Цагаан хад гаалийн бүсэд олон тооны машин гаалийн хашаа болон хил дээр гацсан байдалтай байна. Нэг жолооч машиндаа 10-15 хонож, 2-3 км урагшилж байгаа аж. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан тээврийн компаниуд нүүрс тээвэрт оролцоотой төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарсан зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 21-нд Пума зочид буудалд зохион байгуулсан талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тээвэрчид өчигдөр шөнө Оюутолгойн зам болон Шороон зам гэх хоёр газарт зам хааж, жагссан байна. Ойролцоогоор хил орчимд 400 гаруй түүхий нүүрс тээвэрлэсэн машин 20 км замд гацаад байгаа аж. Өчигдрөөс БНХАУ-ын талаас 400 машин хилээр нэвтрүүлсэн гэнэ. Өмнө нь 300 орчим машин нэвтрүүлж байсан бол энэ тоогоо 100-гаар нэмсэн гэдгийг “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү хэллээ.
Тэрбээр “Өчигдөр шөнө 20 гаруй жолооч хоёр газарт зам хааж, жагссан. Цагдаагийн байгууллагаас тээвэрчидтэй уулзаж, ярилцаад эгнээнд нь оруулж зогсоосон. Засгийн газрын мэдээллээр ажлын хэсэг гарч, ирэх арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл Гаалийн байгууллагаас нүүрс ачих зөвшөөрөл олгохгүй байхаар тохиролцсон гэсэн. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын “Баян нуур” бизнесийн холбооноос ирэх даваа гаригаас ядаж засмал замд гацаад буй машинуудыг хилээр нэвтрүүлэхээр ярьж байна гэдэг хариултыг өгсөн” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ