах гэж Бага тойруу дотор давтамжтай ирж байна. Яармаг дах шинэ төвийн зорилго нь нэг дороос олон төвүүдээс, олон үйлчилгээг авах бүрэн бололцоотой. Хоёрдугаарт, энэ жилээс 17 үйлчилгээг нэмж хороод руу өгсөн. Ерөөсөө аливаа үйлчилгээг авах гэж бага тойруу руу ирдгээ болих ёстой. Иргэн та нэгдүгээрт, онлайнаар, хоёрдугаарт, хороон дээрээс, гуравдугаарт, нэгдсэн төвүүдээс авч болж байна. Тиймээс төвлөрөл нэг дороо биш олон төвүүдэд байлгах зорилготой.
-Нөгөө хоёр блокийн тухайд хэдийгээр ашиглалтад орох вэ?
-Б блок долоон давхар хүртлээ цутгалт хийгдсэн. Барилгынхаа норм дүрмийн дагуу явах ёстой.
-Ямар агентлагуудыг тийш нь шилжүүлэх вэ?
-Нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж очно. Яармагт 30 орчим агентлаг нүүж очих бүрэн бололцоотой. Тиймээс түгжрэлийг сааруулж иргэдийн үйлчилгээг нэг дор болгох бас нэг төв болох юм.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ