БНСУ-д алдаршиж буй монгол охин Э.Пүрэвдаваа

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

БНСУ-д алдаршиж буй монгол охин Э.Пүрэвдаваа

БНСУ-д алдаршиж буй монгол охин Э.Пүрэвдаваа

Энэ удаа БНСУ-д алдаршиж буй бикини  мисс Мишээлтэй ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Өмнөд Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу БНСУ-ын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсан байна. Түүний  жинхэнэ нэр нь Э.Пүрэвдаваа ч гэлээ солонгосчуудын дунд Michelle буюу Мишээл нэрээрээ алдаршжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


 -Өдрийн мэнд манай уншигчдад өөрийгөө  дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Юуны өмнө news.mn сайтын уншигчдад энэ өдрийн  мэндийг хүргэе. Намайг Э.Пүрэвдаваа гэдэг. Би БНСУ-ын “Халлим” олон улсын харилцааны сургуулийг Дипломат харилцаагаар мастераа хамгаалсан. Одоогоор БНСУ-д MichelleMk.llc гадаад худалдааны компани үүсгэн байгуулан ажиллаж байна. Мөн давхар  Musle Mania bolon MAXQ, Spomax гэх хэдэн, хэдэн газруудтай гэрээт тамирчин, моделиор ажиллаж байна даа.

Дипломат харилцаагаар мастераа хамгаалсан бүсгүй  хэзээнээс бикини миссээр ажиллаж эхлэв?  Ер нь өмнө нь загвар өмсдөг байв уу?

Бикини мисс гэхээр ихэнх хүмүүс намайг загварын салбарынх гэж ойлгодог. Би  огт загварын салбарын хүн биш. Би фитнесийн тамирчин хүн. Фитнесийн тамирчид олон төрөлд хуваагддаг. Миний төрөл бол бикини мисс буюу монголоор фитнесс мисс юм. Энэ ангилал монголд хараахан  танигдаагүй учраас би магадгүй анхдагч нь байх. Бикини мисс ангиллын онцлог нь  гоо сайхан бие бялдрын өв тэгш байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар тайз дэлгэцийн дүр төрхийг илүүд хардаг.  Яагаад тайз дэлгэцийн дүр төрхийг илүү хардаг вэ гэхээр олон улсад энэ ангиллаас интертиметууд болон байгууллагууд компанийнхаа нүүр царайг сонгодог онцлогтой. Мастераа төгсөөд нэг хэсэг өөртөө зөв хэвшил суулгаж эрч хүч идэвхтэй амьдралын хэмнэлтэй болох зорилгоор фитнесээр хичээллэж эхэлсэн маань энэ спортод дурлаж тамирчин болох шалтгаан болсон гэж хэлж болно. Фитнесээр хичээллээд яг  гурван жил болж байна.

Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй их амжилт гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард  Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлсэн.Мөн Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсан гэдэг. Оролцсон тэмцээн бүртээ өөрийгөө хэрхэн бэлтгэдэг  вэ?

Тийм ээ.  Би их азтай. Хичээл зүтгэл маань үнэлэгдсэний нэг тод  жишээ нь оролцсон  тэмцээн бүртээ амжилт гаргаж эх орныхоо нэрийг хэд, хэд дуудуулаад амжсан шүү. Эх орныхоо тайзан дээр бас гурван ч удаа шагнагдаж байлаа. Тэмцээндээ  бол бусад тамирчидтай л адилхан бэлддэг. Дор хаяж зургаан сарын турш фитнессээр тасралтгүй  хичээллэн өдөрт хоёр  удаа бэлтгэл хийж, хоолны дэглэм барьдаг. Надад шантармаар үе гараагүй гэж  худлаа хэлэхгүй ээ. Мэдээж зөндөө гардаг. Би гэхдээ нэг зүйл эхлүүлсэн бол заавал эцсийг нь үзэж байж санаа амардаг  зантай учраас энэ зан маань фитнесс тамирчин болоход нөлөөлсөн гэж болно.

ЭХ ОРОНДОО ИРЖ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ МАШ ИХ ХҮСДЭГ

-Өөрийг тань БНСУ-ын олон хэвлэл Монголын үзэсгэлэнт бүсгүй хэмээн бичих болсон. Энэ хэрээр олон ч сэтгүүлд зургаа авхуулсан. Таныг Солонгосын хэвлэл онцлох болсон шалтгаан нь  солонгос бүсгүйчүүдээс ялгарах онцлог нь биеийн  галбир байв уу?

Ер нь бол гадаад төрхөөс илүүтэйгээр миний боловсрол, үзэл бодол, солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг маань тэдний сонирхлыг татсан байх.

-БНСУ-д 13 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа гэж сонссон. Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-Би монголд жилдээ хэд, хэд очдог. Тэр дундаа зуны улиралд  монголдоо заавал байхыг хичээдэг. Монгол Улс маань ямар сайхан үзэсгэлэнтэй орон билээ дээ.  Өнгөрсөн зун монголдоо очиж фитнесс  тамирчин  хүн бүрийн хүслийн тайз болсон Mr.OLYMPIA тэмцээнд амжилттай оролцоод ирсэн шүү.

Одоо ярилцлагын сэдвээ өөрчилж таны хүүхэд насаар аялъя. Монголд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа талаар дурдвал?

Би ер нь ойрд хүүхэд насныхаа талаар дурсаагүй юм байна шүү. /инээв/ Ямартай ч гэр бүлийнхээ маш их хайр халамж дунд өссөн. Багадаа хөдөө явах их дуртай охин байлаа. Зуны амралт эхлэхээр эмээ, өвөө дээрээ очиж морь унана гэхээс нойр хүрдэггүй байснаа тод санаж  байна.  Намайг багадаа морь унадаг байсан гэхээр хүмүүс  огт итгэдэггүй. Харин арван жилдээ бол их нийтэч,  нийтийн ажилд идэвхтэй,  урлаг спортод хайртай охин байсан. Өнгөрсөн  зун монголд арван жилийнхээ хөдөлмөрийн багштайгаа тааралдсан чинь  манай “дайчин” охин гээд л өхөөрдөөд бөөн баяр болж билээ. Арван жилд “дайчин”  гэсэн хочтой байснаа бүр таг мартсан байна лээ. 

-Охид бүр багадаа мисс болно хэмээн мөрөөддөг. Та тэдгээр охидын нэг  байсан болов уу?

Магадгүй л юм. Гэхдээ өвөө маань Эрдэнэтийн байгаль орчны газрын дарга, багш хүн байсан. Өвөө маань надад  боловсрол ямар чухал болох,  ирээдүйд  эх орондоо хэрэгтэй зөв хүн байх ёстой гэдэг үзэл сургаалыг үргэлж хайрладаг байсан. Өвөөгийн хэлсэн үгс надад миссээс илүү дэвтэр, ном, жуух бичигтэй илүү ойрхон өсөхөд нөлөөлсөн. Мөн одоогийн мэргэжлээ сонгох суурийг ч тавьсан гэж боддог.

-Одоо яг ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

 –Одоогийн байдлаар хэд, хэдэн төсөл дээр ажиллаж байгаа. Удахгүй цаг нь болохоор  илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө. Одоохондоо түр нууцалъя. Харин ирэх жилээс Монгол Улс  руу чиглэсэн ажил хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийн талаар хуваалцаж болох уу?

-Энэхүү  ярилцлага маань монголын хэвлэлд гарсан анхны ярилцлага болж байна. Миний хувьд цаашдаа  илүү их хичээн төлөвлөсөн ажлуудаа амжилттайгаар дуусгахыг хүсч байна. Тэр дундаа эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллахыг маш ихээр хүсдэг.  Үүнээс  өмнө мэдээж надад амжуулах, хийх олон зүйлүүд байна. MichelleMk.llc гадаад худалдааны компани маань хэд, хэдэн гадны компаниудтай  гэрээтэй ажиллаж байгаа учраас гэрээгээ дуусгаад эх орноо зорих бодолтой байна.

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж