"УИХ-ын гишүүдээс зарлагын мэдүүлэг авснаар авлигыг хянах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

"УИХ-ын гишүүдээс зарлагын мэдүүлэг авснаар авлигыг хянах боломжтой"

"УИХ-ын гишүүдээс зарлагын мэдүүлэг авснаар авлигыг хянах боломжтой"

Авлигатай тэмцэх газар “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, ХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.11.22/ “Блю скай” төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Энэ үеэр төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд авлигын хэргийг бууруулахад иргэн бүр татварын тайлан тушаах, дансаар гүйлгээ хийдэг болох, зөвхөн Монгол банк валют сольдог болох, зарлагын мэдүүлэг өгдөг болох шаардлагатайг онцоллоо. Үр дүнд нь, албан тушаалтнуудын авлигыг иргэд хянах боломж бүрдэх аж.

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг. Тус газраас өнгөрсөн жил 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс найман  албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна.

ИРГЭД ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГАД ОРЛОГО ЗАРЛАГЫН ТАЙЛАНГАА МЭДҮҮЛДЭГ БОЛСНООР АВЛИГА БУУРНА

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.БЯМБАЦЭРЭН: 

-Авлига хээл хахуулийн хэрэгтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгаж тогтоодог хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Иргэний хяналтыг сайжруулна гэдэг бол хууль эрхзүйн орчноо сайжруулна гэсэн үг. Монгол Улсын иргэн бүр жил бүр татварын тайлан тушаадаг байх ёстой. Орлого болон зарлагаа тайлагнадаг болсноор  тухайн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаа хууль хүчний байгууллагуудаас албан ёсны мэдээллийг нь авч шалгах боломжтой. Одоогоор ийм орчин бүрдээгүй учраас ХОМ-ээр хязгаарлагдчихаад байна. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгээ ч бас сайжруулах нэн шаардлагатай. Жишээ нь, орон сууц гэсэн ангилалд тухайн сууцыг зурагжуулах, хүнд ойлгомжтой хэлбэрээр сайжруулах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна зарлагын мэдүүлгээ тайлагнадаг байх шаардлага байна.

        ХОМ-д  “ХУВИЙН НУУЦ”, “УЛСЫН НУУЦ” ГЭХ ШАЛТГААН БАЙХ ЁСГҮЙ 

Транперенси Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал О.БАТБАЯР: 

-Манай улс Авлигын эсрэг конвенцэд  нэгдсэн учраас хөрөнгө орлогын мэдүүлгийг  дэлгэрэнгүй, олон нийтэд ойлгомжтой дэлгэх үүрэг хүлээсэн. Гол зарчим нь, ХОМ-ийг хэт хавтгайруулах шаардлагагүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, авлига авах эрсдэлтэй өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлэх шаардлагатай төдийгүй  зарлагыг нь цуг мэдүүлэх шаардлагатай. Одоогоор Монголд зөвхөн орлого л мэдүүлж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг боловсруулахдаа хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож ашиг хүртэгч эзэдтэй холбоотой мэдээллийг ил болгох ёстой. Монгол Улсад бүртгэлтэй лиценз эзэмшиж буй компанийг эзэмшиж буй захирал, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл л байдаг. Гэтэл хувь хүний мэдээллийг ил болгодог олон улсын зарчим бий.Ингэснээр хөрөнгө орлогын мэдүүлэг тусгагдахгүй байгаа компаниуд лиценз, үл хөдлөх хөрөнгүүд ил болно гэсэн зарчмыг баримталж байна. Европын холбоо, хамтын ажиллагааны байгууллагууд ХОМ нь ил тод дэлгэрэнгүй, хяналт тавьдаг, мэдээллийг нь баталгаажуулдаг аудитын байгууллага байх шаардлагатай гэж үзэж байна. Зөрчил гарахад арга хэмжээ авдаг байх ёстой. Гэтэл манай улсад орлогын мэдүүлэгт маш бүрхэг мэдээлэл авч байна. Анализ хийх боломжгүй. Тухайн албан тушаалтны мэдээлэл нь “хувийн нууц”, “улсын нууц” гэх зэргээр маш олон хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нууж байна. Угтаа бол ийм зарчим байхгүй.

ГИШҮҮДИЙН АЛБАН ТУШААЛААСАА ТҮДГЭЛЗДЭГГҮЙ БАЙДЛЫГ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНООР ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

АТГ-ын ХШДХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга ахлах комиссар Ц.ЦЭЦЭГДЭЛГЭР:  

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр ХОМ-ийн хураангуй байдлыг бид олон нийтэд нээлттэй ил тод байршуулж байгаа. Иргэдийн дэмжлэгтэйгээр хяналт шалгалтыг хийж байгаа. Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, авлигыг бууруулах санал дэвшүүлж, нэгтгэж байна. Албан тушаалтны ХОМ-ийг хянаж шалгах явцад эрхзүйн орчин маань хангалттай байна уу үгүй юу гэдгийг хэлэлцэж байгаа. Ерөнхийдөө албан тушаалтнуудын ХОМ-ыг  татварын болон арилжааны банкнаас авах боломжгүй. Зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй авч байгаа нь шалгалтын ажлыг цогцоор нь явуулахад хүндрэл учруулж, цаг хугацаа алдаж байна. Зөвхөн бичгийн хяналт шалгалт хийхэд бүрэн дүүрэн болдоггүй. Мөн УИХ-ын гишүүдийн авлигын асуудалд хяналт тавьж зөрчил илрүүлэхэд тухайн албан тушаалаас нь түдгэлзүүлж чаддаггүй гэх зэрэг асуудал байна. АТГ-аас УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг хянаж шалгах боломж байхгүй. Сүүлийн үед УИХ-ын гишүүдтэй холбоотой гомдол мэдээлэл иргэний нийгмийн байгууллагуудаас ирж байгаа болохоор эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж