Гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол

Хуучирсан мэдээ: 2019.11.25-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол

Гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол

Гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол юм. Ер нь ингэж олон улсад үздэг. Гэр бүлийн хүчирхийлэл олон улс оронд халуун сэдвийн нэг байсаар байна. Тухайлбал, Франц болон Италид өнгөрсөн амралтын өдрөөр олон мянган эмэгтэйчүүд гудамжинд гарч жагслаа. Тэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хайртай хүнийхээ гарт амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн гомдлыг нэхэв. Ягаан, нил ягаан өнгөөр илэрхийлсэн хүчирхийллийн эсрэг жагсаал нь сүүлийн жилүүдэд Европт болсон томоохон жагсаалын нэг боллоо. Францын нийслэл Парис хотноо болсон жагсаалд эмэгтэйчүүд голдуу оролцсон бөгөөд улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, холбоод болон бусад 70 гаруй байгууллага дэмжин оролцжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Францад болсон жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон аж. Харин #NousToutes буюу “Бид бүгд” нэртэй сайн дураар нэгдсэн феминист бүлгээс мэдээлснээр Парис хотноо 100 мянган хүн, Франц даяар 150 мянган хүн жагсаалд оролцсон гэж мэдээлжээ. Энэ нь Францын түүхэнд хүйсийн харилцаанд суурилсан хүчирхийллийн эсрэг хамгийн том жагсаал болсныг илтгэж байна.

Францад 2019 он гарсаар 116 эмэгтэй хайртай хүнийхээ гарт нас барсан гэж албан ёсны мэдээлэлд дурджээ. Харин хүний эрхийн байгууллагаас хохирогчдын тоог 137 хүрнэ гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд 121 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, нас баржээ. Францад жилд 220 мянган эмэгтэй хүчирхийллийн хохирогч болдог гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, гурван өдөрт нэг эмэгтэй хайртай хүнийхээ хэрцгий авирын хохирогч болдог аж. Жагсаалтай зэрэгцэн Францад 59 настай эрэгтэйг эхнэрээ хөнөөсөн хэргээр яллажээ. Хохирогчийн цогцсыг долоо хоногийн дараа ой дотроос олсон аж.

Францын Хууль зүйн сайд Николе Бэллоубет хэлэхдээ “Манай улсын систем эмэгтэйчүүдээ хамгаалж чадахгүй байна” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Францын Засгийн газрын зүгээс 2019 оны эхээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг кампанит ажил эхлүүлж, 1000 түр хорогдох байрыг шинээр бий болгохоо мэдэгдсэн юм. Францын Засгийн газраас Даваа гаригаас эхлэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн 40 орчим арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг тэрбээр мэдэгдсэн байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд тэрбум евро шаардагдахыг ч тооцоолжээ. Түүнчлэн эрх зүйн зохицуулалтыг чангатгаж, санаатай хүчирхийллийн улмаас хүний амь хохироосон хэрэгтэнд 20 жил шоронд хорих ял оноох хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. Францад одоо хэрэгжиж буй хуульд гэр бүлийн хүчирхийлэлд оноох шийтгэлд таван жил хүртэл шоронд хорих, 75 мянга хүртэлх хэмжээний еврогийн торгууль ноогдуулдаг.

Үүний зэрэгцээ Италийн нийслэл Ром хотноо олон арван мянган хүн голдуу эмэгтэйчүүд "Non Una de Meno!" “Нэг ч дутахгүй” уриан дор нэгдэн жагсчээ. Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлж буйгаар 2019 он гарсаар Итали улсад 94 эмэгтэй нөхөр, найз залуу эсвэл экс хамтрагчийнхаа гарт амь үрэгдсэн аж. Түүнчлэн жагсагчид “Чиний хүчирхийллийн эсрэг бид босч байна” гэх уриа лоозон барьж жагссан байна. Италид болсон жагсаалд улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл оролцоогүй ба жагсагчид голдуу ягаан өнгөөр ижилссэн байв. Харин Италийн Эдийн засгийн сайд Роберто Гуалтиэри хийсэн мэдэгдэлдээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд 12 сая еврогийн тусламж үзүүлэхээ зарласан нь жагсаалыг дарах гэсэн ядмаг оролдлого байв. Тус мөнгөөр хохирогчдод мэдлэг олгох, эмчилгээний зардал, мэргэжлийн биеэ хамгаалах сургалтад зориулах аж.

Франц, Италид өрнөсөн жагсаал нь Даваа гаригт тохиож буй “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох” олон улсын өдрийн өмнөтгөл болов. НҮБ-ын судалгаагаар 2017 онд 87 мянган эмэгтэй хайртай хүнийхээ гарт нас барсан нь олон улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгаж, нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх шаардлагатай болсныг илтгэж байна хэмээн ажиглагчид мэдэгджээ.  Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж хуульчилсан 125 улс байдаг бөгөөд үүний нэг нь Монгол Улс юм. 2018 оны байдлаар Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас 135 иргэн хохирсноос нэг хүн амь насаа алдаж, 14 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж