Монголын ОЮУТОЛГОЙ, Оросын БЫСТРИНСКИЙ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Монголын ОЮУТОЛГОЙ, Оросын БЫСТРИНСКИЙ

Монголын ОЮУТОЛГОЙ, Оросын БЫСТРИНСКИЙ

Энэ яг  Монголын эрх ашиг мөн үү гэхэд эргэлзмээр шийдвэрүүд сүүлийн үед  олонтаа гарах болсон. Даа ялангуяа төмөр зам болон уул уурхайн мега төсөл дээр манай “эх орончдын” үг, үйлдэл олшрох тусам  Монгол хохироод үлддэг тал бий.  Жишээ нь, Гашуунсухайтын төмөр зам.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээ маш муу болсон, цуцлах ёстой” гэжээ. Улсын төсвөөс санхүүждэг ЖДҮ-гийн гурван хувийн хүүтэй мөнгөөр гурил үйлдвэрлэхээс Оюутолгой огт өөр, түүний мэддэг бизнес биш. Оюутолгой бол мега төсөл. Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэй, улс орны аюулгүй байдалд маш хамааралтай төсөл.

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн Үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг  суулгаж өгсөн шинэ Үндсэн хуулийг баталсны дараа Оюутолгойтой холбогдох хоёр ч том шийдвэрийг Монгол Улс гаргав.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан 2015 оны  дөрвөн захирамжийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх бүхэлд нь хүчингүй болгосны араас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг УИХ өчигдөр баталсан юм.

Уг тогтоолд, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээ авах, 2015 онд байгуулсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах, Оюутолгойн төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцаанд бүтээгдэхүүн хуваах нөхцөл тавих, эсхүл АНМАТ авахыг У.Хүрэлсүхийн Засгийн газарт даалгажээ.

Товчхондоо, эдгээр нь манай талаас тавьж буй хүсэлт. Мэдээж, УИХ-ын өгсөн даалгаврын дагуу “Рио Тинто”-той У.Хүрэлсүхийн засаг хэлэлцээрийн ширээний ард сууж таарна. Гэхдээ Монголын хүсэлтийг хөрөнгө оруулагчид хүлээж авах эсэхийг  хэлж мэдэхгүй.  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараа Туркойз Хилл ресурс  ямартай ч  “Дубайн гэрээ болон Оюутолгойн бусад суурь гэрээнүүд хууль бус болсон нь үндэслэлгүй” гэсэн мэдэлдэл гаргасан билээ.

Хэрэвзээ, хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авахгүй бол цаашид юу болох вэ. Гэрээг цуцлах уу. Хөрөнгө оруулагчаа хөөж гаргах  уу.

"Рио Тинто" аварга том компани, арга ядлаа гэхэд арбитрын шүүхэд хандаад асуудлаа шийдчихнэ. Ард нь дэлхийн 15 арилжааны акулууд ёстой л анхааралтай ажиглаж байгаа.

Тиймээс Монголын Засгийн газар маш ухаантай тоглох ёстой болж байна. Монгол гэх нэг л эрх ашиг бидэнд бий. Мега төсөл бол маш эмзэг. Нурах нь амархан. Хэрэв бид өөр, өөр эрх ашгийн өмнөөс олон амаар олон зүйл ярих юм бол Монгол ялагдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайдууд, УИХ -ын гишүүд хувийн тоглолт хийх цаг биш болсон.  Ц.Даваасүрэн, Х.Баделхан мэтийн сайдуудыг аль болох энэ хэлэлцээрээс хол байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид дааж давшгүй  их өрөнд унаж мэднэ. 17 мянган монгол ажилгүй болно. Энэ бүх эрсдэлийг бодолцох ёстой.   “Араа даагаарай” гэж чухамдаа энэнийг хэлдэг юм шүү дээ.

Монгол Улс анх удаа бие дааж байгуулсан, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан ганц том төсөл бол Оюутолгой. Далд уурхайн бүтээн байгуулалт нь дөнгөж эхэлж байгаа, 100 жилийн настай төсөл.  Жилдээ 320 гаруй сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөр хэлбэрээр төлдөг.

Түүгээр нь  цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг, ийм мега төслөө тойрон ид улстөржиж суух хойгуур оросууд  Быстринскийн зэсийн үйлдвэрийнхээ IPO-г  олон улсад гаргах бэлтгэлээ эхлүүлжээ. Жилдээ 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр 252 мянган унц алт үйлдвэрлэх тооцоотой. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгост нийлүүлэх зорилготой. Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр нь  ЗХУ задарснаас хойшхи Орост баригдсан зэсийн хоёр дахь үйлдвэр, бүтээн байгуулалт 2013 оноос эхэлж, хоёр жилийн өмнө эхний ээлж нь ашиглалтад орсон байна.

Тэгвэл Моннолд Оюутолгойн гэрээ 2009 онд зурагдсанаас хойш 10 жил өнгөрчээ.  2010-2018 оны хооронд энэ төслөөс  татвар, хураамж болон бусад төлбөрт нийт 2.3 тэрбум ам.доллар орж иржээ. Энэ онд гэхэд 125-155 мянган тонн зэсийн баяжмал, 230 мянган унци алт олборлохоор төлөвлөсөн, үүнээс эхний улирлын байдлаар 113 мянган тонн зэсийн баяжмал, 217 мянган унци алт олборлосон талаар компанийнх нь албан ёсны сайтад мэдээлэгдэж.  Тэгэхээр Оросын Быстринскийн зэсийн үйлдвэр манай Оюутолгойн бас нэг өрсөлдөгч гэсэн үг. Эсрэгээрээ "Рио Тинто" бол манай өрсөлдөгч биш бизнесийн хамтрагч юм.

Забайкалын хязгаараас олборлосон ашигт малтмалаа Азийн зах зээл рүү   гаргахдаа Монголын нутгаар тээвэрлэх нь эдийн засгийн хувьд  оросуудад хамаагүй ашигтай.  Энэ бол В.Путины гол сонирхол.  Барууны орнуудын хоригт орсон Орос Азийн зах зээлийг онилох болсон билээ.

Монгол Улс мөн адил эрдэс баялгаа Япон, Өмнөд Солонгосын зах зээлд зарах хүсэлтэй. Гэхдээ Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Восточный боомтоор гуравдагч зах зээлд гаргах нь манай Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрөөдөл. Тиймээс Алс Дорнодын бүс нутгаар 4000 км зам туулж, ашигт малтмалаа гуравдагч зах зээлд  гаргахад тарифын хөнгөлөлт үзүүлэхээ Путин аль эрт амалсан.  Хариуд нь Монгол  “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийн дагуу  оросуудад  харилцан тарифын хөнгөлөлт үзүүлэх ёстой.  Энэ бол орос ахын агуу заль байлаа.

Монголын зүүн талаар тавигдах Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж, үе, үе манай Ерөнхийлөгч өөрийн биеэр ажлын гүйцэтгэлтэй танилцдаг болсон.   Төслийн нийт өртөг 1.5 их наяд төгрөг.  Иргэдэд тараах ёстой “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны ногдол ашиг 700 тэрбумыг энэ төсөлд зарцуулахаар  Засгийн газраас өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм.

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын  барилгын ажилд "Оросын төмөр замын нэгдэл" оролцохоор ч болж буй.  "РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзаад гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, барилгын ажилд оролцох болон дэд бүтцийн менежментийн удирдлагыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлмээр байгаагаа илэрхийлсэн байдаг. Мэдээж, энэ бол бас В.Путины хүсэл.

Засгийн газрын албаны мэдээнд Зүүнбаянгийн төмөр замыг ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох стратегийн чухал ач холбогдолтойг онцолсноос харвал   Зүүнбаянгийн төмөр замаар Оросын ашигт малтмал Азийн зах зээл рүү урсах нь.

Гэтэл монголчууд наашлаад Хятад руу, цаашлаад гуравдагч орнууд руу нүүрсээ зөөх  267 километр төмөр замаа тавьчихаж чадахгүй,  овоолсон шороотойгоо лав таван жил сууж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд зардал нь тонн тутамд 30-32 ам.доллар болдог гэвэл таван жилийн хугацаанд нүүрсний тээврээс хэчнээн ам.доллар алдсаныг  тооцвол том тоо гарна.  Уг нь, экспортын төмөр замтай болчихвол  тээврийн зардал хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм. Гэвч, Монголын эрх мэдэлтнүүдэд Монголын биш Москвагийн эрх ашиг л чухал шүү дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж