Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу?

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу?

Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу?

Төрийн албанд бугшсан авлига хээл хахуулийг таслан зогсоохын тулд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан гүйцэтгэх ажлын шугамаар хийсэн бичлэгээ өнгөрсөн намар олон нийтэд цацсан ч нэмэр болсонгүй. Авлигын улмаас улсад учирсан хохирол 12 их наяд төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүхий л шатанд авлига, хээл хахууль зогсоогүй, харин ч арга хэлбэр нь  төгсөрч байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Иймээс нийтийн эрх ашгийн төлөө зориулагдах ёстой мөнгийг албан тушаалтнууд хувьдаа завшиж, хуулиар олдсон эрх мэдлээрээ бусдыг хясан боогдуулах замаар авлига өгөхөөс аргагүй байдалд оруулж буй энэ үйлдлийг таслан зогсоох нэг арга нь төрийн албан тушаалтнуудаас давхар зарлагын мэдүүлэг авдаг болох эрх зүйн зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж буй.

Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ нь жил бүр 40 мянган албан тушаалтнаас Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)  л авдаг болохоос зарлагын мэдүүлэг авдаггүй.  Тэр бүү хэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын банкных нь гүйлгээ хийсэн хуулгыг нь шалгах боломжгүй байгаа нь авлигачдыг хамгаалдаг хана хэрэм босгоод буй. Харин энэ бүх хаалтыг хууль эрх зүйн орчноор дамжуулан нээлттэй болговол орлогоосоо давсан зарлагынх нь эх үүсвэр хаанаас эхтэйг тодруулах боломж нэмэгдэх юм.

Бизнес эрхлэгчид хүүхдээ төлбөртэй сургуульд сургаж чадахгүй байхад төрд алба хашиж байгаа албан тушаалтнууд тэрбумын үнэтэй хаусанд амьдарч, хүүхдээ 20, 30, 60 сая төгрөгийн үнэтэй төлбөртэй сургуульд сургадаг нь олон нийтийн анхаарлыг ихээр татдаг. Тэр бүү хэл, үнэтэй машин хөлөглөж, үнэтэй байранд амьдарч, үнэтэй сургуульд хүүхдээ сургаж, брэндээр гангарч чадаагүй нэгнээ  "Доожоогүй, арчаагүй" гэж хочилдог гэх яриа ч бий. Гэхдээ тэр гоочлуулаад буй хүн нь жинхэнэ шударгаар амьдрагч нэгэн л байдаг.

Өөрөөр хэлбэл, бизнестэй нэгнийг нь олсон орлогоо үр хүүхэддээ зориулж байна гэж ойлгож болох ч зөвхөн төрийн албаны цалингаар амьдардаг хэсэг ямар орлого хаанаасаа олж,  хэд, хэдэн орон сууцтай болж, тансаг амьдраад байна вэ гэдгийг хянах боломж нь зарлагынх мэдээллийг АТГ авдаг болсноор бүрдэж, хууль бусаар орлого олсон тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөхөөс эхлээд хариуцлага яригдах учиртай. Тэр цагт төр авлига, хээл хахуулиас сална. Төр ч цэвэрлэгдэнэ.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах нэрийдлээр гурил будаанаас эхлээд түмпэн шанага, бидон сав, тавгын идээ тэргүүтнийг тараадаг. Хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх зардлыг гаргадаг ч АТГ-т гаргасан ХОМ-ээр нь орлого нь буурдаггүй, харин ч өсдөг.

Тэр их бэлэг сэлтийг хөдөө орон нутаг руу хүргэхээс эхлээд зардал өндөртэй ажил. Зардлыг нь хянадаггүй учраас нэг гишүүн тойрогтоо ажиллахад хэдэн тэрбумын зардал гаргав, нийт 76 гишүүний тойргийнхондоо тарааж буй бэлгэнд жилдээ хэдэн тэрбум төгрөг заруулагддаг вэ гэдэг мэдээлэл ч байдаггүй.

Төрийн өмчит компани нь ашиггүй ажиллаж, өрөнд баригддаг хэрнээ томилогдсон захирал нь баяжаад цулайгаад байдаг нь ямар учиртай вэ гэдэг ч ойлгомжгүй явж ирсэн.

Иймээс иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан төрийн албан хаагчдын ХОМ-ээс гадна зарлагын мэдүүлгийг авч давхар хянадаг болъё гэх санаачлагыг шат, шатандаа дэмжин, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгаа юм. Энэ бол зөвхөн төрийн өндөр дээд албан тушаалтнаар хязгаарлагдахгүй, дунд шатанд  цэцэглээд байгаа хурган дарга нарын авлига хээл хахуулийг таслан зогсоох хөшүүрэг болох юм.

Гэхдээ ХОМ гаргадаг 40 мянган албан тушаалтнаар хязгаарлан зарлагын мэдүүлгийг АТГ авдаг болох нь хангалтгүй, төрийн албанд харъялагддаг бүх хүмүүсээ хамруулах эрх зүйн орчинтой болох нь авлигатай тууштай тэмцэх гарц болно гэж үзэх хэсэг ч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж