Гялалзах од: Лука Дончич

Хуучирсан мэдээ: 2019.11.24-нд нийтлэгдсэн

Гялалзах од: Лука Дончич

Гялалзах од: Лука Дончич

Спорт сонирхогч Та бүхэндээ дэлхийн спортын ертөнцөд шинээр “од” болон гялалзаж буй залуу тамирчдыг танилцуулж байна. Энэ удаагийн дугаартаа Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА-н Даллас Маверикс багийн Лука Дончичийг онцолж байна.
Сагсан бөмбөгчин бүрийн тоглохыг хүсэж мөрөөддөг НБА-д “од” болон гялалзана гэдэг амаргүй юм. Жил бүр драфтаар 50 гаруй, драфтын бусаар мөн тооны сагсан бөмбөгчид мөрөөдөлдөө хүрэх гэж НБА-д хөл тавьдаг. Гэвч жилдээ ойролцоогоор 100 тоглогч эгнээндээ нэгтгэдэг ч мөн тооны тоглогчдыг эгнээнээсээ хасдаг НБД-д үлдэн 30 багийн аль нэг багт үлдэн 15 тоглогчийн нэг болно гэдэг хүнд сорилт. Онцгойр, үгүй бол баг баг дамжин тогло эсвэл НБА-д тоглох зайгүй болно. Асар их хариуцлага, биеийн болоод сэтгэлзүйн өндөр бэлтгэлжилт, хувийн сахилга бат гээд олон зүйлийг өөртөө бий болгож чадсан тоглогч л дэлхийн хамгийн том лигт үлдэж чадна.
Энэхүү шалгууртай нүүр тулан, НБА дэх карьераа амжилттай эхлүүлж байгаа тоглогч бол Даллас Маверикс багийн 20 настай Словени залуу Л.Дончич юм. Үсчин ээжтэй, сагсан бөмбөгийн дасгалжуулагч аавтай Лукагийн хувьд бага наснаасаа л сагсан бөмбөгтэй холбогдсон. Түүнийг 7 сартайдаа бөмбөгөөр тоглож, 1 настайдаа гэртээ бяцхан шийдтэй болсон гэдэг. Лука багаасаа олон төрлийн спорт сонирхон хичээллэдэг байсан бөгөөд тэр дундаа хөлбөмбөгийн спортыг тоглодог байжээ. Гэхдээ тэр 7 настайдаа Словени улсынхаа нийслэл Люблян хотын бага сургуульд орсноор хөлбөмбөгийн спортыг орхин сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Түүний бага насны сагсан бөмбөгийн шүтээн нь Евролигийн шилдэг тоглогч Грек залуу В.Спанулас байсан бөгөөд Реал Мадрид клубт тоглож байхдаа хүндэтгэдэг В.Спануласын 7 дугаарын өмсгөлийг өмсдөг байжээ.
Л.Дончич 8 настайдаа хотынхоо Олимпиа Юнион багийн клубт элсэн орсон бол 13 настайдаа Евролигийн шилдэг багуудын нэг Испаний Реал Мадрид багтай 5 жилийн гэрээ байгуулснаар мэргэжлийн замналаа эхлүүлсэн байдаг. Тэрээр 16 настайдаа буюу 2015-2016 оны улиралд Евролигийн хүрээнд Реал Мадрид клубын төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тэр Евролигт 3 улирал тоглохдоо 15.6 оноо дундажласан бол сүүлийн буюу 2017-2018 оны улиралдаа 21.5 оноо, 4.8 самбар, 4.3 оновчтой дамжуулалт дундажлан Евролигийн аваргын цом, финалын үнэ цэнэтэй тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, Испаний лигийн 3 удаагийн аваргын цомыг хүртсэн юм. Евролигт 20 ч хүрээгүй насандаа 3 улирал тоглохдоо жинхэнэ супер од болох эхлэлээ тавьсан Лука Дончич 2018 оны драфтад нэрээ өгсөн. Түүнийг драфтаар сонгосон баг нь Атланта Хаукс байсан боловч солилцоогоор Даллас Маверикс Т.Янгийн оронд авсан юм.
М.Кубан эзэнтэй Даллас Маверикс багийн драфтын солилцоо алдаагүй гэдгийг өдгөө Л.Дончич талбай дээр тоглолтоороо хангалттай нотлон харуулж байна. НБА-д дебьют улиралдаа 20-иос дээш оноог хүссэн тоглогч бүр дундажлаж чадахгүй. Тухайлбал, Ч.Баркли, К.Брайнт, М.Жонсон нар НБА дэх эхний улиралдаа 20 оноо дундажлаагүй байдаг. Харин Л.Дончич НБА дэх эхний улиралдаа л шууд гараанд гарч 21.2 оноо дундажласан. НБА-д хожмоо алдар нэрээ цуурайтуулсан М.Жордан, К.Абдул Жаббар, Л.Бёрд, У.Чемберлэн, Л.Жеймс нарын домогт тоглогчид дебьют улиралдаа 20-оос дээш оноо авч байжээ.
Өдгөө тэр Даллас Маверикс багийнхаа салшгүй нэг хэсэг болоод байгаа ба сүүлийн 11 тоглолтондоо тогтмол 20-оос дээш оноо авч байна. Хэдхэн хоногийн өмнө Сан-Антион Спөрс багийн эсрэг тоглолтонд 42 оноотой трибл-дабль хийж Л.Жеймсээс хойш 21 нас хүрээгүй байхдаа 40-өөс дээш оноотой трибл-дабль хийсэн анхны тоглогч болсон. Довтолгоо болон хамгаалалтанд аль алинд нь тоглох чадвартай Л.Дончич өнгөрсөн улиралд илүү 3 номер дээр буюу жижиг довтлогчийн байрлал дээр тоглож байсан бол энэ жил түлхүү №2 дээр тоглож байна. Герман тоглогч Д.Новицкигийн карьерын сүүлийн үед бага зэрэг уналтанд орж өнгөрсөн улирал плэй-оффын гадна үлдээд байсан Даллас Маверикс баг яг одоогоор хурдан галт тэргэнд суусан мэт л урагшилж байгаа бөгөөд энэ улирал плэй-оффт шалгарна гэдэг эргэлзэх шалтгаан алга. НБА-д ирсэн эхний улиралдаа 32 минут дундажлаж, улирлын шилдэг рүүки (шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал)-гээр шалгарч, Бүх-оддын рүүки 1-р багт багтсан Л.Дончич бэртэл гэмтлээс хол байвал илүү өндөр амжилтанд хүрэх боломжтой, ирээдүй нь гялалзаж буй тоглогч юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж