“Хубилай Монголын хаан гэдгийг дэлхий нийтээр зөвшөөрдөг”

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

“Хубилай Монголын хаан гэдгийг дэлхий нийтээр зөвшөөрдөг”

Хубилай сэцэн хааны 800 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн доктор, профессор С.Цолмонтой ярилцлаа.


-Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хоёр янзаар тайлбарладаг. Нэг хэсэг нь Хубилай хааныг түүхэн гавьяатай гэж үздэг бол нөгөө хэсэг нь Монголын нийслэлийг Бээжин рүү шилжүүлсэнд буруутгадаг. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ жил Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байна. Хубилай хааныг “Монголын эзэнт гүрний хөгжил өндөр түвшинд хүрсэн, оргил үед төр барьж байсан” гэж үздэг. Гэхдээ Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн хувьд эрдэмтэд маргадаг. Нэг талаас тухайн үеийн нөхцөл байдлаас үүдээд Монголын нийслэлийг Бээжинд нүүлгэн захирахаас аргагүй байсан гэж үздэг. Учир нь тухайн үеийн Нанхиад улсын хүн ам Монголоос хэд дахин их байсан. Тиймээс анхны Ерөнхий сайдын нэг А.Амар гуай хэлэхдээ “Хубилай бол алсыг харсан бодолтой хаан байсан. Учирч болох олон аюулаас алсын бодолтойгоор үндэстнээ хамгаалсан” гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь Монголын нийслэлийг Бээжинрүү шилжүүлснийг буруутгадаг. Учир нь тухайн үед Хархорум  дэлхийн эзэнт гүрний төв байсан гэдэг. Энэ ч үүднээс Хархорумыг нийслэл хэвээр байлгасан бол өдийд Монгол Улсын хөгжил өөр байна хэмээн үздэг.

Гэхдээ 800 жилийн өмнөх асуудлыг ийм байдлаар ярихаас илүүтэй хойч үеийн түүхэн үр дагаврыг харах нь чухал. Монголын эзэнт гүрэн 1368 онд унахад эргээд ирэх нутагтай байсанд Хубилай хааны гавьяа оршино. Учир нь анхнаасаа Хархорум нийслэл хэвээр байсан бол олон орны худалдаачид, гар урчид нүүдэллээд хэдэн үеэрээ амьдардаг их хөлийн газар болох байсан.  Дараа нь Монголын эзэнт гүрэн унахад хэдэн үеэрээ амьдарсан хүмүүс “Бид энд төрсөн, бид эндхийн уугуул” гэх тохиолдол гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс монголчууд эргээд ирэхэд өөрийн гэсэн нутагтай байсан нь Хубилай хааны гол гавьяа гэж болно.

-Тэгвэл Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэж буй энэ жилийн гол онцлог юу вэ?

-Энэ жилийн хувьд Хубилай хааны мэндэлсэн ойн босгон дээр түүхэн баримтад тулгуурласан шинэ судалгаанууд гарсан. Нэг ёсондоо үзэл суртлын хүлээснээс чөлөөлөгдсөн гэсэн үг. Учир нь социалист, капиталист нийгмийн ялгаатай холбоотойгоор Монголын түүхэн судалгааны баримт төдийлөн нээлттэй байгаагүй. Тэгвэл одоо олон орны эрдэмтдийн судалгааг нээлттэй үзэх боломжтой болсон. Энэ нь Хубилай хааны хамтын судалгааг эхлүүлж зөвхөн монгол биш дэлхий нийтийн шинжтэй болж байна. Тиймээс энэ жил олон орны эрдэмтэд цугларч Хубилай хааны Монголд төдийгүй, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг бодитойгоор үнэлж байгаа нь бидний хувьд бахархал гэж болно.

-Хубилай хааныг дэлхийн хэчнээн эрдэмтэн судалж байна вэ?

-Нарийн тоо хэлэх боломжгүй л дээ. Хубилай хааныг олон улсын эрдэмтэд урлаг, шашин, зоос судлал, зам харилцаа, уран барилга гэх зэргээр олон талаас нь судалдаг. Хубилай хааны 800 жилийн ойн арга хэмжээнд гол судлаач эрдэмтэд Монголд ирсэн.

-Хубилай хааны ойг Хятад улс өргөн дэлгэр тэмдэглэж байна. Гэтэл бид эрдэм шинжилгээний хурал хийх төдийхнөөс хэтэрдэггүй гэх зэргээр шүүмжлэх хүмүүс бий. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Аливаа зүйлийг шүүмжлэх амархан. Гэхдээ ойн босгон дээр ганцхан эрдэм шинжилгээний хурал хийгээгүй. Өчигдөр л гэхэд /ням гариг/ Хубилай хааны түүхийг илтгэх судалгааны есөн боть номын нээлт хийсэн. Мөн үзэсгэлэн, АНУ-ын хөгжмийн зохиолчийн бүтээлийг сэргээн тоглож байна, Хубилай хааны “Сүрийг бадруулагч” хотын бичээсийг байрлуулсан. Цаашлаад урлагийн олон бүтээлийг дэлгэсэн. Судалгааны ажил ч өргөн хийгдсэн. Энэ хэрээр Хубилай хааны 800 жилийн ойн арга хэмжээ салбар, төрөл бүрээр өргөн зохион байгуулагдаж байна. 

-Хубилай хааныг хятадууд өөрийн хаан гэж тайлбарлах тохиолдол бий. Энэ асуудалд түүхийн үүднээс тайлбарлаж өгөөч?

 

-Хятадын талаас “Чингис хаан бол Монгол хүн. Манай үндэсний цөөнхийн баатар хүн” гэж тайлбарлах нь бий.

1911 оноос хойш ар, өвөр монгол гэж зааглагдсан. Ингээд 1945 оны гэрээгээр монголчууд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан ч гэлээ өвөрмонголчуудыг өөртөө нэгтгэж чадаагүй. Энэ түүхэн нөхцөл байдлыг ашиглаад Хятадын зүгээс ингэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч Хубилай бол Монголын хаан гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн.

Мэдээж Хятад улсыг хэсэг хугацаанд Монголын хаад хаанчилж байсныг бид үгүйсгэхгүй. Гэхдээ Хубилай бол хятад хүн биш, хятад төрийн тэргүүн биш. Бидний хувьд  Манжийн эрхшээлд байсан гээд хааныг нь монгол хүн гэж хэлэхгүй. Тэгэхээр Монголын эрхшээлд байсан үеийн Хятадын түүх гэж ярина. Тиймээс Хубилай бол Монголын хаан гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж