МИГ-29 буюу хавхан дахь үнэгүй бяслаг

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МИГ-29 буюу хавхан дахь үнэгүй бяслаг

МИГ-29 буюу хавхан дахь үнэгүй бяслаг

Монголын армийн зэвсэглэлд шинээр орж ирж буй МИГ-29 хоёр сөнөөгч онгоцыг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр албан ёсоор хүлээж авах ажээ.

Оросын Батлан хамгаалах яамнаас Монголд үнэ төлбөргүй өгч байгаа эдгээр онгоц 10 хоногийн өмнө Налайх дахь Агаарын цэргийн хүчний ангид газардсан. Өнөөдрийн байдлаар Монголын зэвсэгт хүчинд сөнөөгч онгоц байхгүй, зургаан нисдэг тэрэг, гурван тээвэрлэгч онгоц байгаа бөгөөд Оросын өгч буй энэ хоёр онгоц Монголын зэвсэгт хүчин олон жилийн дараа сөнөөгч онгоцтой болж буйг Оросын хэвлэлүүд онцгойлон дурдав.

Агаарын цэргийн хүчнийг зузаатгахад Батлан хамгаалах яам сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч иржээ. 2011 оны үед одоогийн УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байх үед ОХУ-аас үйлдвэрээс гарсан шинэ хэд, хэдэн МИГ-29 авахаар яригдаж байсан ч энэ наймаа тэгсгээд замхарсан юм. Мөн цэргийн нисэгч нарыг ОХУ-д бэлтгэж эхэлсэн.

Энэ хоёр онгоц нь Оросын зэвсэглэлд байсан хуучин онгоц юм. Албан бус эх сурвалжийн мэдээгээр дахин хоёр МИГ-29-ийг Орос Монголд өгөх ажээ.

МИГ-29 бол Оросын үйлдвэрлэж буй агаарын цэргийн онгоцнуудаас дэлхийн улс орнуудад хамгийн түгээмэл хэрэглэж байгаа онгоц. Зүүн Европ, Ойрхи Дорнод, Африкийн улс орнуудын зэвсэглэлд түлхүү хэрэглэж байна. Гэхдээ энэ загвар одоо хуучирсан. Үүний дараагийн шинэ загвар болох МИГ-35 одоо ид эрэлттэй байна. МИГ-35-ыг оросууд анх 2017 онд олон нийтэд танилцуулж, өнгөрсөн оноос олноор үйлдвэрлэж эхэлсэн. МИГ онгоцыг үйлдвэрлэгч “МиГ” компанийн ерөнхий захирал энэ 2019 оны эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ойрын ирээдүйд Оросын зэвсэгт хүчинд байгаа МИГ-29-ийг бүгдийг МИГ-35-аар солих төлөвлөгөөтэй хэмээжээ. МИГ-35-ын деталиудыг Нижный Новгород хотын “Сокол” үйлдвэрт үйлдвэрлэж Москвагийн ойролцоох Луховицийн онгоцны үйлдвэрт угсралтыг хийж байна. Гэхдээ МИГ-29-ийн үйлдвэрлэсээр байгаа.

МИГ-29-ийг 1990-ээд оны эхээр Орос улс олноор үйлдвэрлэж, өөрийн орны зэвсэгт хүчнийг хангахын зэрэгцээ гадаад руу амжилттай экспортолсон.

Саяхан Унгар улс 19 ширхэг МИГ-29 онгоцоо дуудлага худалдаагаар зарахаар шийдсэнээ зарлалаа. Унгар улс эдгээр онгоцыг 1993 онд Оросоос социализмын үед үүссэн өрний төлбөр болгон авсан ажээ. Одоо эдгээр онгоц бүгд ашиглагдахаа больж, их засвар шаардлагатай болсон ажээ. Тэгээд ч Унгар улс 1999 онд НАТО-гийн эвсэлд нэгдсэнээс хойш Оросын зэвсэг техникийн аажмаар барууныхаар сольж ирсэн. 19 онгоц, 20 хөдөлгүүр, мөн их хэмжээний сэлбэгийг бөөнд нь 2,8 тэрбум форинт буюу 10 орчим сая ам.доллараас эхэлж дуудах ажээ. Худалдан авагч олдсон ч уг наймааг Оросын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд наймаа явагдах ёстой.

Шинэ МИГ-29-ийн өнөөгийн зах зээлийн үнэ 20 орчим мянган ам.доллар.

2018 оны аравдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол улсад айлчилсан бөгөөд энэ үеэр хоёр улсын хооронд 2004 онд байгуулсан Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Монголын тал хүсч байсан нь ийнхүү биеллээ олж байна.

Гагцхүү Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийг сонгон хөрш орноос буцалтгүй тусламжаар өгч буй цэргийн техникийг хүлээн авч байгаа нь өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэсэн үгийг санагдуулж байна. Монгол улс өнгөрсөн зууны 20-иод оноос 70 орчим жил Оросын гүн нөлөөнд байсныг бид бүгд мэднэ. Москвагийн баримталж байгаа бодлого Монголыг Оросын нөлөөнд хэт оруулж байгааг шүүмжилсэн үг дуугарсан, байр сууриа илэрхийлсэн Монголын удирдагчид Оросын газар нутаг дээр Монголын үндэсний баярын өдрүүдэд амьсгал хурааж байсан гунигт түүх бий.

Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч, ЗХУ руу амрах нэрээр яваад 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан ял тулгагдан баривчлагдаж, арваннэгдүгээр сарын 26-нд Москвад цаазлуулсан, Чингисийн алтан ургийн удам Ерөнхий сайд Анандын Амар 1939 оны гуравдугаар сард ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч, Японы тагнуулч гэсэн ял тулган баривчилж, 1941 оны долдугаар сарын 11-ний өдөр ЗХУ-ын Дээд Шүүхээс цаазын ял оноон долдугаар сарын 27-ны өдөр Москвад гүйцэтгэсэн.

Түүхийн ийм эмзэг дурсамж байхад арваннэгдүгээр сарын 26-ныг сонгон сөнөөгч онгоц хүлээн авч байгааг юу гэж тайлж уншвал зохилтой юм бол? Үнэгүй өгч байгаа юм гээд найр тавьсан гэж ойлгох уу? Цаг хугацаа бачимдуулаад ингэж таарахаас өөр аргагүй гэж зөөлрүүлж бодох шалтгаан харагдахгүй байдаг. Үгүй дээ л социализмын үеэс тэмдэглэж байгаа аравдугаар сарын 5-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд тэмдэглэдэг Монгол-Оросын найрамдлын сарын үеэрээ хүлээн авах ёстой байсан биш гэж үү. Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг гэсэн үгийг эрхгүй санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
16
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж