Ө.Ганзориг: Топ бизнесменүүдийг бүгдийг луйварчин болгосон

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

Ө.Ганзориг: Топ бизнесменүүдийг бүгдийг луйварчин болгосон

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлага, тодруулгыг багцлан хүргэж байна.


Ө.ГАНЗОРИГ: ТОП БИЗНЕСМЕНҮҮДИЙГ БҮГДИЙГ ЛУЙВАРЧИН БОЛГОСОН

Эдийн засагч, санхүүч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Сүүлийн үед та эдийн засгаас илүү боловсролын реформын тухай их ярих болсон. Таныг гэнэт яагаад боловсрол яриад эхлэв гэж гайхах хүн байгаа л байх?

-Би 20 гаруй жил бизнесийн салбарт ажиллахдаа голдуу банк, санхүүгийн чиглэлд төрөлжиж ажилласан. Ялангуяа сүүлийн 12 жил гүйцэтгэх захирлын ажил хийсэн. Гүйцэтгэх захирал гэдэг нь тусдаа мэргэжил. Гүйцэтгэх захирлын гол ажил нь мэдээж хүний нөөц бүрдүүлэлт. Тухайн мэргэжилтнийг тохирсон ажлын байранд авч сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах асуудал шүү дээ. Гүйцэтгэх захирлын ажлыг хийж байхдаа миний ойлгосон зүйл бол боловсролын системээс чанартай боловсон хүчин бэлтгэгдэхгүй байгааг олж харсных. Асуудал нь яг хаанаа байна вэ гэдгийг ажлынхаа хажуугаар сүүлийн 7-8 жил судаллаа. Монголд барууны орчин үеийн технологийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай ч яаж тухайн технологийг хэрэгжүүлэх үү гэдэг боловсон хүчний дутагдалтайгаас харилцагчдын үйлчилгээнд бухимдал үүсгэдэг. Харилцагчийн үйлчилгээг хэн хийх вэ гээд харахаар эргээд боловсролын системээр бэлтгэгдсэн хүмүүс хийж байгаа. Тийм учраас л боловсролын реформд анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүрсэн. Ингээд бүтээмжид нөлөөлөх хүчин зүйл юу вэ гэдгийг сэтгэл зүйн ухаанд суурилж судаллаа. Монгол хүний бүтээмжид юу нөлөөлж байна вэ гэдгийг олон талын судалгаагаар гаргасан. АНУ-ын Калифорни мужийн Берклийн их сургуульд хагас жил орчим сурч, сэтгэл зүйн таван хичээлээ аваад ирсэн. Боловсролын реформ хийж байж Монгол Улс хөгжих юм байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон.

-Тэгэхээр боловсролын реформыг хийхийн тулд “Голомт” банкны гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн гэж ойлгох уу?

-Тийм. Намайг ажлаа өгөхөд гайхах хүн олон байсан л даа. Улс орны түвшинд ажиллахгүй бол болохгүй нь, боловсролын системийн хэрэглэгч байдалтай бухимдаж, шүүмжилж хангалттай суулаа. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг нь болсон гээд л “Голомт” банкны гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн.

-Эдийн засагч хүний хувьд Монголын эдийн засгийн нөхцөл байдалд мэргэжлийн дүгнэлт хийгээд сууж байгаа байх. Өнөөгийн эдийн засагт та ямар дүн тавих вэ?

-Сүүлийн үед эдийн засагчдад би шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Өнөөдөр мэргэжлийн эдийн засагч гэж хэлэгддэг, баруунд мэргэжил дээшлүүлсэн эдийн засагчид нийгэмд хангалттай дуу хоолойгоо хүргэхгүй байна. Эдийн засгийн ухаан гэхээр маш өнгөц ярьдаг. Үндсэндээ ханш, инфляц, ДНБ ярихаас хэтэрдэггүй. Бид эдийн засгийн суурь асуудлуудаа огт ярихгүй байна. Миний судалж, мэдсэнээр үндсэндээ Монгол Улсын эдийн засагт саад болж байгаа суурь гурван асуудал байна. Үүнээс хамгийн аюултай, хамгийн том эрсдэл дагуулах асуудал нь баялгийн хуваарилалт. 30 жилийн турш баялгийн хуваарилалт буруу механизмаар явсан учраас манайд баян, хоосны ялгаа дэлхийд рекорд тогтоох түвшинд хүрээд байна. Харамсалтай нь энэ талаар нэг ч эдийн засагч ярьдаггүй. Энэ ярилцлагаараа дамжуулаад эдийн засагч нартаа уриалж байна. Баян хоосны ялгаа, баялгийн хуваарилалтын асуудлыг яаралтай хөндөж ярихгүй бол хор уршиг нь эргээд нийгэм, эдийн засаг, улс төрийг хямралыг үүсгэнэ. Эдийн засгийн хямрал дандаа нийгмийн болон улс төрийн хямрал руу хөтөлдөг. Эдийн засаг нь асуудалгүй байвал улс орон, нийгэм тогтвортой байна гэсэн үг.

Хоёр дахь үүсээд байгаа асуудал нь бүтээмж. Бүтээмж гэдэг бол эдийн засгийн суурь ойлголтуудын нэг. Бүтээмжийн тухай ойлголтыг жишээгээр тайлбарлая. Монгол компанийг Хятад компанитай харьцуулахад бүтээмж маш бага ажиллаж байна. Бүтээмж бага байна гэдэг нь гарц муу, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь чанар муутай, тоо хэмжээгээрээ цөөн. Нэг ёсны Монголын компани Хятадын компаниас цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр нь чанар муутай. Тэгээд өртөг нь өндөр учраас эргээд өндөр үнэтэй зарагддаг ийм нөхцөлд улс орны эдийн засаг өсөх тухай яриад ч хэрэггүй. Инфляц, ДНБ яриад ч хэрэггүй. Бүтээмж гэдэг бол нэг талдаа менежментийн шинжлэх ухааны ойлголт. Нөгөө талдаа эдийн засгийн ухааны ойлголт. Компаниудын бүтээмж доогуур байгаа нь тухайн компанид ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж сул байна гэсэн үг. Бүтээмж сул байснаар Монгол Улсын хөгжилд тушаа болно. Бүтээмжийг хэн нөхцөлдүүлдэг вэ гэвэл хүүхдийг хоёр настайгаас 22 нас хүртэл нь бүтэн 20 жилийн турш боловсролын систем бүтээмж өндөртэй хүнийг бэлддэг байх нь. Гэтэл манай боловсролын систем нь энэ үүргээ ухамсарлахгүй явж ирлээ. Эдийн засгийн гол дархлаа нь боловсролын систем.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншаарай.


“ААВ ДАНДАРБААТАР МААНЬ ЭНЭ МИНИЙ ХҮҮ, ЧИНИЙ ДҮҮ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ”

БНМАУ-ын Гарамгай баатар Л. Дандарын тухай “ Бууны сумыг буцааж болдоггүй” кино нээлтээ хийсний дараа Дандар баатрын үр удамтай холбоотой үл ойлголцол үүсээд байгаа билээ. Дандар баатрын хүү болох Ганбаатар гуайтай уулзаж, ярилцлаа.

Сайхан өвөлжиж байна уу. Домогт Дандар баатарын үр хүүхдүүд гомдолтой байна гэдэг мэдээллийн дагуу тантай холбогдсон юм. Дандар баатрын үр удамтай холбоотой үл ойлголцол яагаад үүсэх болов?

-Гомдол гэхээсээ илүү арай өөр утгаар хэлэх гээд байна, би. Миний аав дороо долоон дүүтэй, айлын том хүүхэд. Аавын маань бага таван дүү эцэг ондоотой, найман ах дүүс нэг эхтэй юм. Тухайн цаг үед Монголчуудын ахуй амьдралд хүүхдээ өргүүлэх, овгийг нь солих асуудал түгээмэл байсан. Харин одоо яригдаад байгаа асуудал бол аавын эцэг ондоотой дүүгийнх нь хүүхдүүдийнх нь хүүхдүүдийн гаргаж ирсэн зохиомол түүх. Энэ нь улс орны хэмжээнд үнэн мэтээр яригдаж эхэлсэнд л ах нь эмзэглээд байна. Аав минь тухайн цаг үед ямар нэгэн шалтгаанаар эцэг ондоотой хоёр дүүгээ өөрийн нэрээр овоглосон байдаг юм. Гэтэл тэрийг нь үр хүүхдүүд нь мэдсээр байж, худлаа ярьж төөрөгдөл үүсгэж, улмаар түүхийг гуйвуулж байна.

 -Дандар баатарын төрсөн дүү гэхээр хэнийг хэлж байна вэ?

-Миний аав Дандарын эмэгтэй дүү болох Д.Цэрэнпагмыг хэлж байгаа юм. Улсын төв архивын 1944 оны хүн амын тооллогоор Цэрэнпагма эгч Түвдэн гэх өөрийн төрсөн эцгээр овогтой гардаг юм. Тэгээд сүүлд өөрийн ах болох миний ааваар овоглосон байдаг. Цэрэнпагма эгч Азар гэж хүнтэй суугаад найман хүүхэдтэй болсон байдаг юм. Тэр найман хүүхдийн хоёр дахь хүүхэд Асгалт болон Асгалтын зээ охин /охиных нь охин/ Б.Сүндэрьяа нар юм. Угтаа бол Асгалт нь аавын нагац дүү, Сүндэрьяа нь нагац талын зээлдэм гэгч болох юм билээ л дээ, садан төрлийн холбоотой хүмүүс юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 1588 ХҮН ТЭНЦЖЭЭ

Төрийн албаны шалгалтын эхний шат буюу ерөнхий шалгалт өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон. Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараах  төрийн албаны шалгалт тул шалгалтын онцлог болон бусад асуудлаар Төрийн албаны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Э.Одгэрэлээс тодрууллаа.

-2019 оны Төрийн албаны шалгалтын хоёрдох шат нь өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн төрийн албаны шалгалтын онцлог нь юу вэ?

-Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шалгалт болох ерөнхий шалгалтыг өнгөрөгч амралтын өдрүүдээр зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тэрхүү сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ  жил улс орон даяар нэгэн зэрэг Төрийн албаны ерөнхий шалгалт явагдлаа. Улсын хэмжээнд 8894 иргэн төрийн албаны шалгалтад оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс нийслэлд өгөхөөр бүртгүүлсэн 3000 гаруй иргэн энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар хувааж шалгалт авсан. Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газарт гэхэд нэг ээлжиндээ 200 гаруй шалгуулагч, өдөрт найман ээлжээр 1000 гаруй иргэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг цахим системээр өгсөн.

Мөн Төрийн албаны зөвлөлд оршин суугаа газраас өөр газар өгөх хүсэлт ирүүлсэн 60 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн. Төрийн албаны ерөнхий шалгалт нь ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх гэсэн агуулгын хүрээнд явагдаж байна.

-Ерөнхий шалгалтын нэгдсэн дүн гарсан байх. Нийт шалгалт өгсөн хүний хэчнээн нь  тэнцэж дараагийн шатанд орж байгаа вэ?

-Энэ удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 8894 хүн бүртгүүлсний 7616 иргэн шалгалтад орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шатны шалгалтад тэнцсэн. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрх нь бүрдсэн. Харин монгол хэл, бичгийн, кирил бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ. Нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


Ц.НЯМДОРЖ: ОЮУТОЛГОЙГ БИ ХАМГААЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН

Дубайн гэрээтэй холбоотой Захиргааны хэргийн шүүх хурал болсонтой холбогдуулан өчигдөр ҮАБЗ хуралдсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээтэй холбоотой шийдвэр гаргасан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ. Энэ асуудлаас болж Х.Болорчулуун гишүүн та хоёр маргалдсан гэсэн мэдээлэл байна?

-Эхлээд УИХ-ын гишүүдийн эрх үүргийн тухай асуудал. Гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болох ч баримттай, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гишүүд хов ярьж, хардлага тараах ажлыг хийж болохгүй. Харамсалтай нь, гишүүд сүүлийн үед Оюутолгой төсөлтэй холбоотой гүтгэлэг, ташаа мэдээлэл гаргаж байна. 2009 онд УИХ 57-р тогтоол гаргаж, Засгийн газарт зөвшөөрөл өгч Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр ч сайд байсан. Энэ гэрээ бол барууны орон Монголд өмнө нь хийж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том гэрээ. Ганц үйлдвэрийн асуудал биш бүрэн эрхт тусгаар тогтнол, улсын гадаад харилцаа гэсэн олон давхар үр дагавартай гэрээ болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд асар их хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн бөгөөд одоогоор 9 орчим тэрбум ам.доллар, ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монгол Засгийн газраас нэг ч төгрөг авалгүйгээр бүтээн байгуулалт хийгдсэн, одоо далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж байна. Бүхэл бүтэн хот шиг бүтээн байгуулалт 1300 метрийн гүнд хийгдэж байна. Энэ ажилд Рио Тинто компани болон Дубайн төлөвлөгөөгөөр 15 банк оролцож, далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр 15 мянган хүн ажиллаж багаагаас 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй мянган аж ахуй нэгж ямар нэг байдлаар бизнес эрхлэдэг гэхээр том төсөл. 2017 онд намайг Хууль зүйн яаманд очиход Оюутолгой болон Монгол Улсын Засгийн газар хооронд гурван асуудал яригдаж байсан. Нэгд, танай УИХ Оюутолголойн гэрээг  зогсоох талаар шийдвэр гаргах гэж байна энэ танай улсын байр суурь мөн үү. Ажлын хэсэг байгуулж, шалгаж байгаа нь улсын чинь бодлого мөн үү. Хоёрт, Захиргааны хэргийн шүүх дээр танай Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох маргаан явуулж байгаа нь Засгийн газрын байр суурь мөн үү. Гуравт, Татварын шалгалт орж акт тавьсан, үүнийг эвийн журмаар явья гэсэн. Ийм байдалтай хоёр жил гаран явсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх Ч.Сайханбилэгийн захирамжийг гэнэт хүчингүй болгосон. Мөн УИХ-ын  тогтоолын төслийг хүчингүй болгох ёстой гэсэн тогтоолыг бүлэг хэлэлцэж эхэлсэн. Ерөнхийдөө Оюутолгой төслийг зогсоох ийм нөхцөл үүссэн учраас нэмэлт, хүндрэл гарсан. Энэ асуудлыг ҮАБЗ дээр ярьсан. Монголд ирж болох эрсдэл, бид цаашид ямар замаар явах, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал яригдсан. Тэгээд УИХ дээр дахин ярилцаж, шийдвэр гаргахаар ярилцаж байна. Монгол Улс  ашиг хүртэхгүй байна, харин нөгөө талаа хөрөнгө оруулагчид 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хариуд нь та бүхэн юу өгсөн бэ гэсэн хүндрэлтэй байдлаар тулж байгаа. Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа учраас намайг хамгаалж байна гэж хэлээд байгаа юм.

Энэ нэг төсөл бус Монгол Улс дэлхийтэй харьцах харилцаа тасрах учраас би санаа зовж байна. Мөн үүнийг зогсоох юм бол дааж давшгүй маргаанд бид орж, ялагдал хүлээх магадлал маш өндөр. Маргаанд ялагдаж, үйлдвэр зогсч, хөрөнгө оруулалт зогсч, яах нь тодорхойгүй бол яах вэ. Ийм хууль зүйн үр дагавар яригдаж байгаа учраас улсыг ийм байдалд оруулахгүй гэж үзэж байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


А.БАТТУЛГА: ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ГОО САЙХНЫГ ХАРАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ

Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгийг гэрэл зургаас л та хардаг болов уу. Энгийнээс ер бусын байж мэдэх эгэл агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгадаг залууг А.Баттулга гэдэг. Тэрбээр 2017 онд Улаанбаатар их сургуулийг компьютерын график дизайнер мэргэжлээр төгсчээ. Ингээд түүний нүдээр амьдралын өнгө хэрхэн харагддагийг сонирхоцгооё.

Гэрэл зурагтай холбогдсон түүхээс тань яриагаа эхлэх үү?

-Юуны түрүүнд News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Одоогоос зургаан жилийн өмнө анх ахаараа дамжуулж гэрэл зургийн салбартай  холбогдож, зураг авах анхны ойлголттой болж байлаа. Эхний гурван жилийг гэрэл зураг авах техникт  суралцаж өнгөрөөсөн гэж тооцвол сүүлийн гурван жил яг өөрийнхөө сэтгэлд хүрсэн чанартай зургуудыг авч байна даа.  Миний эзэмшсэн мэргэжил гэрэл зурагтай тун ойрхон учраас  авах зургийнхаа зохиомж, өнгөний хослол зэрэг дээр илүү анхаардаг.

 Ихэнх хүн өөрийг тань  хөрөг  зургуудаар тань мэддэг. Гэхдээ баримтат гэрэл зурагт бас их сонирхолтой гэдэг  нь сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо?

Би дахин олдохгүй тэр цаг мөчийг буулгах дуртай. Би зөвхөн загварын болон хөрөг зураг гэсэн чиглэлд баригдаад байлгүй янз бүрийн зураг авахыг хичээдэг, тэр дундаа баримтат гэрэл зурагт илүү сонирхолтой. Янз бүрийн хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцаж, дүрийг нь гэрэл зурагт буулгана гэдэг сайхан. Цаашид би байгалийн гэрэл зураг авахаас гадна кино урлагийн салбарт ч өөрийгөө хүч сорих бодолтой байна. Өнгөрсөн хавар зохиогдсон  “Алтан хальс” кино наадмын  тэмцээнд орж "Хүүрнэлт киноны төрөлд" өөрийн найруулж, тоглосон  “Хөрөг”  нэртэй бүтээлээрээ шагнал авсан. Шагнал аваад их урамшсан шүү /инээв/. Би өөрийгөө олон зүйлд сорьж үзэхээс эмээхгүй байна.

Залуу хүн учраас бүх л зүйлийг  эхнээс нь сурахад оройтохгүй.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


“ААВЫНХАА АМЬДРАЛЫН НАХИА КИНОНЫ БАЯРААГИЙН ДҮРД ХАЙРТАЙ”

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийг ‘Цогт тайж’ киногоор нь монголчууд андахгүй. Түүний хүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар өдгөө тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, алтан үеийн залгамж халаа болсон уран бүтээлч болохоо харуулсаар яваа. Тэгвэл энэ удаа Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Анартай ярилцлаа.

Дэлгэцийн шинэ уран бүтээлийн ажил гээд завгүй явна уу. Хоёулаа уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэе. Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Сүүн замын сахиул” кино таны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа анхны бүтээл үү?

-Тийм. “Сүүн замын сахиул” уран сайхны кино бол миний бие даасан анхны уран бүтээл. Би өмнө нь цөөнгүй киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан. Энэ удаа өөрийн “Титанс” пикчерсийг байгуулж, анхны дэлгэцийн бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр тун завгүй явна даа. Анх 2018 оны аравдугаар сард гурван найзтайгаа ярилцаж, нэгдээд өөрсдийнхөө хүчээр энэ киног хийхээр болсон. Аливаа зүйлийн цаг, тохироо бүрдэнэ гэж байдаг шүү дээ. Би 2014 оноос хойш улс эх орныхоо үнэт өвийн тухай дуугарах гээд “Андгай” зохиолтойгоор энэ киног хийнэ гэж бодож явдаг байлаа.

Тэгээд киноныхоо зохиолыг бичиж эхлээд маш удаан явсан. Олон хүн зөвлөх зохиолчоор ажиллаж, санаа өгсөн. Мөн түүхчид хамтран ажиллаж, зөвлөгөө өгсөн. Бид кино зохиолоо бэлэн болсны дараагаар өнгөрөгч гуравдугаар сард зураг авалтаа эхэлсэн.

Би кино группийн хувьд нэлээд хүчирхэг багийг бүрдүүлсэн гэж бодож байгаа. Монголын кино урлагийн урдаа барьдаг уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллалаа. Нэлээд олон кинонд ерөнхий зураглаачаар ажилласан Б.Баатар найз маань байна. Мөн дууны найруулагчаар С.Нэргүй /Нэско/ нэрээр нь киноныхон андахгүй дээ. Зураачаар “Ану хатан” кино гэх мэт олон кинонд хамтран ажиллаж байсан Л.Батбилэг буюу Жиби, тайзны зураачаар Б.Бат-Оргил ажилласан бол нүүр хувиргалтын багаар “Make up cinema” гээд Ж.Оюунсувдын багийнхан гэх мэт олон уран бүтээлч ажилласан.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


КАДР: ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ШИНЭ ЗҮЙЛ АЛГА

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноо танилцуулья. Энэ удаагийн зочноор өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосон Б.Энхбаатартай ярилцлаа. Түүний урласан бүтээлүүдээс Монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг болдгийг харж болно.

-ТАНЫГ ЗАГВАРЫН ЕРТӨНЦТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОХОД ЭЭЖ ТАНЬ ИХ НӨЛӨӨЛСӨН БАЙХ. ХҮҮХЭД НАСНЫХАА ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ҮЕЭС ХУВААЛЦВАЛ?

-Би хүүхэд байхаасаа л ирээдүйд загвар зохион бүтээгч болно гэж боддог, үүнийг мэддэг байсан. Мэдээж ээж минь их нөлөөлсөн. Ээжтэйгээ эрвээхэй зангиа сонгох гэж байсан үе их дурсамжтай. Надад эрвээхэй зангиа 10, 20 төрлийн өнгө ондоо байдаг байсан л даа. Миний ээж надад пиджакууд оёж өгдөг байлаа. Тухайн үед сургуулийн хүүхдүүд нэгдсэн журмын дүрэмт хувцас өмсдөг. Харин минийх тэр формын загвартай ижил мөртлөө пиджак. Эрвээхэй зангиагаа өнгө, өнгөөр нь сольж зүүдэг, өмсч байгаа гуталтайгаа хослуулан зангиагаа зүүдэг байсан. Тэр үеийн мэдрэмж л хамгийн жаргалтай сайхан үе. Ээжийгээ оёдлын машин дээр хувцас оёхыг нь харах их сонирхолтой санагддаг байсан л даа. Дөрвөн настай байхдаа ээжийгээ оёдлыг машин дээр ажиллаж байхад нь гараа зүүний доогуур шургуулчихсан. Одоо долоовор хуруундаа оёдлын машины оромтой.Энэ нь нэг ёсондоо  тамга болж үлдсэн юм шиг санагддаг.

-ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨӨС ГАДНА ШОУ БИЗНЕСТ Ч БАС АЖИЛЛАХ БОЛСОН. ТУХАЙЛБАЛ,  “ЯГ ТҮҮН ШИГ” ШОУ БОЛОН МУГЖ САРАНТУЯА, МАРАЛЖИНГОО НАРЫН ДИЗАЙНЕРААР АЖИЛЛАСАН ШҮҮ ДЭЭ. ХАМГИЙН СҮҮЛД МУГЖ Т.АРИУНААГИЙН “ТЭНГЭР ШИГ БАЙ” ТОГЛОЛТОД ДИЗАЙНЕРААР НЬ ХАМТРАН АЖИЛЛАЛАА?

Хувцас гэдэг зүйлийг бүтээхийн тулд кино зохиол бичиж байгаатай адилхан зохиол шиг хар зураг гаргана. Тухайн стилийн гол дүр нь яаж харагдах, тодотгож өгөхийн тулд туслах дүрүүд нь ямар силуэт хэлбэрээр орж ирэх вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Тайз дүүрэн хүмүүс, гэрэл, бүжигчид дундаас ганцхан хүн цацарч тод гэрэлтэх ёстой. Тэр нь Т.Ариунаа эгч. Бусдаас онцгой харагдуулахад хувцасны материал их чухал л даа. Дуучин Т.Ариунаа эгч бол өөрөө их хүчтэй хүн. Өөрөө үргэлж шинийг эрэлхийлж, шинийг түгээж байдаг. Тоглолтод бүжигчдийн 120 гаруй хувцасыг урласан. Бүжгийн шоу шиг байж чадсанаас гадна fashion show байж чадсан гэж дүгнэж байгаа. Хоёрхон минутад л бүхий л хувцас, чимэглэл, үс засалт өөрчлөгдөж гарч ирж байгаа. Ийм богино хугацаанд энэ бүхэн дээр ажиллахад амаргүй даваа байсан ч хүмүүсийг уйдаагаагүй. Хувцсан дээр ч Т.Ариунаа эгч маш сэтгэл ханамжтай байсан. Тоглолтын хувцаст гар ажиллагаа их орсон. Төгс сайн бүтээл гаргая гэвэл гар ажиллагаа л илүү их ордог. Миний хувьд Т.Ариунаа эгчийн тоглолтын нэгдүгээр хэсэгт дагнаж бүх  хувцсыг нь дагнан ажилласан. Ингэхдээ тухайн хүний энергийг мэдрэхийн тулд дууг нь дахин дахин сонсч, тэр хүнийг мэдэрч бүтээлээ гаргасан даа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж