“МАН-ын залуус машин шатаагаагүй”

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

“МАН-ын залуус машин шатаагаагүй”

Ийм мэдээллийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.


МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ нь есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд “Бид хамтдаа” чуулга уулзалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулжээ. Уг арга хэмжээ хоёр өдөр үргэлжилж, есдүгээр сарын 13-нд 18.00 цагт өндөрлөсөн. Гэвч нэр бүхий вэб сайтад “Говь-Алтай аймгийн НАМЗХ-ны дарга, тус аймгийн МАН-ын хорооны дарга нар гар зөрүүлж, машинаа шатаасан” гэх мэдээлэл тавигдсан нь үндэслэлгүй гүжирдлэг гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн дээрх нэр бүхий вэб сайтад “Есдүгээр сарын 12-нд Өвөрхангай аймгийн Сант сумын МАН-ын хорооныхон шилдэг байгууллага болсноо тэмдэглэж архи ууцгаан эцэстээ хоёр гишүүн нь маргалдаж нэгнээ хутгалсан” гэх мэдээлэл тавигдсан нь зохион байгуулалттай гүжир гүтгэлэг. Баярын арга хэмжээ нь есдүгээр сарын 11-нд болсон, тухайн өдрөө дууссан. Хэрэг явдлыг нягтлахад Сант суманд хоёр иргэн маргалдаж, нэгнээ хутгалсан байдаг. Тухайн суманд болж өнгөрсөн үйл явдлыг МАН-ын хороонд нялзааж, гишүүд нь хоорондоо зодолдсон, биенээ хутгалсан зэргээр зохион байгуулалттай гүжир гүтгэлгийг тарааж байгааг эрс няцааж байна. Ийм зүйл болоогүй. Худал мэдээллийг эрх баригч намын нэр бүхий улстөрчийн вэб сайтад тавигдсан нь зохион байгуулалттай үйлдэл гэж үзэх үндэстэй гэдгийг мөн тэрээр тодотголоо.


Түүнчлэн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хууль зөрчин хуралдаж, Засаг дарга С.Насанбатыг огцруулсан нь буруу. Ерөнхий сайд хууль бус ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсэн Засаг даргыг батламжилсан байгаа. Энэ асуудлыг өнөөдөр зарлагдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодорхой мэдээллийг хэвлэлийнхэнд өгнө гэж тодотголоо.

УИХ-ын төвшинд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалдаг. Гэвч тус ажлын хэсэг өнөөг хүртэл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй. Тиймээс тус ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр ажиллаж чадахгүй юм байна гэж үзэн, МАН-ын зүгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа 20 намын саналыг авчээ. Хуульд зааснаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө Засгийн газраас санал авах ёстой байдаг. Энэ дагуу энэ долоо хоногт багтаан тус хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж, санал авах юм байна. Дээрх хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоо нь өнөөгийн холимог тогтолцоогоор буюу 48х28 байх аж. МАН-ын зүгээс 76 тойрог гэсэн саналыг барьсан ч бусад улс төрийн намууд хүлээн зөвшөөрөөгүй санал хуваагдсан тухай тус намын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж