Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаан 12 цаг 02 минутад 56.0 хувийн ирцтэйгээр эхэлж, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.
Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсан. Энэ дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар саналаа Улсын Их Хурлын дарга танилцуулсан.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлт, Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Баделхан, С.Чинзориг, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авч, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой саналаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 32 нь буюу 76.2 хувь нь Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэн, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв.
Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа юм байна.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм.
Улсын Их Хурлын даргын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар нэр дэвшигчээс асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүний 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга дээрх тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцуулсан юм.
Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас уг төслүүдийг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Энэ дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийжээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналуудыг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эдгээр зохицуулалтыг төсөлд нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгох юм байна.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8 хувь нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9 хувь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ