"Математик суурьтай хүүхдүүд Монголын ирээдүй"

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

"Математик суурьтай хүүхдүүд Монголын ирээдүй"

"Математик суурьтай хүүхдүүд Монголын ирээдүй"

"АНД Глобал" компанийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Анартай ярилцлаа.


-Ч.Анар гэх хүнийг олон нийт LendMN гэдгээр нь сайн мэддэг, таньдаг. Гэтэл LendMN "АНД Глобал" компанийн охин компани болж таарлаа. "АНД Глобал" компанийн талаарх яриагаар ярилцлагаа эхэлье?

-"АНД Глобал" бол санхүүгийн технологийн компани. Бид LendMN-ийн технологийг зохион бүтээсэн. Өнөөдөр "АНД Глобал" компани нийт технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг найман охин компанитай. Үүний нэг нь LendMN.

Гадаадад боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлж буй математикч залуучууд нийлж улс төрд орохгүйгээр эх орондоо ямар нэгэн өөрчлөлтийг авчиръя гэсэн зорилгын дор анх нэгдэж, "АНД Глобал"-ыг үүсгэн байгуулсан. Бид анхнаасаа санхүүгийн технологийн компани байгуулна гэсэн зорилгогүй байсан. Ингээд бидний хэдэн найз эх орноо хэрхэн өөрчилж болох вэ, асуудал нь юунд байна гэдэг асуултын хариултын эрэлд гарсан. Энэ бол боловсролын асуудал байсан. Хоёрдугаарт, монголчууд нийлж нэгдэж чадахгүй байгааг бид олж харсан. Мөн тодорхой хэмжээнд хүсэл тэмүүлэл бага. Дотооддоо өрсөлдөөд байхаас биш гадаад, том зах зээл рүү хамтдаа нийлж гарахгүй байна гэдгийг олж хараад залуучууд нийлж, нэгдэж чаддаг, дэлхийн технологийн боломжийг ашиглаж чаддаг, зөвхөн одоо байгаа зүйлтэйгээ зууралдахгүй явж болох юм байна гэдгийг батлан харуулахыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, мөс хагалъя.

Ингэснээрээ залуу үе өөрсдөдөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэхүйн томоохон өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг. Одоогоор энэ зорилгодоо тодорхой хэмжээнд хүрээд явж байна гэхдээ цаашид хийх зүйл маш их байгаа. Бид маш олон технологийн компанид замыг нь засч өглөө, хөрөнгө оруулалтын ойлголтыг нь өөрчилж өгсөн гэж харж байна. Энэ зорилгынхоо биелэлтийн хэмжүүрийг бид олон улсад NASDAQ эсвэл ХонгКонгт амжилттай IPO хийж үзүүлэх бодолтой байгаа.

-Дижитал шилжилт хүссэн хүсээгүй бидний өмнө ирчихлээ. Өнөөдөр монголчууд бид технологийн дэвшлийг өргөн ашиглаж байгаа үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Нөгөө талаар бид дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийн сүүлийг мушгиж байгаа үзүүлэлт саяхан гарсан. Үүнээс харахад, нэг талаараа бид тэргүүлээд байгаа юм шиг хэр нь зарим нэг зүйлээрээ хоцроод байна уу гэж харж байна. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд бол технологийн сайн хэрэглэгч. Асуудал нь технологи бүтээгчид биш байгаад оршиж байгаа юм. Бид энэ байдлыг л өөрчлөхийг хүсээд байгаа юм. Өнөөдөртөө бид технологийн сайн хэрэглэгч болоод яваад л байна, харин ирээдүйд Монгол Улс гэдэг утгаар нь авч үзэх юм бол технологийг ямар нэгэн байдлаар бүтээгч болох ёстой.

Аж үйлдвэрлэлийн эрин үед Монгол Улс бүтээгч байж чадаагүй, дандаа л хэрэглэгч байсан. Ямар нэгэн түүхий эд боловсруулах үйлдвэр өөрсдөө бариагүй, техник технологи зохион бүтээгээгүй, дандаа л түүнийгээ гаднын улсаас импортлож, ашиглаж ирлээ. Уул уурхайн хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бүтээгч биш түүхий эд, баялгийг олборлогч орон. Энэ бол мэдээж байх ёстой. Баялаг бүтээх гэдэг тал дээр монголчууд асуудалтай байсаар л байна.

Өнөөдөр монголчууд фейсбүүк, iPhone, Samsung-ийг маш сайн хэрэглэж байна. Үүрэн холбоо, банк санхүүгийн дижитал шилжилтийг иргэд маш мэдрэг ашиглаж, хэрэглэж байна. Тархай бутархай, алслагдмал аймаг сумдад ч гэсэн мэдээлэл, харилцаа холбоо маш сайн хөгжиж байна. Гэсэн хэдий ч тэдгээр технологийн бүтээгч нь биш, хэрэглэгч гэсэн статустай л байна. Иймээс бид технологийн бүтээгч болох зайлшгүй шаардлагатай.

Тэгтээ тэргүй мэдээллийн технологи дэлхийн ирээдүйн номер нэг чиг хандлага болчихсон. Иймээс бид үүнд соргог хандаж, хандлага, бодлогоо хурдацтай өөрчлөхгүй бол дараагийн 100 жил бүр илүү хоцрогдох эрсдэлтэй.

-Бүтээгч байх хандлага сүүлийн жилүүдэд маш их ажиглагдаж, технологийн старт-ап компаниуд борооны дараах мөөг шиг л олширч, хүн болгон л дижитал шилжилтийн тухай ярьж байна. Мэргэжлийн ч бай, мэргэжлийн бус ч бай бүх хүмүүс энэ тухай ярих нь эргээд нөгөө старт-ап компаниудад сөрөг нөлөө үзүүлэх бий гэсэн айдас энэ чиглэлд бизнес эрхэлж буй хүмүүст байдаг юм байна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

Өнөөдөр улс гэлтгүй төрийн, хувийн хэвшлийн бүх байгууллага, компаниуд дижитал шилжилтэд зайлшгүй орж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ зах зээлүүд нээгдэж байна. Гэхдээ томоохон зах зээл гэдэг бол бизнесийн найдвартай үйл ажиллагаа, технологиор хангагдаж, боловсон хүчин түүнийг нь авч явах ёстой. Түүнд нь старт-ап компаниуд нийцэж явах ёстой. Дэлхийн компаниудтай өрсөлдөж байж, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн хийсэн цагт энэ түвшинд гарч чадна. Зөвхөн тухайн нэг байгууллагад нийцсэн технологийн шийдлээр өрсөлдөхөд хэцүү. Тэр утгаараа старт-апууд өөрсдөө энэ зах зээлийнхээ шаардлагад нийцсэн байх ёстой. Боломж нь байна. Гэхдээ шаардлагадаа нийцэхийн тулд өрсөлдөөн илүү чанга болж байна.

-Технологио өөрсдөө бүтээгээд эхэлбэл энэ хэрээр цахим аюулгүй байдлаа найдвартай хангаж чадна гэж үзэж болох уу. Монгол Улсын кибер аюулгүй байдал хэр сайн хангагдсан гэж та харж байна вэ?

-Кибер аюулгүй байдлын хувьд бол Монгол улсад боловсон хүчин маш хангалтгүй, дутагдалтай байна. Мэдээллийн технологи гэхээр монголчууд програмистуудыг төсөөлөөд байдаг. Гэтэл мэдээллийн технологи салбарт маш олон мэргэжил бий. Дан ганц программист биш. Үүнд системийн аюулгүй байдал, системийн инженер, баазын инженер, системийн архитектор гэх мэт маш олон мэргэжил бий. Харамсалтай нь, манай улсын боловсролын систем энэ чиглэлд боловсон хүчнээ бэлдэхгүй байна. Багш нар нь энэ талаар тодорхой хэмжээний ойлголтыг дөнгөж авч эхэлж байна. Дээрх мэргэжлээр залуучууд дандаа гадаадад төгсч байна. Гэхдээ тэд Монгол Улсын энэ салбарыг аваад явахад хангалттай боловсон хүчин бэлдэж чадахгүй.

Үүний зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдал өөрөө асуудалтай байгаа. Гэхдээ улстөрчдийн яриад байгаа шиг тийм айхтар асуудал тулгамдчихаагүй байна. Тодорхой хэмжээнд улс гэдэг утгаараа мэдээллийн аюулгүй байдлаа сайн хангаад явж байгаа гэж харж байгаа.

Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр дэлхийн улс орнуудын номер нэг эрсдэл бол кибер аюулгүй байдал. Энэ бол бүхий л улсад байдаг асуудал.

Саяхан БНХАУ-ын 800 иргэн манай улсад цахим мөнгөний луйвар хийж байх үед нь хууль хүчний байгууллагынхан илрүүлсэн. Эдгээр хүмүүс наймдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулахад интернет цахим орчинд хэсэг доголдол, ачаалал бий болж байсан гэх яриа бий. Энэ яг баттай юу? Ер нь таны хувьд тэдгээр хүмүүсийг манай улсад юу хийж байсан гэж бодож байна вэ?

-Би тэр чиглэлийн мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувийн бодлоор энэ бол “click farm” буюу хандалт авах гэсэн зорилготой бизнесийн үйл ажиллагаа байсан болов уу. Энэ бүхий л улс оронд бий. Тодорхой хэмжээнд хууль дүрэм зөрчөөд л явж байгаа зүйл. Түүнээс биш үндэсний аюулгүй байдалд айхтар тулгамдсан ч юм уу, Монгол Улсын кибер аюулгүй байдалд заналхийлсэн зүйл бол байхгүй байх.

АНД Глобал компанийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Анар

-Дижитал эрин зууны энэ үед Монгол Улс олон улсад “Sandbox” гэдгээ зарлах нь зүйтэй юм аа гэсэн санааг та илэрхийлж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Бидэнд ямар боломж гарч ирнэ гэсэн үг вэ?

-Sandbox бол шинэ нээлт, бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулсан хууль, эрхзүйн таатай орчин гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тусгай бүс гэдэгтэй утга нэг юм. Дээр хэлсэнчлэн, манай улс бол технологийн хэрэглэгч улс. Мэдээлэл харилцаа, холбооны технологи хөгжсөн ч гэсэн бид хойноос нь явж байна. Дандаа үүсчихсэн технологийг хэрэглээд яваад байна. Энэ мэтчилэн дэлхийн улс орнууд хурдацтай хөгжиж байхад манай улсын хууль эрхзүйн орчин удаашралтай байна. Дэлхий дээр аль хэдийн тогтчихсон хууль, дүрэм журмыг бид нутагшуулдаг. Одоогоор манай улсад тодорхой хэмжээнд шинэ технологи нэвтэрч эхлээгүй байгаа тул давуу болон сул тал байна.

Бид илүү хурдацтай хөгжихийн тулд үсрэлт хийх ёстой. Хойноос нь хөөж яваад хэзээ ч дэлхийн хөгжлийг гүйцэхгүй. Иймээс л дараагийн 10 жилд боловсон хүчнээ сайн бэлдэхгүй бол Монгол улс мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар дахь сайн хэрэглэгч хэмээх тэргүүлэх байр сууриа хадгалж явахад амаргүй болов уу.

Учир нь, хүн ам цөөтэй, дэд бүтцийн хувьд өндөр хөрөнгө оруулалт хийгддэг энэ улсад бид үсрэлт гаргах ёстой. Үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Харамсалтай нь, энэ хөрөнгө оруулалт нь манайх шиг гурван сая хүн амтай зах зээлийг сонирхдоггүй. Тэгэхээр Монгол Улсыг яаж сонирхдог болох, чадварлаг залуучуудаа авч үлдэж, улс орноо хөгжүүлэх вэ гэвэл sandbox гэдгээ зарлах ёстой. Гаднын өндөр хөгжилтэй улс орнууд sandbox-д зориулсан хууль эрхзүйн орчныг тусад нь бий болгодог. Учир нь тэдгээр улс орнуудад хууль эрхзүйн орчин маш өндөр хөгжчихсөн байдаг тул тэдгээр нь шинэ инновацийг хөгжүүлэхэд саад болдог. Миний хувьд одоо боломж гэж хараад байна. Учир нь, өнөөдөр Монгол улсын хууль эрхзүйн орчин сул байна. Мөн манай улс бол санхүүгийн төв биш, интернэтийн том hub биш, тэгэхээр sandbox-ийг хөгжүүлэхэд бидэнд эрх чөлөө байна. Sandbox-ийг хөгжүүлэх нөхцөл нь ч бий болчихсон. Монгол Улсад төвлөрөл Улаанбаатарт их, орон нутагт сийрэг байна, хүн ам нь харьцангуй 100 хувь гар утас хэрэглэж байна, цахимжчихсан, бүгд л фейсбүүк ашиглаж байна. Энэ үүсчихсэн нөхцөл дээр ямар нэгэн инновацийн мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү, нано технологи, бүх төрлийн технологийн туршилтыг хийх бололцоог нь Монгол Улс нээгээд өгчих юм бол хөрөнгө оруулалт өөрөө урсаад ороод ирэх боломжтой. Ингэхийн тулд бодлогын хувьд маш зоригтой алхам хийх хэрэгтэй.

-Гэхдээ технологийн туршилт хийхээр үндэсний аюулгүй байдал гэдэг ч юм уу, сөрөг нөлөө тэр хэрээр орж ирнэ шүү дээ?

-Мэдээж, сөрөг нөлөө орж ирэх магадлалтай. Ямар нэгэн том шийдвэр зориг гаргаж байж хөдөлдөг. Түүнтэй адил манай улсын Засгийн газар үнэхээр зориг гаргаж байж, sandbox гэдэг зүйлийг нутагшуулж чадах юм бол хөрөнгө оруулалт гэдэг зүйл маш их, мөн ноу-хоу орж ирнэ. Яагаад гэвэл, технологийн чиглэлд гадагшаагаа чиглэсэн маш их хөрөнгө оруулалтын хэлэлцээг дэлхийн хэмжээний том компаниуд яриад явж байдаг. Тэд Монгол Улсыг хууль зөрчихгүйгээр шинэ технологи бойжуулж боломжтой нутаг гэж харж байна. Энэ бидний давуу тал. Үүнийг бид Засгийн газрын хэмжээнд бодлого гаргаад явах хэрэгтэй. Өнөөдөр хөрш хоёр улс өөрсдийн гэсэн криптовалютыг гаргаад явж байна. Энэ чиглэлд ч Монгол Улс хоцорчихлоо. Дэлхийн даяар хориглож байгаа мэт боловч криптовалют руу шилжих нь цаг хугацааны асуудал.

Монголчууд sandbox гэдгээ зарлаад дэлхийн хэмжээний том компаниудад шинэ технологио турших боломжийг нь олгоод өөрсдөө тэрхүү бүтээлийнх нь патентийнх нь хувийг эзэмшээд явах хэрэгтэй.

Хэрвээ ийм боломжийг олгох юм бол АНУ, Япон Сингапурын гэх мэт том компаниуд манай улсад шинэ инноваци турших сонирхол нь байна. Үүнийг нь оруулж ирэх нь ирээдүйд эзийн засгийн маш том орлогын эх үүсвэр болно. Монгол улс өөрөө инновацлаг улс болох боломжтой. Эрсдэл нь юу вэ гэхээр мэдээж, шинэ юм чинь зовлон их туулна. Гэхдээ тэр эрсдэлтэй харьцуулахад бидний өнөөдрийн энэ хоцрогдож буй байдал ирээдүйд маш том эрсдэл дагуулна.

-Хөрөнгө оруулалт татах ёстой. Гэхдээ зөв хөрөнгө оруулагч олох нь өөрөө маш хэцүү гэж бизнес эрхлэгчид ярих боллоо. Старт-ап компаниудын хувьд та амжилттай хөрөнгө оруулалт татсан хүнээр нэрлэгддэг. Таны хувьд зөв хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ? Зөв хөрөнгө оруулагчийг бид хэрхэн татах ёстой юм вэ?

-Монгол Улсад одоогоор яг жинхэнэ хөрөнгө оруулагч дөнгөж үүсч эхэлж байна. Зах зээлийн харилцаанд монголчууд шилжээд бизнесээ босгож сурсан. Одоо дэлхийн хэмжээнд бизнес хийж сурах гэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч гэдэг зүйл бол дараагийн шат нь. Амжилттай хөрөнгө оруулагч болсны дараа нийгмийн хариуцлагын төлөө, хүний төлөө юм хийж чадах тэр хэмжээнд монголын бизнесменүүд очих ёстой. Гэхдээ энэ бол суурь сэтгэхүйн хувьд цаг хугацаа шаардах асуудал. Магадгүй Монголд жинхэнэ хөрөнгө оруулагч үүсэхгүй байх хугацаа дахиад 10 жил байх.

Хөрөнгө оруулагч гэдэг бол маш олон төрөл байгаа. Орчин үед мандан бадарч буй хөрөнгө оруулагчид хэн байна гэхээр нийгмийн сайн сайхны төлөө, асуудлыг шийдэхийн төлөө хөрөнгөө зориулж буй тэр хүмүүс байна. Startup investor, Angel investor гэдэг санхүүгийн ашиг, өгөөж харахгүйгээр технологийн салбарт хөрөнгө оруулж, залуучуудын хүсэл мөрөөдлийг дэмжих буй тэр хөрөнгө оруулагчийг хэлдэг. Энэ бол залуу үедээ хийж буй оюуны хөрөнгө оруулалт. Мөнгөөр хийж байгаа мэт боловч оюуны боловсролыг дэмжиж байна гэсэн үг. Миний хувьд АНД Глобал компани бол Монголд анх Angel investment буюу залуучуудыг дэмжих гэдэг чиглэлд хөрөнгө оруулалтыг амжилттай авч яваад итгэл найдварыг алдаагүй компани байх гэж боддог юм. Өнөөдөр бид хөрөнгө оруулагч гэдэг зүйлийн талаар залуучуудад сургалт хийгээд, өөрсдөө ч суралцаад явж байна. Яг энэ чиглэлд ирээдүй маш сайхан харагдаж байгаа гэж хэлж болно.

-Криптовалютын талаар та ярьлаа. Нэг хэсэг криптовалют бол монголын нийгмийг гайхшруулахын зэрэгцээ үүнийгээ дагаад санхүүгийн луйвар явж эхэлсэн. Үнэхээр бид энэ цахим мөнгө гэдэг зүйлийг нэвтрүүлээд явах нь зүйтэй юу?

-Миний хувийн бодлоор бол криптовалютыг тойрсон маргаан бол дуусахгүй. Хубилай хаан бол дэлхийд цаасан мөнгөн тэмдэгтийг амжилттай хэрэгжүүлсэн анхны хүн. Түүнээс өмнө олон улс, үндэстэн цаасан мөнгөн тэмдэгтийг хэрэгжүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Хубилай хаан цаасан мөнгөн тэмдэгтийг Юань гүрэнд амжилттай хэрэгжүүлсэн ч Цагаадайн улс зэрэг бусад улсад хэрэгжүүлж чадаагүй. Өнөөдөр, 600-700 жилийн дараа бүгд цаасан мөнгөн тэмдэгт ашигладаг болчихсон байна. Үүнтэй адил криптовалют хэрэглээнд нэвтрэхэд хугацаа хэрэгтэй. Энэ бол гарцаагүй зүйл. Харин биткойн байх уу, үгүй юу гэдэг асуудал бол өөр. Биткойн бол эзэн байхгүй, технологиор бүтээсэн цахим мөнгө. Үүнтэй зэрэгцээд луйврын технологи дэлхий даяар маш өргөн тархсан. Ер нь бол 95 хувь нь тэрчигтээ луйвар. Луйвар нь шинэ технологи гарч ирэх болгонд л үүсч бий болж байдаг. Үүнээс болоод дэлхийн улс орнууд, ард иргэдэд болгоомж үүсчихсэн байгаа.

-Тэгвэл тэрхүү эрсдлийг зохицуулаад явах боловсон хүчин Монгол улсад ер нь байна уу?

-Боловсон хүчний хувьд асуудалтай байна. Сайн боловсон хүчин бэлтгэгдэж байна гэж хүмүүс яриад байдаг. Гэтэл үгүй. Ирээдүйд бид боловсон хүчний хувьд бүр их асуудалтай тулгарна. Яагаад гэвэл манай компани өөрөө байнга боловсон хүчний эрэлд явж байдаг. Ингээд харахаар, монголчууд олон улсын бизнес хийсэн туршлага маш бага, инноваци хийсэн туршлага бага байна. Үүнийгээ дагаад эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтдэд боломж олдоогүй, тэр чиглэлээр туршлага байхгүй, ядаж нээлт хийх процедурын явцыг ямар байдаг вэ гэдэг талаар тогтсон ойлголт байхгүй байна. Гэтэл цахим шилжилт гэдэг зүйл хүссэн хүсээгүй ороод ирлээ. Байгууллага, банкны зардлын 70 хувь нь IT зардал байх жишээтэй. Тэгэхээр энэ салбарт боловсон хүчин эрэлттэй байна. Уул уурхайн компаниуд ч гэсэн шинэ, шилдэг технологиудыг ашиглаад эхэлж байна гэдэг бол тэр чинээгээрээ боловсон хүчин хэрэгтэй болно гэсэн үг. Гэтэл зах зээлд шаардагдаж буй, эрэлттэй байгаа боловсон хүчний нийлүүлэлт манай улсад маш бага байна. Эрэлт нь бол ирээдүйд асар их байх боловч нийлүүлэлт байхгүй. Боловсролын тогтолцоог хараад байхад математик, IT гэдэг чиглэлээр боловсон хүчин бэлдэж буй тоо бол маш хангалтгүй. Хүмүүс банк санхүү, бизнесийн удирдлага гэсэн чиглэлд суралцаж байна. Энд илүү том зах зээл, эрэлт байж байхад боловсон хүчин нь хахчихсан, илүүдэлтэй байгаа чиглэлд эцэг эхчүүд хүүхдүүдээ сургасаар л байна. Үүний үндсэн суурь шалтгаан нь Монгол Улс өөрөө социализмын үед математикийн суурь боловсролыг сайн олгож байсан, харин одоо маш муу олгож байна.

Би өөрөө математикийн олимпиадын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Математикийн олимпиад, оюун ухааны чиглэлд хүүхдүүд маш том амжилт гаргаад явж байгаа мэт харагдаж байгаа боловч боловсон хүчин үнэндээ байхгүй болчихсон. Яг үнэхээр гүнзгийрүүлсэн 11-р болон 1-р сургууль, Сант, Шинэ Монгол гэх мэтчилэн гүнзгийрүүлсэн сургуулиуд математик суурьтай хүүхдүүдийг бэлдэж байна. Гэхдээ энэ бол маш хангалтгүй. Массаар нь авч үзвэл асуудалтай болчихсон. Өөрөөр хэлбэл, ирээдүйн боловсон хүчин гэдэг бол дандаа IT, математик суурьтай хүмүүс байх болно. Математикийн шинжлэх ухааны суурь ойлголт байхгүйгээр Монгол Улс чадварлаг боловсон хүчин бэлдэх, тэр байтугай инноваци бий болгох хэцүү.

Хүн болгон математикч болох албагүй. Гэхдээ инновацийг бий болгоход гарцаагүй суурь нь математикийн шинжлэх ухаан байна. IT, мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн мэргэжлийн суурь нь математик. Энэ боловсон хүчин өөрөө массаараа байхгүй болчихсон нь айдастай байна.

Үүн дээр монголын томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай математикийн олимпиадын хороог дэмжээд хамтарч ажиллаж байна.

Гэхдээ дахиад л Засгийн газрын хийх ёстой ажлыг бид хийгээд л байна. Бидний үр нөлөө, далайц бол маш бага. Засгийн газар үүнийг бодлогын түвшинд авч үзээд явахгүй бол дэлхийн хөгжлөөс бид хоцрогдох гээд байна, бүр хол хаягдах гээд байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааг харж байхад Монгол улсын Засгийн газарт алсын хараа, амбиц гэдэг зүйл огт байхгүй байгаа нь ажиглагдсан. Дараагийн дөрвөн жилд хэн гараад яаж утаагаа шийдэх вэ гэхээсээ илүү Монгол Улс тэргүүлэгч технологийн компанитай улс болно гэдэг ч юм уу алсын хараагаа томоор сэтгэж тодорхойлоод, тодорхой болгоод тийшээгээ зүтгэх ёстой. Мэдээж, бид цэргийн технологийг хөгжүүлж чадахгүй, үйлдвэрлэгч байна гэхээр бас чадахгүй. Уул уурхай байх ёстой. Түүний хажуугаар бидний хамгийн том боломж бол оюуны салбар байна. Гэтэл өнөөдөр жижиг асуудлуудаа ярилцаж суусаар байна. Улс том зорилго тодорхойлоод түүн рүүгээ зүтгэх юм бол жижиг асуудлууд шийдлээ олчихно.

Боловсролын асуудал бол Монгол Улсад тулгамдаж буй дараагийн хамгийн том сорил байх болно. Инноваци, дижитал шилжилт, уул уурхай, санхүүгийн боловсрол, боловсон хүчин гээд бүгд л боловсрол гэдэг зүйл дээр зангидагдаж байна. Боловсрол муу байгаагаас хүмүүс мухар сүсэг, популизм-д хэт автаж байна, факт-чек буюу баримт нотолгоо дээр үндэслэхгүйгээр туйлширч байна. Амьдралын хэцүү учир шалтгааныг өөрсдөөсөө бус өөр бусад хүчин зүйлээс хайж байна. Энэ асуудал улам л бүр даамжирч байна. Засгийн газар нь тодорхой хэмжээнд үүнд зохицуулалт хийхгүй бол болохгүй болчихлоо.

-Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа боловсон хүчин гэж байна. Тэд ч гэсэн дижитал шилжилттэй холбоотойгоор тодорхой хэмжээний сорилттой тулгарч байна шүү. Эдгээр хүмүүсийн эзэмшсэн мэргэжил явандаа үнэ цэнэгүй болох уу?

-Би бол үндсэндээ бүгдийг нь мэдэхгүй шүү дээ. Манай компани бол анхны үндсэн зорилгынхоо хүрээнд гадаадад амьдарч ажиллаж буй залуучуудыг уриалан дуудаж, үр хүүхэд, ирээдүйн хойчийнхоо таатай орчныг бэлдэх суурийг тавьж өгөх зорилготой. Үүнд бид хувь нэмрээ оруулах ёстой, үүний  төлөө эх орондоо ажиллах хэрэгтэй гэдэг зорилгын хүрээд ажиллаж байна. Гадаадад байгаа залуучуудыг хамгийн их уриалан дууддаг хүн нь би өөрөө. Өнөөдөр бидний хийж буй ажил хангалттай сайн яваад, үр бүтээлтэй байгаа ч гэсэн нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйл, бухимдал нөгөө залуучуудыг мохоож байна. Залуучуудыг уриалаад эх оронд нь авч ирээд хоёр, гурван жил болоод ирэхлээр сүүлдээ тийм ч өөдрөг ирээдүйг олж харахгүй байна. Сүүлдээ би ч өөрөө тэрхүү сайхан ирээдүйг харж чадахгүй болж ирж байх шиг байна. Массаараа л хөдлөхгүй бол нэг компани, 10 компани хөдлөөд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Ирээдүй харагдахгүй байгаа нь, тодорхойгүй байгаа нь чадварлаг боловсон хүчнийг эх орон руу буцаан татаж байгаа бидний хүсэл зориг том сорилттой л тулгарч байна гэж харж байна. Ирэх жил, тэрний дараа жил амьдрал илүү сайхан болно гэдгийг л залуучууд маань харж чадвал ирээдүйдээ итгэлтэй, ёс зүйтэй, зүтгэлтэй л амьдралд хандах байх. Гэтэл өнөөдөр тэр ирээдүй нь харагдахгүй байгаа болохоор ёс зүй, зарчим гэдэг зүйл нь алдагдаад байна гэж харж байна.

Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж