“Boeing” компанийн үйлдвэрлэсэн хоёр ширхэг “737 Max” нисэх онгоц 2018 оны аравдугаар сар болон өнгөрсөн гуравдугаар сард осолдсоноор 346 хүн амь үрэгдсэн билээ. Индонезийн “Lion Air” компани болон Этиопийн агаарын тээврийн осол нь “Boeing” компанийн 100 жилийн түүхэнд нэр хүндийг нь хамгийн ихээр сэвтүүлсэн юм. Тэгвэл тус компани Баасан гаригт “Boeing 737 Max” цувралын дараагийн загвар болох хамгийн том нисэх онгоцыг АНУ-д танилцууллаа.
“Boeing” компани нь “737 Max 10” загварын нисэх онгоцоо танилцуулах үеэрээ өмнөх хоёр осолд нөлөөлсөн нислэгийн хяналтын системээ шинэчилж, зассан гэдгээ онцлон мэдэгджээ. Ослын дүгнэлтээр нислэгийн хяналтын системийн алдаанаас болж нисэх онгоцны хамар үргэлж доошоо чиглэж, жолоодлого булаацалдаж байсан аж.
“Boeing” компани нь “737 Max 10” загварын нисэх онгоцоо танилцуулснаар 550 гаруй захиалга хүлээн авсан аж. Өмнөх загвар “737 Max 8” загвар нь 162-178 хүний багтаамжтай байсан бол “737 Max 10” нисэх онгоц нь бизнес болон энгийн ангилалд 188-204 зорчигч тээвэрлэх багтаамжтай аж.
Эх сурвалж: CNBC news