ТОГТООЛ
Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан долоо хоногийн гол сэдэв нь Оюутолгойн төсөл байлаа. Долоо хоногт Оюутолгойтой холбоотой дараалсан хоёр том шийдвэрийг УИХ болон нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан юм. Олон жил улс төрийн том хэрүүл болсон Оюутолгойн асуудлыг цэгцлэх даалгаврыг УИХ-аас У.Хүрэлсүхийн засгийн газарт өгсөн бөгөөд Монгол Улс ахиад Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суухаар болж байна. Рио Тинтогийн зүгээс одоогоор УИХ-ын тогтоолтой холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Хэлэлцээр хэзээнээс эхлэх нь тодорхойгүй ч, хэрүүлийн гол үндэс болсон 34 хувиа зараад АМНАТ авах уу аль эсвэл гэх хүсэлтийг Монголын талаас Рио Тинтод тавих нь тодорхой болсон. Тогтоолд тусгагдсан гол асуудлын нэг нь энэ юм. Харин хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт мега төсөл мэддэг, уншдаг, ойлгодог хүмүүсийг оруулах нь Засгийн газрын нэр хүндийн асуудал болж хувирсан.
ТОМИЛГОО
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэмтнээр "яллагдсан" Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, МЗХ-ны дарга Ц.Даваасүрэн нарын асуудлыг УИХ-аар хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд тэднийг өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласныг магтав. Амжилттай ажилласан бол ажлаас нь чөлөөлөх шаардлага байсан эсэхийг мэдэхгүй. Ямартаа ч УИХ тэднийг улсаа саарал жагсаалтад оруулсан буруутай гэж үзлээ. Тэдний орны томилгоо ёстой л нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүн нь өөрчлөгдөхгүй боллоо. Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан нарыг тушаал дэвшүүлж, суудал ахиулав. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайхан нарыг томилсон нь багийн хариуцлага, хамтын ажиллагаа гэж байдаггүйн тод жишээ боллоо. Хэрэвзээ үнэхээр Н.Баяртсайхан, Ц.Даваасүрэн нар саарал жагсаалтад оруулсан буруутай бол тэдний дор удирдлагын багт ажиллаж байсан дэдүүдээс ч хариуцлага нэхэх учиртай юм.
БАРИВЧИЛГАА
Дунд шатны авлига, хүнд суртал эдийн засгийн хөгжлийн хамгийн том дайсан болсон. Хурган дарга нартай холбоотой авлигын асуудлыг цэгцлэхгүйгээр Монголын төр цэвэршихгүй. Дунд шатныхан авлига цагаандаа гарч, малгайдаа, оймс гутландаа боодол боодол ам.доллар нуудаг болсон нь нэгэнтээ илчлэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ч АТҮТ-ийн дөрвөн байцаагч, МХЕГ-ын дунд шатны албан хаагчдыг барьж хорьсон билээ. МХЕГ, АТҮТ бол авлига хамгийн их авдаг төрийн байгууллагаар нэрлэгддэг билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ