Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод болж байна. Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх, Налайх дүүргийн биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцохоор Тайванийг зорьсон юм.
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн охидын ангиллын барилдаан болж, манай гурван тамирчин хүч үзэж нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин Ариунболдын Бичигмаа мөнгө, 62 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн болжээ. Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой медальтан болж байна.
Харин 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Болдбаатарын Хоролгарав дөрөвдүгээр байрт шалгарчээ. Өнөөдөр хөвгүүдийн ангиллын барилдаан болох бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин зодоглоно. Тодруулбал, хөвгүүдийн 38 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ, 48 кг-д Г.Болор-Эрдэнэ, 52 кг-д М.Толуй, 57 кг-д Н.Отгонбаяр нар хүч үзэх юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ