Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдгийг харилцан тодорхойлж, мэдээллээ хуваалцахаар Монгол, Германы эрдэмтэн, судлаачид хамтран хуралдаж байна.
Өчигдөр /09.21/ эхэлсэн тус эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын дэлхий дахин, бүс нутаг судлалын хүрээлэн болон Фридрих-Эбертийн сантай хамтран зохион байгуулж буй юм.
Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог мөртлөө бие даасан, ардчилсан улс гэдгээрээ бусад олон орны анхаарлыг татдаг. Мөн бусад жижиг улсын үлгэр дуурайл болсон тусгаар тогтносон улс гэж Германы эрдэмтэд Монголыг тодорхойлж байв. Тэд мөн Монгол Улс цаашид ч олон улсын харилцаандаа төвийг сахисан байр сууриа хадгалж, тодорхой харилцааны баримтлалтай болох ёстой талаар саналаа хэлж байлаа.
- "Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Монгол гадаад бодлогоо бусдад хүлээн зөвшөөрүүлж, идэвхтэй тоглогч орон болсон" хэмээн Ази судлалын хүрээлэнгийн захирал Патрик Келлнер онцлов.
- Монгол, Германы эрдэмтэн, судлаачид анх удаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөн ярилцлаа. Өмнө нь Стратегийн судалгааны хүрээлэн урд хойд хөрш оронтойгоо дээрх асуудлыг онцлон ярьдаг байсан. Тэгвэл цаашид европын орнуудтай, хамтын ажиллагаагаа сайжруулж, үндэсний аюулгүй байдлын бодлого, гадаад харилцааны асуудал зэргийг хөндөн хэлэлцэж, хамтран санал солилцдог болно гэж Стратегийн судалгааны хүрээлэнгийнхэн тодотгож байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ