Байгалийн түүхийн музейг Швед улсын шинжээч сэргээх боломжгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейг Швед улсын шинжээч сэргээх боломжгүй гэжээ

Байгалийн түүхийн музейг Швед улсын шинжээч сэргээх боломжгүй гэжээ

Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарсан ч, Засгийн газар иргэдийнхээ эсрэг давж заалдан, шүүхийн шийдвэр өөрийн талд гаргаж, нийслэлийн соёлын өв болох байгалийн түүхийн музейг нурааж эхэлсэн гэх мэдээлэл сошиал орчинд өрнөөд буй.

Тус музейн барилгыг нураах ажлыг гүйцэтгэж буй “Аяа” компанийн захирал А.Батсүрэнгээс тодруулахад “Уг нь манай компани өнгөрөгч аравдугаар сарын 16-наас ирэх арваннэгдүгээр сарын 16-ны өдрүүдэд музейн барилгыг нураах ёстой байсан ч шүүх хурлын шийдвэрийг хүлээсээр хойшлогдсон. Шүүх хурлын явцад Монголын мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд итгэхгүй байгаа учраас Швед улсаас мэргэжлийн шинжээчид ирж ажиллаад, “Байгалийн түүхийн музейн барилгыг дахин сэргээн засах боломжгүй” гэдэг дүгнэлтийг дахин гаргасан байгаа. Бидний зүгээс өнөөдөр музейн барилгыг нураах ажлаа ч хийж чадахгүй зогссон байдалтай байна. Надтай шинээр баригдах “Чингис хааны музей”-н захирал хүртэл ирж уулзаад, нураахдаа музейн барилгын дотор байгаа түүхэн зүйлсийг хөндөлгүй ажлаа хийгээрэй. Бид тэр зүйлсээр шинэ музейдээ тусгай танхим байгуулж, байршуулан ийм барилга байсан гэдгийг хүмүүст харуулна” гэдгийг хэлсэн гэлээ.

Харин энэ асуудлаар өнгөрөгч аравдугаар сарын 21-нд Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжллээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Энэ үеэр иргэн Ц.Уянга ярихдаа “Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендер зарлагдсан. Тиймээс энэ ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэх гаргаж, хэрэг үүсгэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2019.10.21/боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй.

Хэрвээ Байгалийн түүхийн музейд үйл ажиллагаа явуулж болохгүй л байсан юм бол жил бүр улсын төсвөөс урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг аваад л яваад байсан. Үнэхээр үйл ажиллагаа тэнд явуулах боломжгүй байхад урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй.

Өнгөрсөн 17 жил Байгалийн түүхийн музейг удирдаж байсан хүн бүх урсгал зардлын төсвийг аваад байсан мөртлөө санаатайгаар барилгыг арчилж тордох, засвар хийлгүйгээр явж ирсэн гэж хардаж байна. Шийдэл бол олон байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргаад шинэ барилга барихын тулд заавал хуучныг нь нурааж, соёлын салбарыг хөгжүүлнэ гэж байхгүй. Нураах нь хамгийн эцсийн шийдвэр байдаг. Гэтэл энийг хамгийн түрүүнд нь тавьчихаад, тулгалт хийж байгаад нь эгдүүцэж байна” гэдгийг хэлж байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж