Өвдөөд ч болов турахыг хүссэн ч…

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Өвдөөд ч болов турахыг хүссэн ч…

Өвдөөд ч болов турахыг хүссэн ч…

Удахгүй шинэ жил боллоо. Үүнийг сануулах мэт олон нийтийн хэрэгслээр тураах эм, бэлдмэлийн сурталчилгаа ихсэх болжээ. Үүнийг дагаад мэдээж борлуулалт өсдөг. Гэвч ганцхан өдөр гоё, сайхан харагдах хүслийн ард насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч үлдэх эрсдэл бий.

Тураах эм, бэлдмэлийг хүн ганц, хоёр хэрэглэдэггүй. Удаан хугацаанд хэрэглэж байж, үр дүнг нь хүртдэг гэсэн ойлголт байдаг. Үүний тулд өөрийнхөө эрүүл мэнд, эдийн засгаараа дэнчин тавьж эхэлдэг байна.

Турж л байвал бусад нь хамаагүй гэх муйхар бодлын цаана эрүүл мэнд хохирч байдаг. Учир нь, эдгээр бүтээгдэхүүн нь хүний бөөрний үйл ажиллагаанд маш хүчтэй нөлөөлдөг байна.

Улмаар бөөрний дутагдалд орох гол шалтгаан болдог аж. Энэ талаар эмч мэргэжилтнүүд ярихдаа “Баталгаагүй, сүлжээний тураах эм, бэлдмэл уугаад амь нас нь дээсэн болоод ирж байсан тохиолдол нэлээн бий. Эдгээр эмийг ууснаар хүн эрдэс бодисоо алдаж, дархлаа муудаж эхэлдэг. Ингэснээр гаднаас ирэх нян, бактерийг эсэргүүцэж чадахаа байж, амархан өвчилдөг” гэжээ.

Ийм нэгэн жишээг иш татья. Дөнгөж 30 гарсан залуухан бүсгүй. Гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байж. Хүүхэд төрүүлэх бүртээ жин нэмсээр гурван оронтой тоонд хүрчээ. Саяхан л 70 кг заадаг байсан жин 100 гараад явчихаар мэдээж гутарсан байж таарна. Дээр нь нөхөр нь хүндлэхээ больж, голно, шүүмжилнэ. Эргэн тойрны хүмүүс таарах бүртээ таргалсныг нь гайхаж, ам уралдан асууна. Энэ бүхэн түүнд хүнд тусах нь мэдээж. Таарах хувцасгүй, өөртөө итгэлгүй, урам зориггүй нэгэн болж хувирснаа ойлгож эхлэв. Энэ үед тэр найзынхаа зөвлөснөөр тураах бэлдмэл ууж эхэлсэн байдаг. Өвдөөд ч болов турахаар шийдсэн тухайгаа тэр нэг бус удаа ярьж байжээ.

Гурван сар тууштай уусны эцэст тэр 21 кг хасч чадлаа. Хүмүүс гоё, сайхныг нь магтах бүр улам турах хүсэл төрнө. Ахиад ганц сар уучихвал хүссэн жиндээ хүрэхээр байлаа. Харамсалтай нь өвчин ийм хурдан ирэх юм чинээ тэр бодоогүй.

Өглөө ажилдаа гарсан бүсгүй орой эмнэлгийн оронд дээр ухаантай, ухаангүйн завсар амь тэмцэж байв. Эцсийн амьсгалаа хураах мөчид энгэрийнх нь сүү чинэж байсан лавтай. Гурван хүүхдийн хамгийн бага нь дөнгөж ой хүрч байсан юм шүү дээ.

Бүсгүйн онош цусны хорт хавдар бөөрний архаг дутагдалтай хавсарсан гэж гарчээ. Ердөө жилийн өмнө эмнэлгийн хяналтанд хүүхдээ төрүүлсэн эрүүл, саруул эмэгтэй …

Энэ бол гоё, сайхан болох гэж буруу арга хэрэглэдэг бүсгүйчүүдийн өр өвдөм нэгэн жишээ. Харамсалтай нь ийм аргыг сонгох эмэгтэй өнөөдөр олон байна. Тураах эм бэлдмэлүүд хамгийн түрүүн бөөрийг гэмтээж, улмаар бөөрний архаг дутагдалд оруулдаг. Олон улсын дунджаас авч үзэхэд нэг сая хүн тутамд 80-120 бөөрний архаг дутагдал шинээр илэрч байна гэсэн судалгаа бий.

Харин манай орны хувьд жилдээ 400 орчим хүн цус шүүх, бөөрний диализийн аппаратанд орж, мөн тооны хүн шинээр өвдсөн тохиолдол бүртгэгддэг байна.

Элдэв тураах бэлдмэлийн хор бөөрөөр дамжиж гардаг учраас бөөрний сувганцрын үйл ажиллагаа ийнхүү огцом гэмтдэг аж. Судалгаагаар манай улсын таван эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэж байжээ. Эрүүлжүүлнэ, элэг цөс цэвэрлэнэ, хоолны дуршил буулгаж, хурдан тураана гээд л уран цэцэн үгтэй сурталчилгаа энд тэндгүй урсана. Үнэтэй, үнэгүй, уудаг, наадаг олон янз. Гол нь бүгд сүлжээ. Ашиг олох гэсэн баталгаагүй бараа байх нь элбэг. Хэдий жин хаяхад тусалж болох ч нөгөө талдаа эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Илүүдэл жингээ хаях мэдээж сайн. Гэхдээ эрүүлээр, бага багаар, зөв аргаар хаяхыг эрүүл, зөв хоололтын мэргэжилтнүүд онцгой анхааруулдаг.

Шинэ жил болох сургаар гэнэтхэн ухаан орж, турах гэж элдэв арга хэрэглэх нь хүний биед улам дарамт болдог байна. Түүний оронд өөртөө өдөрт ядаж 20 минут зарцуулаад мөргөлийн дасгал буюу 108 суниахыг санал болгож байна. Эрүүл хоололт, эрчимтэй хөдөлгөөн таныг эрүүл бас гоолиг болгоно. Үүнийг өдөр бүр санаж, өөртөө бага багаар хэвшүүлээрэй. Энэ бол таны өөртөө оруулж буй хамгийн том “хөрөнгө оруулалт”. Үүнд ямар ч мөнгө, ямар ч эрсдэл үгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж