Б.Баасандорж: Иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байна

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Б.Баасандорж: Иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байна

Хууль зүй  дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны 70 жилийн ойн хүрээнд "Нэг иргэн-Нэг бүртгэл" хэлэлцүүлэг өнөөдөр /2019.11.22/ боллоо. Хэлэлцүүлгийн гол зорилго нь хууль эрхзүйн орчныг шинэчлэгдсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлсэн ажлууд мөн иргэд бүртгэлийн үйлчилгээг шуурхай, жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд хийгдсэн ажлаа дүгнэлээ.

2018 онд Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан байдаг.  Энэ хуулийг баталснаар иргэдийн төрөөс авах үйлчилгээ хурдан шуурхай болсны дээр төрийн бүртгэл ч сайжирсан байна.  Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлжээ. Цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой болжээ.   Иргэдийн хувьд өмнө нь ганц тодорхойлт авахын тулд заавал аймаг, дүүрэг орох шаардлагатай болдог байсан. Тэр хэрээр иргэдэд санхүүгийн болон цаг хугацааны багагүй чирэгдэл гардаг байсан.  Дунжаар 2-298 км зам туулж, унаа, хоолны зардал гээд 1000-250 мянган төгрөг зарцуулдаг байсан зэрэг асуудлууд ч цэгцэрч эхэлжээ. 2019 онд 120 сум холбохоос өнөөдрийн байдлаар дөрвөн аймаг /Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь /-ийн 32 сум холбогдоогүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга “Бүртгэлийн лавлагаа үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 онд burtgel.mn системийг бий болгосноор өнөөдрийн байдлаар тус системээс иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байна. Анх 10 гаруй үйлчилгээг авдаг байсан. Иргэн хурууны хээгээ уншуулаад мэдээлэл авах боломжтой.

Мөн иргэний цахим үнэмлэх, гадаад паспортыг онлайнаар захиалах боломжийг бүрдүүлснээр нийтдээ 1100 гаруй иргэн уг үйлчилгээг авсан. Түүнчлэн тодорхой төрлийн мэдээллүүдийг нээлттэй болгосон.

Тухайлбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй  192 мянган ААН-ийн бүх мэдээллийг нээлттэй болгосноор иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрх нь хангагдсан.

Монгол Улсын иргэнд өнөөдрийн байдлаар 10 дугаар буюу иргэний үнэмлэхийн дугаар, жолооны үнэмлэхийн дугаар,  татвар төлөгчийн дугаар, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар гэх мэт 10 дугаараа  иргэд тэр бүр мэддэггүй. Үүнийг цэгцэлж  хэрхэн нэг бүртгэл болгох вэ гэдгийг судалж үзсэний үр дүнд улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг хэрэглээнд оруулах явдал юм. Нэг дугаар дээр иргэний мэдээлэл нэгтгэгдсэнээр "Нэг иргэн-Нэг бүртгэл" болно” гэв.

Мөн "Улсын бүртгэлийн ерөнхий газраас нийтдээ 136 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүний 38 төрлийн үйлчилгээ нь ибаримт системд орж байна. Тухайлбал, иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний бүртгэл, гэрлэсний бүртгэл гэх мэт үйлчилгээг энэ системээс авах боломжтой. Манай хамгийн их эрэлттэй үйлчилгээ нь иргэний үнэмлэх болон гадаад паспортны үйлчилгээ байдаг. Өдөрт дундажаар 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг. Ингэхийн тулд 32 500 төгрөг тушаадаг. Энэ мөнгийг тушаахын тулд банк руу явж 2-3 цагийг зарцуулдаг байсан. Харин одоо иргэн төлбөрөө ухаалаг утсаа ашиглан ибаримт системээр хийж, хорооноосоо энэ үйлчилгээг авах боломжтой болж байна. Бас төрийн 88 байгууллагаас УБЕГ анх удаа иргэнд ибаримт олгодог болж байна" гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нэг иргэн, нэг бүртгэл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн.

Хөтөлбөрийн зорилго нь   бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, улсын бүртгэлийн архивыг цахимжуулж, газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний ой санамжийг сайжруулж, хэвийн үйл ажиллагааг хангах, чадавхжуулах, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго орших аж.

Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сан нь Монгол Улсад хамгийн том буюу 60 орчим терабайт хэмжээтэй өгөгдөл хадгалах зориулалт бүхий нийт 67 сервер, 8төхөөрөмжтэй бөгөөд нийт 37 мэдээллийн сан, 400 гаруй офлайн дэд сан, сонгуулийн үйл ажиллагаанд 2082 файл хэлбэрийн сан ашиглагдаж байна.

Нийт 42 төрлийн програм хангамжийг 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 152 хороо, хилийн чанад дахь 31 улсын 52 дипломат төлөөлөгчийн газарт ашиглаж байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 81 төрөл /иргэний 19, эд хөрөнгийн 26, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 24/ -ийн үйлчилгээг үзүүлж байна. 2016 онд иргэний 691,975, эд хөрөнгийн 393,222, хуулийн этгээдийн бүртгэл 62,551 бүртгэл бүртгэж, архивын 209,842 лавлагаа, хуулбар олгож, аж үйлдвэрийн өмчийн 6,728, зохиогчийн эрхийн 855 бүртгэлийг тус тус бүртгэн баталгаажуулж, нийт 1,365,173 үйлчилгээг үзүүлсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж