"Зургаан настнууд хичээлээ мартчихвал шууд уйлчихдаг"

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

"Зургаан настнууд хичээлээ мартчихвал шууд уйлчихдаг"

"Зургаан настнууд хичээлээ мартчихвал шууд уйлчихдаг"

Ээж, аавдаа цүнхээ үүрүүлээд гараас хөтлөн гүйх нэгддүгээр ангийнхан. Ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр “Зургаан настнууд” гэх шинэ тодорхойлт гарч ирсэн. Тэд хичээл дээрээ уйлж, унтахаас эхлээд хөгжилтэй, өхөөрдөм олон үйлдэл гаргадаг. Тиймээс зургаан настнуудын хөгтэй, хөгжилтэй хичээлийн нэг өдрийг нь сурвалжилжлахаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар дунд сургуулийн Ш.Бурмаа багштай нэгдүгээр ангийг зорилоо.


Нэг эгнээнд жагссан сурагчид шатаар гурван давхарт гарч, ангийнхаа үүдэнд очоод гадуур хувцсаа тайлан уутанд хийв. Зарим нь шалан дээр өвдөглөж суугаад хурдхан хувцсаа тайлахаар яарна. Бүгд хувцсаа ууталж дууссаны дараа ангидаа орж, суудлаа эзлэв. Удалгүй хичээлийн хонх дуугарч, “Сайн байна уу, та” хэмээн ангийн багштайгаа мэндэлснээр тэдний хичээлийн нэг өдөр эхэллээ.

“БИ АЛЬ ХИЧЭЭЛДЭЭ ДУРТАЙГАА МЭДДЭГГҮЙ ЮМ”

Хичээл эхлэхээс өмнө сурагчид багшдаа гэрийн даалгавраа хураалгалаа. “Багшаа би гэрийнхээ даалгаврыг хийчихсэн”, “Багшаа би Р үсгээ бичээд ирсэн”, “Багшаа би Р үсгээ бичээгүй” хэмээн ам булаалдан ярина. Тэгснээ дэвтрээ хураалгах гэж сандралдахад багш нь “Энэ бол уралдаан биш. Салаа салаагаараа өмнө нь сууж байгаа найздаа дамжуулаарай” гэж сануулахад жаахан намдаж, дэвтрээ урагш дамжуулцгаав.

Энэ зуур гаднаас нэгэн жаал орж ирээд гуравдугаар салааны хамгийн эхэнд суулаа. Түүнийг Б.Төрболд гэдэг. Хөлс нь бурзайсан түүнээс хаашаа яваад ирснийг нь асуувал “Би ангийнхаа найз Б.Мөнх-Алдарыг хайгаад ирлээ. Тэгсэн чинь Б.Мөнх-Алдар үйлчлэгч эгчийн өрөөнд хоол идээд сууж байна. Намайг хоол идэх үү гэхээр “Үгүй” гээд хэлчихээд ирлээ” гэж хариулах нь өхөөрдмөөр. Ш.Бурмаа багштай нэгдүгээр ангийн “А” бүлэг нийт 42 сурагчтай бөгөөд биднийг очиход дөрвөн хүүхэд чөлөө авсан байв. Харин ангийнх нь хөгжлийн бэрхшээлтэй ганц найз нь Б.Мөнх-Алдар ажээ.

Багшийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс ангийн эцэг эхчүүд санаачлан хуваарь гаргаж, аравнэгдүгээр сарын 20-ноос эхлэн өдөр бүр нэг хүүхдийн ар гэрээс хэн нэг нь ирж, багшийн ажилд туслах болжээ. Энэ удаад Д.Мөнгөншагайгийн ээж туслах багшаар ажиллахаар ирсэн байв. Ингэж эцэг, эх болон багш нар хамтарч ажиллах нь багшийн ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, эцэг эхчүүдийн хувьд ч хүүхдийнхээ насны онцлог, хичээлдээ хэрхэн анхаарч, ямар хичээл үзэж байгааг нь мэдэж, ойлгох ач холбогдолтой аж.

А, Э, И, О, У,Ө,Ү хэмээн дуу нэгтэй унших зургаан настнууд одоо эгшиг долоон үсгээ үзэж, М, С, Р гийгүүлэгч үсгээ үзээд буй гэнэ. Багш нь “Анхаараарай хүүхдүүдээ өчигдөр бүгдээрээ их мундаг байсан. Өнөөдөр даалгавар ажил дээр нэг дасгал нэмэгдсэн” гэхэд зарим хүүхдүүд нүдээ бүлтийлгэн “Хөөх одоо яана аа” хэмээн уулга алдаж, сонсдов.

Хүүхдүүд дасгалаа бичих зуур Булгантамир хүүгээс “Хичээл хийх гоё байна уу” гэж асуухад “Мэдэхгүй ээ. Би аль хичээлдээ дуртайгаа мэддэггүй юм” гэж хариуллаа. Эгшиг үсэг, хос эгшиг, урт эгшгээ дөнгөж ялгаж буй тэдэнд багшийн даалгавар тийм ч амархан байсангүй бололтой. Багшаасаа байн байн лавлан асууж, зарим нь “Андуураад биччихлээ” гээд эргэлзсэн байдалтай суух аж.

“Э” ҮСГЭЭ БУРУУ ХАРУУЛСАН НЬ

Дасгалаа хийж дууссан хүүхдүүд хэсэг завсарлаж

Хар ус самардаггүй

Хаалга алдалж зогсдоггүй

Хайч ангайлгаж тавьдаггүй

Хайлган монгол ухаан” хэмээн “Монгол ухаан” шүлгээ дуу нэгтэйгээр цээжээр уншлаа. Үргэлжлүүлэн багш самбар дээр “Р” үсэг бичин сурагчид “Дармал том Р, бичмэл том Р….хэмээн уншив. Энэ үеэр нэгдүгээр салааны хойгуур суусан Э.Алтанбагана “Багшаа өнөөдөр миний төрсөн өдөр” гэв. Тэгсэн ангийн багш нь “Үнэн үү” гэж лавлаж асуугаад найздаа баяр хүргэн, мэндчилээрэй гэв. Ингээд найзууд нь алга ташин баяр хүргэхэд Э.Алтанбагана хүү “Баярлалаа” хэмээн ичингүйрнэ.

Үсгээ хичээнгүйлэн бичих тэдний хичээл зүтгэл үнэхээр хөөрхөн. Тэгсэн гуравдугаар салааны нэг жаал “Э” үсгээ буруу харуулаад бичсэн бол дэргэдэх салааны хүү хичээнгүйлэн бяцхан чигчий хуруугаараа хэмжээ авч үсгээ бичиж буй нь өхөөрдөм харагдана. Тэрбээр “Манай ангийн хамгийн гоё бичдэг охин бол Л.Ариун-Учрал” гэв. Тэрний хэлснээр Л.Ариун-Учралаас “Хичээл хийхээр ядарч байна уу“ гэхэд “Би монгол хэлний хичээлдээ их дуртай. Би сургуульд сурахаар ядрахгүй гоё байна” гэж хэвлүүхэн хариулав.

Ийн хичээл завсарлаж, хүүхдүүд бүгд босч зогслоо. Тэд самбар дээр байрлах зурагт руу хараад

Ажил хийгээд 10 хуруу минь ядраа байлгүй  

Тоогоо бодсоор толгой хүзүү чилээ байлгүй

Амар амар гараа амраа

Хөдөл хөдөл хөлөө амараа ляля ляля ляля” хэмээн гар, хөлөө хөдөлгөн бүжлээ. Хичээлийн дараагийн цаг биеийн тамирын хичээл. Сурагчид уралдан хувцсаа сольж, баярлацгаав. Учир нь өдөржин томоотой суух хэцүүхэн даалгавартай зургаан настнууд энэ хичээлийн цаг дээр чөлөөтэй гүйж тоглоно. Багш нь “Биеийн тамирын хичээлдээ орох замдаа ариун цэврийн өрөөнд бие засна. Үймүүлэхгүй шатаар ар араасаа жагсаж бууна” гэдгийг нэг бүрчлэн хэлж, захиж байв.

Энэ үеэр үдийн цай ирж, хүүхдүүд аяга, тавгаа гарган кашаа амтархан ууж дуусгалаа. Зарим нь “Би каша уумааргүй байна. Каша нэмүүлэх хүүхэд байна уу” гэж нэгнээсээ асууна. Ийн “Үдийн цай”-гаа амтархан уусан зургаан настнууд биеийн тамирынхаа хичээлдээ орохоор нэг эгнээнд жагсч явснаар тэдний нэг өдрийн хичээл дууссан юм.

Ш.БУРМАА: ЗУРГААН НАСТНУУД ХИЧЭЭЛЭЭ МАРТЧИХВАЛ ШУУД УЙЛЧИХДАГ

Ангийг дуу шуугианаар чимж байсан хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ орох үеэр ангийн багш Ш.Бурмаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр боловсролын салбарт 33 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай, ахмад багш юм.


-Таны хувьд боловсролын салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн нэгдүгээр анги дааж авсан бэ?

-Миний бие боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Энэ жил найм дахь нэгдүгээр ангиа дааж авч байна. Харин яг зургаан наснаас нь хүлээн авсан дөрөв дэх анги нь юм. Зургаан настай хүүхдүүдийн хүлээн авах чадвар сайн байдаг. Тэд аливаа юмыг хийсвэрээр сэтгэн боддог онцлогтой. Харин хичээлийн стандарт программаас хамаараад хүндрэлтэй талууд их гардаг. Жишээлбэл, сургуульд сураад бичих унших нь зэрэгцээд явдаг учраас хичээлдээ хэт түүртэх байдал ажиглагддаг. Харин долоо, найман настай хүүхдүүд харьцангуй төлөвшсөн байдаг учраас юмыг арай өөрөөр хүлээж авдаг байсан.

-Танай ангид нийт 42 сурагч сурдаг юм байна. Бага ангийн багшийн ажлын ачаалал хэр байна вэ?

-Ангийн багшийн хувьд 42 хүүхдэд нэг бүрчлэн хүрч ажиллахад хүндрэл үүсдэг. Гэтэл зургаан настай хүүхдүүдтэй заавал тулж ажиллахгүй л бол хичээлээсээ хоцрох гээд байдаг юм. Бага ангийн хувьд анги дүүргэлт 35 хүүхдээс дээш хэтэрчихвэл багшийн ажлын ачаалал эрс нэмэгддэг. Тийм учраас эцэг, эхийн туслалцааг авахаас өөр аргагүй байдаг. Зургаан настнуудын хувьд ч ид хөдөлгөөнтэй насан дээрээ байгаа учраас анхаарал нь төвлөрч өгдөггүй..

-Энэ хичээлийн жилийн онцлог гэвэл?

-Салбар яамны сайд энэ жил хэрэгжих “Цөм” хөтөлбөрийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бидний зүгээс холбогдох сургалт семинартаа суугаад мэдээ мэдээллээ авч, тэрнийхээ дагуу ажиллаж байна. Гэвч нэгдүгээр ангийн хувьд хуучин шигээ хэвээрээ байгаа учраас учиргүй хичээлийнх нь ачаалал хөнгөрөөд байгаа зүйл алга. Гэхдээ өмнө нь бид улирал амрахаас өмнө үсгээ үзчихдэг байсан бол одоо л үсгээ үзэж эхэлж байна. Бас ч гэж учиртай. Эцэг, эхчүүд үүнийг ойлгохгүйгээр “Яагаад үсгээ үзэхгүй байгаа юм бэ” гэж их асуудаг.

– Хуучин бол сургуульд хүүхдээ өгөөд л багшид даатгадаг байсан шүү дээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдсөн юм шиг санагддаг?

-Тийм. Эцэг, эхийн оролцоо илт нэмэгдсэн шүү. Тэд хэчнээн ажилтай байсан ч хүүхдэдээ анхаардаг болсон байна. Жишээлбэл, багшид туслах арга хэмжээнд идэвхитэй оролцож, хүүхэдтэйгээ ажиллахын тулд ажлаасаа зориуд нэг жилийн чөлөө аваад хичээл зүтгэл гаргаж байгаа ээжүүд ч байдаг.

-“Зургаан настнууд”-тай ажиллахад бага ангийн багшаас ямар арга барил, ур чадвар шаарддаг вэ?

-Зургаан настай хүүхдийг сургахад багш хүн өөрөө арга барилаа бодож, сайн бэлтгэх хэрэгтэй. Тухайн хүүхдийн насны онцлогийг судалж, арга барилаа боловсруулах шаардлагатай. Бага ангийн багш нь нэгээс тавдугаар анги хүртэл анги дааж, бага анги төгсгөдөг. Энэ таван жилийн хугацааны дараа дахин нэгдүгээр анги авахад яг л шинэ багш шиг болчихдог.

Миний хувьд аль болох хүүхдүүдийн анхаарлыг нь төвлөрүүлэх сонирхолтой дасгал бэлтгэж ирдэг. Анхаарал төвлөрүүлэх дасгал хийлгэхдээ 2-4 удаа хийлгэж, дахин өөр дасгал ажлуулах хэрэгтэй болдог.

-Хүүхдүүд хичээл дээрээ унтах, уйлах гээд хөгжилтэй үйлдэл гаргадаг байх. Хөгтэй ч гэх үү, хөгжилтэй үйлдэл хэр гаргадаг бол?

-Хүүхдүүд бие биенийхээ юмыг маш сайн мэддэг. Найзынхаа өмссөн хувцас, хичээлийн хэрэгсэл, гутал гээд… Хоёр адилхан үзэг байхад л “Энэ хэнийх вэ” гэхээр “Тэрнийх” гэж шууд нэрлэдэг нь үнэхээр гайхашруулдаг. Хүүхэд хичээлийн хажуугаар уйлах, унтах, өвдөх асуудлууд их гардаг. Сургуульд ороод эхний саруудад хичээл дээрээ ядарч эхэлдэг. Ээж, аав нь сургуулийн сурагч болсон гээд шаардсан үг их хэлдэг юм шиг байгаа юм. Тэрэндээ стресстэж, хичээлдээ төвөгшөөсөн байдал гаргах тохиолдол ч бий.

Хүүхдүүд хөөрхөн. Хичээл дээрээ хөгжилтэй үйлдэл зөндөө гардаг. Бие биетэйгээ тоглож байснаа хацар дээр нь үнсэх ч юм уу. Эсвэл найзынхаа хувцсыг хөөрхөн цэгцэлж өгнө. Цамцных нь ханцуйг товчилж, үдээсийг нь үдэж өгнө. Хэрвээ хичээлээ мартчихвал шууд уйлчихна. Гэнэт хичээлийн үеэр хүүхдийн толгой өвдөж, бие хямраад бөөлжих үе ч гарна. Тэр үед багш нь эмч, цэвэрлэгч болох үе олон гардаг.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж