“Сургуулийн автобус” төсөл энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Нийслэлээс хэрэгжүүлж буй энэхүү төсөлд эцэг эхчүүд, сурагч хүүхдүүд ам сайтай байгаа юм. Сургуулийн автобусаар 2-5 дугаар ангийн хүүхдүүд үйлчлүүлж байгаа бөгөөд тэд дулаахан, цэвэрхэн автобустай болсондоо баяртай байна. “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2900 болтлоо өссөн үзүүлэлттэй байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлж байна.
Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж буй. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх чипийг боловсронгуй болгох, эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх аппликейшныг яаралтай нэвтрүүлэх, ухаалаг чипийг нэгийг автобусанд, нэгийг сургуульд нь байршуулах, ингэснээр хүүхдүүд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгааждаг байх ажлуудыг хийхийг даалгасан байна.
Э.БУРАМ